2009 онд шинээр оношлогдсон HIV-ын тохиолдол ОХУ-д найман хувиар, Гүржид 10 хувь, Беларуст 22 хувь нэмэгдсэн байна. ОХУ-ын зарим хотууд, бүс нутгуудад ДОХ 2006 оноос хойш 700 хувиар өссөн байна. ДОХ-ыг нийгмээрээ үздэггүй, цэрвэдэг хандлага нь энэ өвчнийг далд байдалд оруулахад нөлөөлдөг гэж тус мужийг хариуцсан ЮНИСЕФ-ын HIV/AIDS-ийн мэргэжилтэн Нина Ференик ярьж байна. “Залуу хүмүүс болон бага насны хүүхдүүдийн дунд ийм эрсдэл байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олон сая хүүхэд залуучууд эрсдэлтэй байдалд орж HIV/AIDS тусах эрсдэлтэй байна гэдгийг бид анхааруулж байна” гэж тэр ярьсан.
Сүүлийн үеийн судалгаануудаас үзвэл Оросын Санкт Петербург хотын орон гэргүй гудамжинд амьдардаг хүүхдүүдийн бараг 40 хүртэл хувиас ДОХ-ын халдвар илэрсэн байна. 1990-ээд онд коммунист систем даяараа өөрчлөлтөнд орох үед хүүхдийн байгууллагууд, өнчин хүүхэд асрах газрууд анхаарлын гадна орхигдсон. Одоо баттай тоо байхгүй хэдий ч Орост хэдэн сая хүүхдүүд өөрсдөө өөрсдийгөө өсгөж байна гэж мэргэжилтнүүд тооцож байна.
Түүнчлэн Зүүн Европ, төв Азид 3.7 сая хүн шприцээр хар тамхи хэрэглэдэг (дэлхийн шприцээр хар тамхи хэрэглэгчдийн дөрөвний нэг) бөгөөд тэдний дөрөвний нэг нь HIV туссан гэж үзэж байна. Түүнчлэн эмзэг бүлгийн насанд хүрэгчид биеэ үнэлэх, хүний наймааны хууль бус үйлдлүүдэд оролцдог бөгөөд энэ нь бусдыг болон өөрсдийгөө ДОХ тусах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Санкт Петербургт гудамжны гэгдэх 15-19 насны 319 хүүхэд залуучуудаас судалгаа авахад тэдний талаас илүү хувь нь шприцээр хар тамхи хэрэглэдэг ба 96 хувь нь сексийн хувьд идэвхтэй бөгөөд жилд зургаагаас дээш бэлгийн хавьтагчтай байсан байна. Даваа гаригт Виенна хотод болсон бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон улс орнуудыг ДОХ-ын хөтөлбөрүүдээ зогсоохгүй байхыг уриалж эс бөгөөс илүү “аймшигтай” үр дагавар гарч болзошгүй гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Т.Бадрах