Ингэж хэлэхээс өөр аргагүй байдал өнөөдөр бидэнд тулгараад байна. Учир нь цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн кондуктор, жолооч нар нийслэлийн 1.2 сая иргэнд үйлчилдэг автобусны дугуйн доогуур орж хэвтчихээд, ажил хаялтад нэгдэхгүй гэсэн бусдыгаа үйлчилгээнд гаргасангүй.
Ажил олгогч, хамтран ажиллагсад, цагдаагийн алба хаагчид гээд ер нь хэнбугай ч, яаж гуйгаад тэднийг дийлсэнгүй. Ажил хаяхаараа айлган цалингаа нэмүүлсээр байгаад нийтийн тээврийнхэн даварсан гэх хүн ч цөөнгүй байна.
Одоогоор илүү цаг, урамшуулалт цалин гээд кондуктор 800 мянган төгрөг, жолооч нэг сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Харин цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ажилтнууд хэлэхдээ “Дунджаар 400 орчим мянган төгрөгийн цалинг 880 мянган төгрөг болгохыг шаардаж байгаа. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээ ёсоор бол бид 880 мянган төгрөгийн үндсэн цалин авах ёстой. Илүү орлого хийж, урамшуулалт цалин авахын тулд бид замын зорчих хэсэгт уралдах нь холгүй болж, улмаар осол гаргаж байна. Хэрэв цалин нэмчихвэл осол гаргахгүй” гэж ярих.
Ямартай ч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын тээврийн холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ, ажилтнуудын төлөөлөл цалин нэмэх эсэхийг хэлэлцэхээр ширээний ард суугаад байгаа.
Энэ удаа ч яахав цалинг багагүй хувиар нэмээд, асуудлыг намжаагаад өнгөрлөө гэхэд цаашид энэ мэт асуудал үүсэх тохиолдол бүрт нийслэлийн энгийн иргэн, зорчигч хохирсоор байх уу гэдгийг нийслэлийн удирдлагууд эргэх харах нь зүйтэй болов уу.
Учир нь нийтийн тээвэрт энэ гэлтгүй олон асуудал үүсч, байдал зөвхөн ажилчдын цалин мөнгө, ажил хаялт зэргээр тогтохгүй, улам ээдрээтэй болж эхэлжээ.
ХУВИЙН КОМПАНИУДЫГ ТӨСВИЙН МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХЭРЭГТ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Цагдаагийн ерөнхий газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудын эзэд хууль зөрчин, төрийн их хэмжээний мөнгийг шамшигдуулсан байж болзошгүй гэх хэргийн талаар өнөөдөр /05.25/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг ашиглан нийтийн тээврийнхэн улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй байгаа гэнэ. “Төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгодог. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулахад тухайн автобус үйлчилгээнд гарахдаа бүртгүүлдэг МТ150 гэж GPS /байршил илрүүлэгч/ тоног төхөөрөмжийг нэг машинд олноор байршуулж, нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж буй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тухайн төхөөрөмжийг станцуудад бүртгүүлэх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү онцолсон юм.
Мөн мөрдөн байцаалтын явцад “Тэнүүн огоо”, “Тулга огоо”,”Тэнүүн дэлгэр” гэсэн гурван компанийн эзэд ийнхүү заль хэрэглэж, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.6 орчим тэрбум төгрөгийг улсаас шамшигдуулсан байж болзошгүй гэнэ.
Төрийн өмчит компаниудын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажлаа хаясан, харин хувийн компаниуд багагүй ашигтай ажилладаг гэлцдэг ч ийнхүү залжин арга хэрэглэж төсвийн мөнгөөр тоглож байгаа нь ил боллоо. Иймээс нийтийн тээврийн салбарын бодлогыг дахин харах нь зүйтэй болов уу.
УХААЛАГ АВТОБУС КОНДУКТОРООС ТАТГАЛЗАХ УУ?
Ирэх долдугаар сарын 1-нээс нийтийн тээвэрт цахим карт ашиглаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд ухаалаг болох юм гэсэн.
“Цахим картыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрлөөр худалдаална. Мөн энэ сараас эхлэн автобусны буудлуудын ойролцоох 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд цахим картыг худалдаалж эхэлсэн бөгөөд зорчигч нэг удаадаа 1000-100 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой. Картаа мартсан үедээ мөнгөө бэлнээр зориулалтын саванд хийн, төлбөрөө төлөөд зорчин, гээж үрэгдүүлсэн бол хаалгах боломжтой юм байна. Карт уншуулах үед тухайн дансан дахь мөнгө автоматаар хасагдах бөгөөд тухайн зорчигч 30 минутын дотор дамжин суух үед дараагийн автобусанд 400 төгрөгөөр зорчих гэх мэтээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ” гэдгийг албаныхан онцлон тайлбарлаж буй.
Ийнхүү автобусанд суугаад буухад кондуктортой харилцах ямар ч үйлдэл хийхгүй учраас кондузкторуудын ихэнх нь ажлаа өгөх юм гэж зарим хүн бодож байгаа болов уу. Гэхдээ “Нэг ч кондукторыг ажлаас халахгүй. Учир нь кондукторууд зорчигчдод хяналт тавина. Мөн бэлэн мөнгөө өгч зорчиж буй иргэдэд хяналт тавина” гэнэ.
Ямартай ч автобус ухаалаг боллоо гээд жолооч, кондукторуудын эзлэх байр суурь “ганхахгүй” нь. Тиймээс байн ажил хаяна, үйлчлэхгүй гэж нийслэлийн иргэдийг дарамтлуулахгүйн тулд “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ээ нэг тийш болгон эцэслэж, асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Удирдалгуудаас хүсье.
Д.ЖАРГАЛ