Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнуудын Монгол Улсын эдийн засаг, түүн дотроо банк санхүүгийн салбарын онолын болон практик мэдлэгийг сайжруулах, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэнээрээ онцлог болж өнгөрлөө.
Эрдэм шинжилгээний хуралд зургаан их дээд сургуулийн нийт 20 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад арван илтгэл шалгарч эцсийн шатанд өрсөлдөв. Уралдааны тэргүүн байранд “Монгол Улсын гадаад худалдааны гравитацын загварын шинжилгээ” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн оюутан Б.Эрхэмбаяр, дэд байранд СЭЗДС-ийн оюутан О.Энхбаатар “Үндсэн бүрдлийн шинжилгээг ашиглан эдийн засгийн өсөлтийг таамаглах нь” сэдвээр, гуравдугаар байранд “Зээлийн багцын чанарын нэгдсэн түрүүлэгч индикатор” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан М.Маргадмөн нар тус тус шалгарлаа. Бусад долоон багийн хувьд эн тэнцүү өрсөлдөж Монголбанкны нэрэмжит тусгай шагналын эзэд боллоо. Оюутнуудад Монголбанкны Эрдэнэсийн санг үзүүлжээ.
Д.ЦЭЭЛ