Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2019.05.13/ мэдээлэл хийлээ. Тус газраас мэдээлснээр, өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Дундговь, аймгийн нутгаар 18-20 метр секунд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурчээ.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтайгаа цасанд суусан талаарх 20 гаруй дуудлагын дагуу Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллажээ. Мөн орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагатай хамтраад 64 иргэнийг осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлж, амь насыг нь авран хамгаалсан байна.
Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд сумын хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд гурван иргэн, мөн тус аймгийн Сэврээ суманд нэг иргэн малдаа яваад шуурганд уруудаж осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Цасан шуурганы улмаас Ховд аймгийн Үенч суманд 12 гэр дөрвөн модон шон унаж, Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 мал цасанд дарагдаж хорогдсон байна. Цаг агаарын байдлаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байдал үүссэн учраас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн сумын Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнийг хаах, түр хязгаарлах арга хэмжээ авсан аж. Мөн өнөөдрийн байдлаар хаагдсан зам байхгүй, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй юм байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулсан. Иймээс зуны эхэн сар гарсан ч цаг агаарын нөхцөл байдалд тааруулан хувцаслах, техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангахыг анхааруулав.
ОН ГАРСААР 23 ХҮН ГАЛ ТҮЙМЭРТ АМИА АЛДЖЭЭ
ОБЕГ-аас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2318 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Дээрх түймэрт 23 хүн өртөж амь насаа алдсан. Үүний 17 нь том хүн, долоо нь бага насны хүүхэд. Арван хүн түлэгдэж гэмтсэнээс найм нь том хүн, хоёр нь бага насны хүүхэд түлэгджээ.
Гал түймрийн аюулаас 459 хүний амь нас, төр аж ахуй нэгж байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 35 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 62.1 хувиар буурсан статистик тоон үзүүлэлт гарчээ.
Ой хээрийн түймрийн нөхцөл байдлаас дурдвал өнөөдрийн байдлаар 11 аймгийн 43 суманд нийтдээ 55 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Дээрх гал түймэрт 2449 га талбай ой, 217.2 мянган га хээр, нийтдээ 219.6 мянган га ой хээрийн бүс түймэрт өртөж шатжээ. Түймрийг унтраахаар ОБГ-аас 1100 гаруй алба хаагч, 200 гаруй техник хэрэгсэл, хилийн цэрэг болон цагдаагийн байгууллагаас 90 орчим алба хаагч, 20 орчим автомашин техник хэрэгсэл, сум орон нутгаас 1600 орчим иргэн нийтдээ 2768 хүн 355 авто машин техник хэрэгсэл 69 морьтойгоор дайчлагдан ажиллаж ой хээрийн түймрийг унтраажээ. “Ми-8” нисдэг тэргээр найман удаагийн нислэг хийж алслагдсан газар оронд гарсан түймрийг шуурхай унтраасан байна.
Хамгийн хохирол ихтэй түймэр нь өнгөрөгч сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг руу ОХУ-аас хил дамнаж орж ирсэн ой хээрийн түймэр. Энэ түймрийг унтраахаар нийт 20 хоног ажилласан. Өнөөдрийн байдлаар түймрийг бүрэн унтраасан. Энэ түймэрт онцгой байдлын газраас 238 алба хаагч, 20 гаруй автомашин, сум орон нутгаас 400 гаруй иргэн, 60 гаруй автомашин техник хэрэгсэлтэй дайчлан ажилласан” гэсэн мэдээлэл өглөө.
Э.АРИУН
Холбоотой мэдээ