Энэ жилийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд зургадугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайд хүүхдэд зориулсан нэгдсэн хөтөлбөртэй өдөрлөг явуулах юм. Хүүхдийн баярын хөтөлбөрийн Ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч Е.Сарантуяа, зураачаар ДБЭТ-ийн ерөнхий зураач Г.Ганбаатар нар ажиллаж байгаа ажээ.
Энэ өдөр хаана ямар хөтөлбөртэй талаар мэдээлэл хүргэе.
ЧИНГИСИЙН ТАЛБАЙ:
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд тайзыг засч 12 жилийн амьтнаар хүрээлүүлэхээр төлөвлөжээ. Өглөөнөөс үдшийг хүртэл хүүхдэд зориулсан урлагийн арга хэмжээ Чингисийн талбайд үргэлжилнэ. Харин Сүхбаатарын хөшөөг тойрон Жангар болон үлгэрийн баатрууд хүүхдүүдтэй хөгжилдөн, фото зураг авахуулах юм байна. Үүнийг дагаад хүүхдүүдэд зориулсан хөгжилтэй тоглоомуудыг ч байрлуулах аж.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН:
Сургууль бүрийн авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн тоглолт болно. Монголын хүүхдийн ордоны хүүхдийн найрал дууны хамтлагууд, Монгол-Оросын хамтарсан 3, 84, Оюуны ундраа, Ирээдүй цогцолбор сургуулийн хүүхдүүдийн урлагийн тоглолт үргэлжилнэ.
Мөн Бонгын найзууд, Амилагийн найзууд, Лолойгийн найзууд зэрэг нийт 1500 гаруй авъяаслаг хүүхэд багачууд, уран бүтээлчид оролцсон урлагийн тоглолт болно.
ПАРАД:
“Хүүхдэд ээлтэй найрсаг Улаанбаатар” уриа бүхий парадыг хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монголын сурагчдын зөвлөл, “Халуун сэтгэл” ТББ хамтран зохион байгуулж оролцоно. Амарын гудамжнаас эхлэн Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын урдуур нар зөв талбайг тойрно.
Мөн нийслэлийн дүүрэг бүр төв талбайдаа хүүхдийн баярын арга хэмжээг тэмдэглэнэ.
ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ХҮҮХДҮҮДИЙН ХЭРХЭН БАЯРЛУУЛАХ ВЭ?
Өмнөх жилүүдэд нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Тэдний хувьд энэ жил эрх нь зөрчигдсөн, зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн ажлыг голчлон зохион байгуулна гэв. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн 100 хүүхдийг баярлуулах ажлыг зохион байгуулсан аж. Ер нь хүүхдийн баярын арга хэмжээ тавдугаар сарын 25-наас эхэлжээ.
Тавдугаар сарын 27. Улаанбаатар чуулгын хоёр давхарт халамж, асрамжинд байдаг хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж. Тэдний бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж найз нөхөд, үе тэнгийнхэнд нь таниулах ажлыг хийх юм байна. Нийслэлийн хэмжээнд 19 байгууллагын дэргэд 32 асрамжийн төв байдаг. Тэнд 950 гаруй хүүхэд явдаг аж. Тиймээс тэднийг баярлуулах нэгдсэн арга хэмжээг зохиохоор болжээ.
Тавдугаар сарын 29. Хорих 411 дүгээр ангийн хүүхдүүдийг баярлуулах нэгдсэн өдөрлөг зохион байгуулах аж. Хүүхдүүдийн хайртай уран бүтээлч, дуучинтай нь уулзуулж, ярилцлага хийлгэх юм. Мөн үе тэнгийнхнээс нь ирсэн чин сэтгэлийн захидлыг тэдэнд урам хайрлах зорилготойгоор дамжуулах юм байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ХАЯГДСААР…
Энэ өдрүүдэд хүүхдүүд паркад тоглон, урлаг уран сайхны тоглолт үзэж, бэлэг сэлт авах зэргээр өөр өөрсдийнхөөрөө баярлаж өнгөрөөдөг. Гэвч жил жилийн зургадугаар сарын нэгний өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд л алагчлагддаг. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа байхгүй. Сургууль дээр нь зургадугаар сарын нэгнийг угтан зургийн уралдаан зохиохоос хэтэрдэггүй. 25 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганбүргэдийн хэлж буйгаар Сурагчдын холбооноос тав, арван хүүхдэд бэлэг өгөхөөс өөр тэдэнд зориулсан арга хэмжээ байдаггүй гэв. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ өдрөөр мартагдаад удаж байгаа. Гэрийнхэн нь төв талбайд авчирч бэлэг өгсөн болоод л дуусдаг” гэсэн юм.
Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирал Э.Энхзул “Манайх төсвийн байгууллага учраас хүүхдүүддээ хандсан ажил зохион байгуулъя гэхэд санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Бид өнөөдөр зургадугаар сарын нэгнийг угтаад эцэг эхчүүдийнхээ дэмжлэгтэйгээр хүүхдүүддээ кино үзүүлэх гэж байна. Бид л иймэрхүү ажил зохиохгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн ямар ч ажил хийгддэгүй” гэв.
Б.ЗАЯА