Америкийн валют чангарсны улмаас зэсийн үнэ энэ даваа гаригт буурсан үзүүлэлттэй гарлаа. Удалгүй АНУ-д мөнгөнийхөө бодлогын ханшийг нэмнэ гэсэн хүлээлт, мөн зах зээлд зэсний илүүдэл байгаа гэх хөрөнгө оруулагчдийн болгоомжлол зэсний үнийг унагаж байгааг даваа гаригийн арилжаа харуулж байна.
Comex бирж дээр өглөөний байдлаар долдугаар сарын фьючерсийн үнэ 1,51 хувиар буурч фунт нь (0,45 килограмм орчим) 2,81 доллараар зарагдсан байна. Лондоны металлын бирж дээр наймдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний зэсний үнэ баасан гаригт 1,45 хувиар буун тонн нь 6161,50 доллар болсон байв. Хөнгөн цагааны тонныг 1768 доллараар зарж байсан нь 0,28 хувиар унасан үнэ байлаа. Цайрны үнэ 0,55 хувиар буун тонн нь 2178 доллар болтол буурчээ.
Долларын ханш бусад валютуудтай харьцуулсан ханшаа баасан гаригаас чангалж эхэлжээ. Холбооны нөөцийн систем бодлогын хүүг 0-0,25 хувиар нэмнэ гэсэн хүлээлт америк долларын ханшийг чангалж байна. Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Йеллен Род-Айленд мужийн нийслэлийн Худалдааны танхим дээр хэлэхдээ эдийн засгийн байдлыг сайжруулах үүднээс хүлээгдэж байгаа бодлогын хүүгийн ханшийг энэ жилийн дотор нэмнэ гэсэн юм.
Дэлхийн аж үйлдвэрийн томоохон хэрэглэгч Хятадад зэсний эрэлт буурсан нь ч мөн үнийн уналтад нөлөөлөв. Оны эхний дөрвөн сарын байдлаар цэвэршүүлсэн зэсний Хятадын импорт 1,15 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14,48 хувиар буурчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР