Агаарын тээвэрт амьдралаа зориулж буй тэд

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Агаарын тээвэрт амьдралаа зориулж буй тэд

“Бид агаарт нисдэг азтай хүмүүс. Бидний амьдрал агаарт өнгөрдөг гэж бодохоор өөрийн эрхгүй бахархах, омогших сэтгэл төрдөг дөө. Зорчигчдоо суулгаад алсыг зорих тэр л агшинд хэрвээ би энэ мэргэжлийг сонгоогүй бол яасан уйтгартай байх байсан бол гэх  бодол хааяа нэг төрдөг юм.

Өдийгөөс төдий хүртэл нисэх хүчний салбарт залуу халуун  насаа зориулсан ахмад үеийнхэн болон  энэ салбарт хоёргүй сэтгэлээр мөр зэрэгцэж яваа хамт олноороо бид бахархдаг” хэмээн МИАТ компанийн залуус ярих. Тэд агаарт хөөрөх тоолондоо “тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байг” гэж сэтгэлдээ залбирдаг тухайгаа ч ярьсан.

Энэ өдрүүдэд тэд Монгол Улсад иргэний агаарын тээвэр үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн үеэр олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь Дуурь бүжгийн эрдмийн театрын музейд нээгээд буй үе үеийн түүхийг дэлгэн хүүрнэсэн гэрэл зургийн үзэсгэлэн юм. Гэрэл зураг түүх болон үлддэг. Үзэсгэлэнд анхны хөлөг онгоцны зургаас эхлээд залуус бидний үл мэдэх зургуудыг ч тавьсан байна. 1925 оны тавдугаар сарын 25-нд анхны Ю-13 агаарын хөлгийг Улаанбаатар хотын Консулын дэнж дээр хүлээн авч, золгож байгаа энэ үе хүртэл салбарын түүхийг бичилцсэн хүний нэг нь яах аргагүй хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан гуай ажээ. Р.Батнасан гуайтай таарах тэр мөчид тэрбээр түүхэн зургуудыг ихэд ажиглан зогсох нь залуу халуу насаа дурсч байсан биз ээ.

Р.Батнасан гуай 1988 онд 21 насандаа анх Москва руу ниссэнээс хойш энэ салбарт 42 дахь жилдээ хүчин зүтгэж байгаа аж. Ингэж ажиллах хугацаандаа олон арван шавьтай болсон төдийгүй салбараасаа зургаан гавьяат нисгэгч төрүүлсэн гавьяатай.  Түүнчлэн 37 орны 70 хотод агаарын хөлгөөр тусгай үүрэгт нислэг үйлджээ. Төрийн өндөрлөгүүдийн тусгай айлчлалд олон удаа аюулгүй явж, онгоц жолооддог байжээ. Энэ бүхэн түүнийг итгэл хүлээсэн,  хариуцлагатай хүн гэдгийг тодотгодог. Тэрбээр энэ тухайгаа хуучлахдаа, “Өнгөрсөн цаг хугацааг эргээд дурсахад чадварлаг нисгэгч болох замнал маань тийм ч амар байгаагүй. Өндөр хариуцлагатай ажил учраас илүү сайн мэргэшихийн тулд АНУ, ОХУ, Австрали, Солонгос гээд олон орны чадварлаг багшаар онгоц жолоодохыг заалгасан. Тэднийхээ ачаар сайн нисгэгч болсон төдийгүй сурсан мэдсэнээ шавь нартаа харамгүй зааж сургасан. Мөн нисгэгч болно гэдэг хүссэн хүн бүрийн хийх ажил биш.  Аливаа зүйлийг сайн мэдэх, сонгосон мэргэжилдээ амжилт гаргахын тулд мэдлэг, чадвар, хөдөлмөр, тууштай хичээл зүтгэл шаарддаг. Нисгэгч болно гэдэг маш хариуцлагатай ажил. Манай Монголын агаарын тээврийн нисгэгч нар ур чадвараараа дэлхийд дээгүүрт ордог шүү” гэсэн юм.

Манай улсад нисэх хүчин тэртээ 1925 онд үүссэн хэдий ч зорчигч тээврийн тогтмол нислэгээ 1956 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн АН-2 онгоцоор эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр МИАТ компани хамгийн сүүлийн үеийн олон улсад нэр хүндтэй БОИНГ737-800, 767-300 зэрэг агаарын хөлгүүдээр жилдээ 400 гаруй мянган зорчигч тээвэрлэдэг болоод байгаа. Энэ талаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханаас тодруулав.

-Танд ойн баярын мэнд хүргэе. МИАТ компани өнөөдрийн байдлаар хэчнээн хөлгөөр ямар, ямар улсад нислэг хийж байна вэ? 

-Монголынхоо нийт ард түмэнтэй 90 жилийн ойн баяраа хуваалцаж байгаадаа баяртай байна. Манай компани нь хоёр БОИНГ 767-300 агаарын хөлөг, гурван БОИНГ 737-800 агаарын хөлгөөр Азид Бээжин, Хонконг, Токио, Осака, Сөүл, Европын чиглэлд Германы Берлин, Франкфурт, ОХУ-ын Москва хот руу тогтмол нисч байна.

