Хамран сургах тойргоор сурагчдын сурах эрхийг боомилов

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Хамран сургах тойргоор сурагчдын сурах эрхийг боомилов

Хамран сургах тойргоор сурагчдын сурах эрхийг боомилов

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл өнөөдрөөс /2019.5.13/ эхэлж байна. Бүртгэлтэй холбоотой зарим асуудлыг Нийслэлийн боловсролын газрын (НБГ) Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.


-Нэгдүгээр ангийн хүүхдийн хамран сургах тойргийн мэдээлэл баасан гаригт зарлагдаж, өнөөдөр бүртгэл эхэлж байна. Хамран сургах тойргийг бүртгэлээс ядаж долоо хоногийн өмнө зарлаж болдоггүй юм уу?

-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэлийн ажлыг тавдугаар сарын 13-наас 27-ныг хүртэл зохион байгуулна. Энэ жил 38232 сурагч буюу өнгөрсөн жилийнхээс 3400 сурагчаар илүү сурагч сургуульд шинээр элсэхээр байна. Өнгөрсөн хагас сайнд сургуультай танилцах өдөрлөгийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бүх сургууль дээр зохион байгуулж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ суралцах сургуультай танилцах боломж олгосон. Бүртгэл 14 хоног явагдана. Сургуультай танилцаж, бүртгүүлэх хугацаа хангалттай бий.

-Өнгөрсөн жилийнхээс 3400 хүүхдээр илүү хүүхэд элсэхээр гурван ээлжээр хичээллэх анги нэмэгдэх үү?

-Нэгдүгээр ангийн сурагчдыг бүрэн хамруулах, гурван ээлжээр хичээллэж буй байдлыг бууруулах, баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд тодорхой ажил зохион байгуулж байна. Хамран сургах тойргийг баталснаар нэгдүгээр ангид элсэх насны бүх хүүхэд сургуульд орох боломжтой болж байгаа юм. Засгийн газар, НБГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу гурван ээлжийг болиулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хамран сургах тойргийг тогтоохдоо гурван ээлжээр хичээллэхгүй байхаар зохицуулалт хийсэн юм.

Энэ жилийн есдүгээр сарын 1-нд 34 сургууль ашиглалтад орохоор байна. Сургуулиудыг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), НБГ анхаарч, долоо хоног бүр барилгуудын үйл явцын талаар мэдээлэл авч байна.

-Хамран сургах тойргийг оновчтой зохиогоогүй гэж үзэх хүмүүс байна. Тухайлбал, гэрийнх нь ойр байдаг сургуульд биш арай хол сургуульд хуваарилсан байна гэж манайд хандсан эцэг, эхчүүд хэлж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хамран сургах тойргийг батлахдаа аль болох тухайн хүүхдийн гэрт ойр сургуульд хамруулах болон тухайн сургуулийн хүчин чадал зэргийг харгалзан зохицуулалт хийсэн. Дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамран сургах тойргийг баталсан. Дүүргийн боловсролын хэлтэс, Сургуулийн захирлууд, хорооны ажилтан хамтран ажилласан. Ингэхдээ олон жил тухайн сургуульд хамрагдсан хороонд өөрчлөлт оруулахгүй бахыг хичээсэн. Ингээд гурван ээлжээр хичээллэхээр болоод байгаа сургуулиудын хамран сургах тойргийг нарийвчилсан юм.

-Нэг анги хамгийн ихдээ хэдэн сурагчтай байх вэ?

-Энэ жилийн тухайд сургуулиудад нэмэлт бүртгэл явуулахгүй. Ингэснээр сургуулиудын ачаалал буурах юм. Өмнө нь нэг анги 80 орчим сурагчтай байх тохиолдол байсан. Хамран сургах тойргийн хүрээнд 60 орчим сурагчтай анги хамгийн олон сурагчтайд тооцогдож байна.

-Хүүхдээ гүнзгийрүүлсэн, арай чанартай сургалттай сургуульд элсүүлэх хүсэлтэй байгаа ч хамран сургах тойргийн хүрээнд өөр сургуульд хамрагдаж буй нь хүүхдийн эрхийг зорчиж байна гэж үзэх эцэг эх олон байна. Өөрийн хүслээр өөр сургуульд элсэх боломжтой юу?

-НБГ-аас хүүхэд бүрийн сургуульд хамрагдах боломжийг нь хангахын тулд хамран сургах тойргийг баталсан. Ингэснээр тухайн сургууль нэмж хүүхэд авах боломжгүй.

-Хүссэн сургуульдаа элсэх боломжгүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Хамран сургах тойргийг шинэчлээгүй байхад хүссэн сургуульдаа хүүхдээ өгдгөөс болж зарим сургуулийн ачаалал хэтэрч, гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй болдог байсан. Хамран сургах тойргоор энэ асуудлыг шийдвэрлэсэн.

-Бүх сургууль чанартай сургалттай байсан бол ийм асуудал үүсэхгүй байх. Нийслэлийн сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахын тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгодог. Ингэснээр сургуулиудын сурлагын чанар, аюулгүй байдал зэрэгт тодорхой шаардлага тавьж байгаа юм. Мөн НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс нь багш нарын сургалтыг хариуцдаг. Бид хагас болон бүтэн жилээр төлөвлөгөө гаргаж, багш нарт сургалт зохион байгуулдаг.

-Нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдээс ямар нэгэн шалгалт, хураамж авахгүй байх талаар БСШУС-ын сайдын тушаал гарсан. Зарим хувийн сургууль энэ тушаалыг биелүүлэхгүй, сурагчдаас хураамж авч байгаа талаар манайд гомдол ирж байна. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Одоогоор манайд энэ талаар гомдол ирээгүй байна. Нэгэнт сайдын тушаал гарсан тул төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль тушаалыг мөрдөх учиртай. Тушаалын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа. Хэрэв зөрчил илэрвэл мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулаад, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

-Зарим хувийн сургууль орон сууцны нэг давхарт, шаардлага хангахгүй орчинд хичээллэх нь бий. Үүнд ямар шаардлага тавьж байна вэ?

-НБГ сургуулиудад тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрлийг сургууль анх байгуулагдахад шалгаж олгодог. Ингээд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд нь шалгалт явуулдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага ч үүнд хяналт тавьдаг. Шаардлага хангахгүй сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалдаг.

ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХЭЭР НЭГ Ч ХҮН ИРЭЭГҮЙ

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл хэрхэн явагдаж байгааг сонирхохоор Нэгдүгээр сургуулийг зорилоо. Биднийг очиход хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн нэг ч хүн байсангүй. Жижүүр нь “Одоогоор хүүхдээ бүртгүүлэхээр нэг ч хүн ирээгүй байна. Манай удирдлагууд хуралтай байна” гэсэн тайлбар өгөв. Бүртгэлийн хугацаа эхэлсэн байхад тус сургуульд хүүхдээ бүртгүүлэхээр нэг ч хүн ирээгүй байгаа нь аливаа ажлыг хугацааг нь тулгаж хийдэг “монгол” зантай холбоотой гэлтэй. Мөн хамран сургах тойргийн хүрээнд хүүхдээ хүссэн сургуульдаа оруулах боломжгүй болсон нь авлига үүсэх, түүний хэмжээ нэмэгдэх боломж болон хувирч ч болох юм.

2014 ОНЫ НЭГДГЭЭР САРД ТӨРСӨН БОЛ НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСҮҮЛЭХГҮЙ

Нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг бүртгэлийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм. Бүртгэлийн явцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлэх ажээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлийг цахимаар явуулж буй юм байна.

  ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ  МАТЕРИАЛЫГ  БҮРДҮҮЛНЭ ҮҮ  

  • Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,
  • 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг,
  • Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЖАГСААЛТ

Hamran surgah toirog tushaal 2019
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж