Майами Хит баг чөлөөт агент болох гэж буй холбон тоглогчоо авч үлдэхийг хүсч байгаа л бол тэд тоглолтын темпээ илүү хурдан болгох шаардлагатай болох нь.
Майами Хералд сонины сурвалжлагч Бэрри Жэксоний мэдээлснээр хоёр драфтын эрхээр сольж авсан Горан Драгич Майами Хитийн довтолгоог илүү хурдтай болгох хүсэлтэй байгаа гэнэ.
Гэнэтийн мэдээ юм биш. Драгич илүү хурдтай нөхцөлд ашигтай тоглолт хэрхэн гаргахаа сайн мэднэ. Тиймээс ч хурдан довтолгоогоор 29-р байранд жагсан байсан Майами Хит түүнийг Финиксээс үнэ бүхий эрхээр сольж авчирсан билээ.
Үүнийгээ ч биелүүлж чадсан. Түүнийг ирснээс хойш Хит тоглолт бүрт дөрвөн довтолгоо илүү хийж, хурдан довтолгоогоор дөрвөн оноог илүү авах болжээ. Улмаар эдгээр үзүүлэлтээр лигт 21 болон 18-р байранд бичигдэх болтлоо дэвшиж. Гэхдээ Драгичид энэ хангалтгүй байгаа юм.
Учир нь Драгичийн удирдсан Финикс Санс довтолгоо хийж байгаа тоо болон хурдан довтолгоогоор авч байсан оноогоор тус бүр хоёрдугаар байранд жагсаж байлаа.
Түүнээс гадна Драгич хурдан довтолгооныхоо нэг хэсэг байхыг хүсч байгаа. Санс гурван холбогчтой хувилбараар тоглох болсноос хойш Драгич бөмбөггүй тоглолт их хийх ёстой болсон. Үүнээс болж статистик үзүүлэлтүүд нь буурч, өөрөө сэтгэл дундуур байсан болохоор Финиксийг орхисон.
Майамид ч зарим тохиолдолд Уэйдэд бөмбөгийг өгөөд хараад зогсохоос өөр аргагүй байдалд орж байлаа. Тиймээс Хитийн удирдлагуудад Финикстэй ижил анхааруулгыг өгч байж мэдэх юм.
Эх сурвалж: http://scoreport.mn