-МИАТ компани нислэгийн аюулгүй байдлаараа олон улсын төвшинд ямар байр суурь эзэлдэг юм бол?

-Авиа компанийн хувьд аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Эн тэргүүнд тавьдаг шаардлага байдаг. Манай компани нь  нислэгийн аюулгүй ажиллагааны төвшнөөр олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас олон улсын агаарын тээврийн байгууллагын (IATA) аюулгүй ажиллагааны гэрчилгээжих шалгалтыг 2007 оноос хойш нийт дөрвөн удаа 100 хувийн амжилттай давсан.

-Чанарын үзүүлэлтээрээ олон улсад гурван одтой авиа компанийн болзол хангасан гэж байсан?

-Тийм ээ. Гурван одтой авиа компанийн болзол ханган ажилласныг маань олон улсын “Скай Транс” байгууллагаас баталгаажуулсан. Цаашид ч бид бүхэн одны зэрэглэлээ ахиулах зорилт тавин ажиллаж байна. Мөн зорчигч үйлчлүүлэгчдийн цаг зав, эдийн засгийг  хэмнэх үүднээс томоохон хотууд руу хийх шууд нислэгийн тоо нэмэгдэж байгаа. Агаарын тээврийн хөгжлийг түргэсгэх шаардлага зүй ёсоор гарч байна. Тийм учраас илүү их хүч чармайлт гарган ажиллаж, Монгол Улсын хөгжлийн төлөө хамтран зүтгэж олон сайхан амжилтад хүрэх болно.

-Та нэлээд завгүй байх шиг байна. Таны аав, хүү бас нисгэгч гэж сонссон. Гурван үеийн нисгэгч болохоор танайхнаар бахархдаг юм билээ?

-Аав маань 1935 онд нисгэгчийн курст сураад 1937 онд нисгэгч болж байв. Аав,  хүү, бид гурав нисгэгчээр ажилласан жилээ тооцоод үзэхээр 90 гаруй жил болчихож байгаа юм. Тогтмол нислэг хийж эхэлсэн оноороо тооцоод үзэхээр энэ салбартай 80 жил холбоотой байсан байгаа юм. Бас л сонирхол татаж байгаа биз. Аав маань уг салбарт 40 гаруй жил ажилласан. Би аавынхаа хийж байгаа бүхнийг харж, түүнээс нь үргэлж суралцдаг байсан. Одоо бодоход тухайн үед аав маань үйлдлээрээ намайг сургадаг байсан юм билээ. Би ч мөн аавынхаа адил хүүдээ ажлын тал дээр зааж зөвлөөд, зааварлаад байдаггүй. Гэсэн ч хүү маань сургуульдаа сураад хоёрдугаар нисгэгч хийгээд явж байна.

Энэ үеэр нисгэгчээр нэг жил ажиллаж байгаа Боинг 767-300 хөлгийн нисгэгч Б.Очирбаттай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Америкт нисгэгчийн сургууль төгсөөд, эх орондоо ажиллаж байгаа тэрбээр “Нисгэгчийн ажил гэдэг маш хариуцлагатай. Олон цагаар агаарт нисэх тийм ч амаргүй, наад зах нь чимээ шуугиан их учраас их ядардаг. Нисгэгч хүн бүрийн сонирхлыг татсан сайхан мэргэжил. Арван  залуугаас ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухад зургаа нь нисгэгч гэж хариулдаг гэсэн. Энэ утгаараа хүн бүрийн хүсэл мөрөөдөл нь болж, хүндлэл хүртдэг ийм л ажил” хэмээн мэргэжлээрээ бахархан ярьсан.

Зорчигч баярлалаа гэж хэлэх үед сэтгэл дүүрдэг

МИАТ компани гэх энэ том айлыг дан ганц нисгэгчээр төсөөлшгүй. Бид бүхнийг хүрэх газар хүртэл халамж анхаарал тавьдаг хүмүүс бол агаарын хөлгийн үйлчлэгч нар. Хүн бүрийг инээмсэглэлээр угтаж, үдэж замын турш иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, буух, суух, болгоомжлох гээд л бүхий л зүйлийн талаар сануулах нь тэдний хийх ёстой хамгийн гол ажил нь. Энэ ажлыг хийхийн тулд маш олон шалгалт давна. Хэлний боловсрол, мэдлэг, зан харилцаа гээд л бүхий л талаараа шалгуурт таарч тэнцэж байж л ажиллах ёстой. Зорчигчид хүрэх газраа хүрээд баярлалаа, дараа дахин үйлчлүүлнэ гэж хэлэх үед л тэд сэтгэл дүүрэн, аз жаргалтай болдог гэж ярьсан.

Ж.ОТГОНЧУЛУУН.

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж