Гүүрэн гарцыг ашиглалтад оруулахад зургаан сар үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Гүүрэн гарцыг ашиглалтад оруулахад зургаан сар үлдлээ

Гүүрэн гарцыг ашиглалтад оруулахад зургаан сар үлдлээ

Хөгжлийн хурдыг замаар хэмждэг гэх үг бий бол Улаанбаатар хотын хувьд зам, гүүр шинээр нэмж барих нь автомашины түгжрэлийг сааруулах гарц гэж харж байгаа.

Хоёр жилийн өмнө, 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусч, ашиглалтад орох юм.

Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Одоогоор Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дуусчээ. Бусад ажлууд хуваарь, зураг төслийн дагуу явж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны арваннэгдүгээр сарын 1-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх гэнэ.

Биднийг сурвалжлага бэлтгэхээр тус гүүрэн гарц баригдаж байгаа талбайд очиход хүнд механизм техникүүд нүргэлэн, барилгачид борви бохисхийх завгүй ажиллаж харагдлаа.

Монголдоо анх удаа баригдаж буй энэхүү хоёр түвшний гүүрний Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын төмөр замын хорьдугаар товчоо” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол  Улсын 20 гаруй компани оролцон, ажиллаж байгаа аж. Уг төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар. Энэхүү ажилд нийтдээ 450-500 хүн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 70 хувь Монгол Улсын иргэд бол үлдсэн 30 хувь нь БНХАУ-ын иргэд юм. 

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ ҮҮДНЭЭС ГҮҮРНИЙ ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛУУДАА МОНГОЛ КОМПАНИУДААС АВЧ АШИГЛАЖ БАЙНА

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодруулсан юм. Тэрбээр “Замын цагдаагийн газрын баруун өмнө гүүрэн замыг барьснаар төмөр зам, автомашинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой. Гүүрэн гарц барих ажил зураг төсөл, графикийн дагуу, мөн хугацааныхаа дагуу явж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс гүүрний түүхий эд, материалуудаа Монгол компаниудаас авч ашиглаж байна. Гүүрний ажлуудыг гүйцэтгэж байгаа “Хятадын төмөр замын хорьдугаар  товчоо” компани нь далай дээрх, доорх болон олон улсад хурдны зам тавьж байсан туршлагатай компани юм” гэв.

Нарны зам дагуух буцаж эргэх эргэлтүүдийг хаах саналыг ирүүлж байна

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл "Замын цагдаагийн баруун өмнө баригдаж байгаа гүүрэн гарц төлөвлөгөөний дагуу  арваннэгдүгээр сарын 1-ны өдөр бүрэн ашиглалтад орно. Гэхдээ төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө ашиглалтад орох бүрэн боломжтой. Барилгыг барьж байгаа компаниуд иргэдэд түгжрэл саатал ачаалал үүсгэхгүйн тулд аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө гүүрэн гарцын тулгуур баганууд хийгдээд дууссан.

Өнөөдрийн байдлаар Нарны зам дээгүүрх хөндлөн гарах хэсэг буюу дамнуурны ажлын гүйцэтгэл 15 хувьтай явагдаж байна.

 

Барилгын ажилтай холбоотойгоор тавдугаар сарын 3-18-ны өдөр хүртэл Замын цагдаагийн баруун урд уулзвараас баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж нарийсган уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарласан.  Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн.  

Иргэдийн зүгээс Нарны зам дагуух буцаж эргэх эргэлтүүдийг хаах саналыг их ирүүлж байна. Гэхдээ тус зам дагуух бүх эргэлтийг хаачих юм бол уулзвар бүхэлдээ түгжирнэ. Буцаж эргэх эргэлтийг багасгаж том радиуст оруулснаар хөдөлгөөний ачаалал сийрэгжих бүрэн боломжтой юм. Эргэлтийн радиусийг уртасгах тусам хөдөлгөөний ачаалал сийрэгждэг” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж