МАН-ын сонгуулийн шоу эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

МАН-ын сонгуулийн шоу эхэллээ

МАН-ын сонгуулийн шоу эхэллээ

Эрх баригч МАН бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийн хугацааг үдэж байна. Ердөө жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Хэдийгээр сонгууль болох  хугацаа болоогүй ч МАН-ыхны сонгуулийн шоу Итгэлийн зээлээр эхлэв бололтой. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр/2019.05.13/ хуралдаж, иргэдэд гурван хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих улс төрийн шийдвэр гаргав.

2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо МАН мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтынх нь нэг Итгэлийн зээл. Уг хуулийн төслийг УИХ-ын 27 гишүүн санаачилсан бөгөөд хараахан Засгийн газар болоод бусад байгууллагын саналыг аваагүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль дөнгөж боловсруулагдаж дуусч байна гэсэн үг. Хууль санаачлагчдын зүгээс “2016 онд Монголын 3 сая 100 мянган иргэний 25 хувь буюу 907.5 мянган хүн ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна. Үүнээс харахад иргэдийн багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан” гэдгээ тодотгосон. Өөр нэг судалгаагаар нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг аж. Тиймээс ч бага хүүтэй, 20 хүртэл сая гэсэн хязгаарыг тогтоож өгсөн байна.

Ингэхдээ төр нэг удаа иргэддээ “боломж” олгож байгаа учраас Төрийн банкаар дамжуулахаар тооцоолж байгаа юм байна. Жил бүр 200-300 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулж, эрсдэлийг нь төр өөрөө даана гэж “том” дуугарсан гэдгийг энд тодотгоё.

Мэдээж, гуравхан хувийн хүүтэй, 20 хүртэл сая төгрөгийн зээл гэдэг бол амьжиргаагаа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлэх гээд хүнээ зөв сонгож чадвал боломж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрх баригчид гарт баригдаж, нүдэнд харагдсан зүйл юу хийв, мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 50 хувьтай явж байна гэж өөрсдөө л дүгнэж байгаа болохоос бодит амьдрал дээр юу хийв, хийсэн бэ гэдгийг дор бүрнээ нэг удаа дүгнэлт хийхэд гэмгүй биз ээ. Итгэлийн зээл олгохоос илүү эрх баригчдад хийх ажил, шийдвэрлэх зүйлс олон бий. Зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бий болгох, амьжиргааны түвшинг сайжруулах, яриад байгаа эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулах, өргөн хэрэглээний барааны үнэ өсгөж байгаа шалтгаануудаа засч, залруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлууд хийх гээд олон чухал асуудал хийнэ гэж тэд амласан, хийх ёстой байсан. Өнгөрсөн хугацаанд МАН эрх мэдэл, сандал суудлын төлөө дотроо тэмцэлдсээр бүрэн эрхийн гурав дахь жил рүүгээ орж байна. Одоо ч сандал суудлын “тэмцэл” нь дуусаагүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин эсрэгээрээ тэд иргэдэд олгох зээлийг "хулгайлж", хувааж идсэн.

950 сая:20 сая=47 ХҮН

МАН-ын гишүүд олноороо үгсэн хуйвалдсан мэт нэг дүнтэй зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг. Энэ хэрэг одоо ч эцэслэгдээгүй, хуулийн байгууллага шалгаж буй. УИХ-ын нэг гишүүн хамгийн багадаа 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. 950 сая төгрөгийг 20 саяд хуваахаар 47 хүн болж байна. 47 гэдэг бол МАН-ынхны ЖДҮХС-аас зээл авсан нэг гишүүний 950 сая төгрөгийг Итгэлийн зээлийн дээд хязгаар 20 саяд хуваахад гарч буй тоо. Итгэлийн зээлийн дээд хязгаар нь 20 сая төгрөг юм.

Өөрөөр хэлбэл, МАН-ын нэг гишүүний авсан зээлийг хамгийн багадаа 47 хүн авах боломжтой гэсэн үг, 20 саяар тооцоход шүү дээ. Гэхдээ гишүүдийн ЖДҮХС-аас авсан 950 сая бол дундаж тоо бөгөөд тэрбумаас дээш зээл аваад түүнийгээ өдөрт нь буцааж өгсөн УИХ-ын гишүүн ч бий. ЖДҮ-чдийн авсан зээлийн дүнг нэгтгэж, 192 мянга гэж тодотгоод байгаа иргэн бүрт зээл олгоно гэвэл ямар тоо гарах нь ойлгомжтой.

Сөрөг хүчин байхдаа өөр, эрх баригч байхдаа өөр байх нь улс төрийн намын хувьд тоглолт байж болох ч сонгогчид, ард түмэн нүдтэй чихтэй, үг бүхэн тань цаасан дээр үлдсэн шүү гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж ардын үг бий. Тэртээ тэргүй байрны, цалингийн, автомашины зээлдээ “дарлуулж” яваа ард түмнээ 65-уулаа төр барьчихаад зээл авцгаа гээд сууж байгаа нь  сонгуулийн шоу эхэлжээ гэлтэй. Энэ нь Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд ч нөлөөлөл үзүүлнэ гэдгийг тэд тооцоолоогүй өнгөрөөгүй нь лавтай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж