Др.Камран: Органик хүнсний тал дээр Монгол том давуу талтай

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Др.Камран: Органик хүнсний тал дээр Монгол том давуу талтай

Др.Камран: Органик хүнсний тал дээр Монгол том давуу талтай

Өнөөдрийн ярилцлагын эзэн бол тахианы аж ахуй, тэр дундаа өндөглөгч тахианы чиглэлээр мэргэшсэн доктор Камран Юунас Чохан юм. Пакистан улсын иргэн тэрбээр өндөглөгч тахианы чиглэлээр хэд хэдэн томоохон судалгааны ажил хийж сүүлийн 20 жил зөвхөн энэ чиглэлээр дагнан ажиллажээ. Др.Камран сүүлийн дөрвөн жил Монгол Улсад амьдарч Баян өндөгний үйлдвэрийн ерөнхий технологичоор ажиллаж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргье? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Камран Юунас Чохан гэдэг. Пакистан улсын иргэн. Би өндөглөгч тахианы чиглэлээр Пакистан болон бусад улсуудад 20 жил ажиллаж байгаад 2015 оноос Монголын Баян өндөгний үйлдвэрийн ерөнхий технологичоор ажиллаж байна.

-Монгол амьдрах ямар байна? Гэр бүлээрээ амьдардаг уу?

-Тиймээ гэр бүл минь энд цуг амьдардаг. Хүмүүс нь найрсаг, харьцаа сайтай. Амьдрахад амар амгалан газар. Хуурай, сэрүүн цаг агаарт эхэндээ дасаж өгөхгүй бага зэрэг хэцүү байсан. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь Монгол хэл. Би хичээгээд хичээгээд ярьж сураагүй л байна.

-Таны хийдэг үндсэн ажил юу вэ?

-Үндсэндээ би тахианы эрүүл мэндийг голчлон хариуцдаг. Тахиаг эрүүл байлгаж чадах юм бол чанартай өндөг авна. Тахианы идэж байгаа тэжээлийн орц, ууж байгаа усанд байнга хяналт тавина. Өндөглөгчийн байрны хэм, агаар, гэрэлтүүлэг, тоосжилт зэргийг давхар хянана. Мөн гарсан өндөгний шинжилгээг өдөр бүр хийж, дээрх бүх үзүүлэлтийг нэгтгэсэн мэдээллийн сан үүсгэдэг. Мэдээллийн сан дээрээ тулгуурлан ирээдүйн өндөгний гарцын төлөв, чанарын төлөвийг ч давхар боловсруулна. Ер нь чанартай өндөг үйлдвэрлэнэ гэдэг хэцүү ажил. Мэргэжлийн, сэтгэлтэй хүмүүс нийлж байж л сайн өндөг үйлдвэрлэнэ. Монгол мэргэжилтнүүдийг сургах ажлыг давхар эрхэлдэг.

-Өндөг болгон адил байдаг уу? Баян өндөгний онцлог юу вэ?

-Ямар тэжээл өгөхөөс мөн өндөглөгч тахианы үүлдрээс өндөгний чанар шууд хамаарна. Өндөглөгчийн шалгарсан үүлдэр болох Декалб Вайт тахианаас баян өндөг гардаг. Дэлхийн олон оронд энэ үүлдрийг хамгийн шимтэй өндөг гаргадаг гэдгээр нь өргөн ашигладаг. Декалб вайтаас гарсан өндөг нь чанартай уураг, витамин, микро элементүүдээр баялаг. Баян гэдэг нэрэнд яг тохирсон баялаг орцтой өндөг гаргадаг. Манай тахианы тэжээл гэхэд л багадаа 22 орцтой байдаг.

-Өндгөнд хэдэн төрлийн витамин, эрдэс байдаг вэ?

-Яг бүгдийг нь тоочих боломжгүй л дээ. Ерөнхийд нь хэлбэл амьд биетэд хэрэгтэй бүхэн өндгөнд байдаг. Бараг өндгөнд байхгүй зүйлсийг нь тоочвол илүү хялбар байх. Жишээ нь С витамин байхгүй гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар С витаминтай ижил үйлчилгээ үзүүлдэг микро элемент илэрсэн байх жишээтэй. Судлах тусам л өндөгнөөс шинэ сонирхолтой зүйл олдог.

-Монголын өндөгний үйлдвэрлэлийн ирээдүйг та юу гэж харж байна?

-Маш их боломж бий. Дэлхийн даяар өндөгний хэрэглээ өсөж байгаа ч Монголчуудын өндөгний хэрэглээний өсөлт дэлхийн өсөлтөөс хэд дахин хурдтай байна. 20 жилийн дотор 8 дахин өссөн. Галзуу өсөлт. Хэдий манай үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц өндөг үйлдвэрлэж чадахгүй байгаа ч гэсэн тун удахгүй Монгол улсын өнцөг булан бүрт дотоодод үйлдвэрлэсэн Баян өндгийг хүргэдэг болно гэдэгтээ итгэлтэй байна. Ер нь Монгол орон органик хүнсний үйлдвэрлэлд том давуу талтай. Том суурин цөөн, хүнд үйлдвэр багатай, хөдөөний агаар цэвэр, байгалиараа байгаа газар нутаг ихтэй, хүйтэн уур амьсгал нь байгалийн цэвэрлэгээ хийдэг, атаархмаар цэнгэг эрдэслэг гүний устай гэхчлэн том давуу талууд бий. Үүнийгээ ашиглаад зөв менежмент хийвэл бүс нутагтаа цаашлаад дэлхийд органик хүнсний томоохон нийлүүлэгч болох бололцоо та бүхэнд бий.

-Сайн өндөг үйлдвэрлэхийн тулд яах ёстой вэ?

-Хамгийн чухал нь сайн тоноглол, автомат хяналт. Бид хамгийн сайн техникийг одоо хэрэглэдэг ч гэсэн үүнийгээ байнга сайжруулж байх ёстой. Хоёрдугаарт. Сайн тэжээл хэрэгтэй. Зарим дотоодын компаниас их чанартай улаан буудай ирдэг. Тэжээлийн шаардлагыг бүрэн хангадаг. Гуравдугаарт. Сайн ус хэрэгтэй. Азаар Баянчандманийн гүний ус цэвэршүүлэх шаардлагагүй шахуу ус бий. Эцэст нь төвлөрсөн суурин газраас зайтай эрүүл газарт үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Миний бодлоор Улаанбаатар хотын эргэн тойронд шувууны аж ахуй явуулах тохиромжгүй. Сайн өндөг үйлдвэрлэе гэвэл том хотоос дор хаяж 50 км зайтай байлгах хэрэгтэй. Баян үйлдвэрийг барихдаа энэ шаардлагуудыг анхнаас нь тооцож барьсан нь одоо чанартай өндөг үйлдвэрлэх боломжийг олгож байгаа.

-Нэг зүйлийг тодруулан асууя. Баян өндөг заримдаа гаднах хальс бохирдолтой байдаг шүү дээ. Учир нь юундаа байна?

-Тиймээ энэ асуултыг биднээс байнга асуудаг. Энэ завшааны ашиглаад тодорхой хариу өгье. Манай үйлдвэрийн хувьд өндгийг угаалгүй харин хэт ягаан туяагаар ариутгаж гаргадаг. Учир нь өндөгний хальс 17 000 орчим нүх сүвтэй, түүгээр нь бактери чөлөөтэй нэвтэрдэг учраас тахиа өндөг гаргахдаа тусгай тосон бүрхүүлээр тосолж гаргадаг. Үр төлөө хамгаалах гэсэн эх амьтны зохилдлого юм уу даа. Энэ бүрхүүл нь гадны биет бактерийг өндөгний дотор нэвтрэхээс сэргийлдэг. Сүүлийн үед анагаах ухаанд энэ тосыг ашиглаад өвчин намдаагч, үрэвслийн эсрэг бэлдмэл гарган авч байна. Хэрвээ өндгийг угаавал энэ бүрхүүл арилж бактери нян дотогш чөлөөтэй нэвтэрнэ. Гаднаа гоё болсон ч дотроо бохирдоно гэсэн үг л дээ. Гэхдээ хэрэглэгчид өндгөө яг хэрэглэхийн өмнө бол угааж байх нь зөв. Худалдаанд гаргах өндгийг бол угаахгүй байх нь зөв.

-Таны төрсөн нутаг Пакистаны өндөг үйлдвэрлэл, хүнсний талаар сонирхуулаач…?

-Пакистанд тахиа үржүүлдэг 15 мянган ферм бий. Тэдгээрт 18 тэрбум өндөглөгч тахиа, 2,5 тэрбум махны чиглэлийн тахиа үржүүлдэг. Одооноос 5200 жилийн өмнө тахиа тэжээж байсан ул мөр, дурсгал манай бүс нутгаас олдсон гэхээр бид өндөгний аж ахуйн маш эртний уламжлалтай. Тахианы аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бүхэл бүтэн их сургуулиуд бий. Тэнд оюутнууд өндөглөгчийн, махны, тэжээлийн, үржлийн зэрэг нарийн мэргэжлээр дагнан суралцдаг. Их Британи, АНУ, Итали, Нидерланд гэхчлэн олон оронд Пакистаны шувуучид ажиллаж байна. Тахианы махан хоол, өндөг орсон уламжлалт хоолны бүхэл бүтэн соёл Пакистанд бий.

-18 тэрбум тахиатай гэхээр асар их өндөгний хэрэглээтэй байх. Тэнд өндөг хямдхан уу?

-Ер нь тэжээлийн үнэ нь Монголтой адилхан үнэтэй. Тийм учраас өндөгний үнэ бараг ижил. Гэхдээ Монгол өндөг ч тэр Пакистан өндөг ч тэр дэлхийн дундажтай харьцуулахад доогуур үнэтэй. Дэлхийн хамгийн үнэтэй өндөг ширхэг нь 50 цент орчмоор Бразилд зарагддаг бол хамгийн хямд өндөг 5 центээр Мексикт зарагддаг байх жишээтэй. Тэр ч утгаараа Мексик бол өндөгний хэрэглээ хамгийн өндөртэй газар. Ялгаатай нэг зүйл байдаг нь бид өндгийг жинлэж зардаг. Харин энд бол ширхэглэж зардаг.

-Бусад хүнс ч адил үнэтэй юу?

-Бусад хүнсний хувьд маш ялгаатай. Жишээ нь гадил эндэхээс 12 дахин хямдхан. Манго жимс 20 дахин хямдхан. 50 центээр хангалттай өдрийн хоол авч болно гэхчлэн Пакистанд хүнсний өртөг хямдхан. Харин өндөг 10-15 цент. Бараг адилхан үнэтэй.

-Бидэнтэй дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Эцсийн асуултыг танд үлдээе.

-Би Монголын хүнс үйлдвэрлэгчдийг органик хүнсний үйлдвэрлэл, органик мал амьтны тэжээл, органик бордоо үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулаасай гэж боддог. Хятадын зах зээл хаяанд чинь байна шүү дээ. Тэд чанартай зүйлийг дуртайяа авна. Мөн хамт ажилладаг хүмүүс, хөршүүддээ мэнд хүргэе. Бидний Баян өндгийг хэрэглэдэг бүх хэрэглэгчиддээ мэхийн ёслоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж