Уяач Д.Ариуннарагийн хязаалан морь соёолонд айрагдаад хасагджээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Уяач Д.Ариуннарагийн хязаалан морь соёолонд айрагдаад хасагджээ

Уяач Д.Ариуннарагийн хязаалан морь соёолонд айрагдаад хасагджээ

Морин спорт уяачдын холбооноос өнгөрөгч Ням гаригт /2019.05.12/ Хүй долоо худагт Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулав. 2019 онд Засгийн газрын тогтоолын дагуу есөн том уралдаан болох бөгөөд Монголын морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн уралдаан их нас, соёолон болон эрлийз дунд ангиллын хүлгүүд шандас хурдаа сорьсон юм.

Уралдааныг Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанчин штаб, Цагдаагийн ерөнхий газартай хамтран өндөр харуул хамгаалалт дор зохион байгуулжээ. Уралдааны үеэр 700 гаруй цагдаа хэв журмыг сахиж, уяачид, хүүхэд, наадамчин олныг ая тухтай наадахад ажилласан байна.

Зохион байгуулагчид морины бүртгэлийг өмнөх өдөр хийж, сэрвээний өндрийн хэмжилтийг дэвшилтэт технолги ашиглан олон нийтэд ил тод байх зарчмаар хэмжжээ. АВВ DEVICE дэвшилтэт төхөөрөмжийг цахилгааны инженер С.Алтансүх, барилгын инженер Г.Батгэрэл, Ц.Болдбаяр, программ хангамжийн инженер Ж.Үйтүмэн нарын залуус бүтээж, энэ удаагийн уралдаанаар туршсан байна. Уг төхөөрөмж нь олон давуу талтай бөгөөд төхөөрөмж, морь хоёр нэг цул тэгш хавтгай талбай дээр байх учир морины цэвэр өндөр хэмжигдэх аж. Мөн өндрийг нарийвчлалтай харж болохоос гадна лазер метрээр хэмжилтийг нарийн гаргах боломжтой болжээ. Үүнээс гадна уралдахаар бүртгүүлсэн морьдын эзэд болон уралдаанч хүүхэдтэй холбоотой мэдээллийг нэгтгэн дэлгэцээр олон нийтэд мэдээллэх боломжтой болсон байна. АВВ DEVICE төхөөрөмжийг ашигласанаар уяачид болон наадамчин олон морьдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч хэмжилт шударга бус болж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болжээ. Энэ мэтчилэн уралдааны үеэр технологийн давуу талуудыг ашиглан морины өндрийг хэмжиж, бүртгэлд хамруулсан байна.

Их насны морьдын уралдаан 18 км зайд болсон бөгөөд 117 хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр 15, өөрсдийн саналаар таван морь замаасаа буцжээ. Ингээд гарааны зурхай руу 97 морь хөдөлснөөс Баянзүрх дүүргийн харьяат, Нийслэлийн алдарт уяач Р.Төгсийн бор морь түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Т.Галбадрахын бор аман хүзүүнд, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш.Мөнгөншагайн залуу зээрд айргийн гуравт хурдалжээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгтийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Улсын алдарт уяач З.Батбаярын хээр айргийн дөрөв, тавд хурдалж, унасан хүүхэд, уяасан эзнээ баярлууллаа.

Монголчуудын хамгийн ихээр хүндлэн бэлгэшээдэг соёолонгийн уралдаанд 117 хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр долоо, шүдээр хоёр, өөрсдийн саналаар есөн морь хасагдсан. 99 хурдан соёолон гарааны зурхай руу хөдөлснөөс Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр түрүүлсэн бол мөн уяачын халтан айргийн гуравт хурдалж наадамчин олноо баярлуулжээ. Түрүүлсэн соёолонг 13 настай Д.Тэмүүжин, халтар соёолонг найман настай Б.Энхбаяр нар унаж хурдлуулсан байна.

Соёолонгийн уралдаанд нэгэн уяачын хоёр морь түрүү, айраг хүртэж эзнээ баярлуулж байхад дөрөвт хурдалсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ариуннарангийн хүрэн халзанг хассан. Уг хурдан буян хязаалан байсан тул уралдааны журмын дагуу арын соёолонг урагшлуулан барьсан юм. Хэдийгээр доод биш дээд насанд уралдаад айрагдаж байгаа морийг хасах нь зөв үү гэдэг асуулт гарсан ч зохион байгуулагчид шийдвэртээ үлдэж, Д.Ариуннарангийн хүрэн халзанг уралдаанаас хассан. Айргийн тавд хурдалсан хурдан морьдыг дахин хэмжиж дөрөвт хурдалсан хүрэн халзанг хассанаар тав, зургадугаар байрт хурдалсан хурдан буянууд байр ахисан юм.

Соёолонгийн аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн алдарт уяач С.Баярсайханы бор орсон бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Манлай уяач Д.Одонбаатарын халтар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Төрмөнхийн сартай хонгор айрагдаж унасан хүүхэд, уяасан эзэн, хурсан наадамчин олноо баясгажээ.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ариуннарангийн халзан үрээ айргийн дөрөвт орж ирж буй мөч. Төвийн бүсийн уралдаан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж