Эх сурвалжаас авсан мэдээллээр Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан танилцуулга УИХ-ын гишүүдэд хүрэхээс өмнө төсөл хэрэгжүүлж буй компанид ил болж, Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу тагнуулын байгууллага шалгах ажлыг эхлүүлжээ.
Шалгалтын хүрээнд “Оюутолгой” компанид задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж тогтоох юм байна.
УИХ-аас өнгөрсөн онд Оюутолгой төслийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажилласан юм. Уг ажлын хэсэг тус төсөлтэй холбогдох дүгнэлтээ гаргасан байсан ч УИХ-ын гишүүдэд танилцуулагдахаас өмнө "Рио тинто" компанид очсон байсан гэх дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдэж, хэргийн эзнийг хайх ажил УИХ дотор эрчимжсэн.
Ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Би ажлын хэсгийн дүгнэлтийг "Оюутолгой" компанид өгөөгүй" хэмээн мэдэгдсэн бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэлээд гүрийсний эцэст "Улсын нууцад хамаарахгүй асуудлыг хөрөнгө оруулагч талаас тавьсан хүсэлтийнх нь дагуу хүргүүлсэн" гэж тайлбарласан билээ.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг гурван ч дүгнэлт гаргасан байснаас хоёр нь улсын нууцад хамаарах асуудал байсан гэдэг зүйл яригддаг. Иймээс энэ асуудлыг тагнуулын байгууллага мухарлах нь ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