УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох төслийг өргөн барихыг гишүүдийн олонх дэмжжээ. Зорилтот бүлэгтээ чиглэсэн энэ зээлийг олгосноор ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж. Санхүүгийн итгэлцлийг бий болгож, төсөвт дарамт учрахгүй гэж үзэж байгаа гэдгийг тодотгов.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан асуудал. УИХ-ын гишүүн, УИХ дахь НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хамт нийт 27 гишүүн санаачилсан хуулийн төсөл юм. Хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцэж, тодруулж ярилцаад дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа” гэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй “Итгэлийн зээл” олгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэсэн зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иймээс 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Хуулийн төслийг боловсруулах нөхцөл байдал нь 2016 онд 3 сая 100 мянган иргэнтэй, 907.5 мянган хүн амын 25 хувь нь ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс харахад манай улсын багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байгаа нь тодорхой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан явдал. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээлийг авч чадахгүй байгаа. Ер нь зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө байсан. Иймээс өнөөдөр МАН-ын бүлгийн хувьд төр иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд хуулийн төслийг дэмжиж, өргөн барьж байгаа юм. Манай улсын хувьд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг юм байна.
Итгэлийн зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна гэж үзсэн. Зээл авах шаардлагын хувьд хугацаа хэтэрсэн зээлгүй, эсвэл өрхийн гишүүн өөр хүнд зээлийн батлан даалт гаргасан бол зээл авах боломжгүй. Мөн зээл хүсэгчид сүүлийн нэг жил өрхийн бичил бизнес эрхэлж байх шаардлагатай. Мөн орлогын тогтвортой эх үүсвэртэй гурав дахь этгээд зээл хүсч байгаа иргэнд батлан даалт гаргаж өгнө. Зээлийн мэдээллийн санд хянагдаад явах учраас иргэд хугацаандаа зээлээ төлөөд явна гэж үзэж байгаа.
Олон улсын туршлагаас харахад БНХАУ Итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байна. Мөн ОХУ 2017 оноос итгэлийн зээлийг 80 хүртэлх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байна.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Итгэлийн зээлийн төслийг хэрэгжүүлснээр инфляц нэмэгдэнэ гэж харж байна. Зээлийг арилжааны банкаар олгох уу?
-Итгэлийн зээлийг олгосноор Макро тэнцвэрийг бататгасан, тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд оруулахын тулд иргэдэд итгэлийн зээл олгож бүтээгдэхүүн гаргах үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Зээл олгосноор эдийн засагт сөрөг үзүүлэлт гарахгүй. Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа. Арилжааны банкаар дамжуулбал хүү дахиад өснө. Иймд төр нэг удаа иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгоод өгөөч гэдэг зорилго тавьж байгаа учраас зөвхөн Төрийн банкаар олгох ёстой гэж харж байна.
-Ипотекийн зээл иргэдэд хүртээмжтэй биш байгаа. Энэ мөнгийг ипотекийн зээлд зориулж болохгүй юу?
-Ипотекийн зээлийг Засгийн газар үе шаттай олгож байгаа. Цаашдаа ч олгосоор байх болно.
-Энэ зээлийн шалгуурыг давах дундаж давхарга бий юу? Айл өрх бүр цалингийн, хэрэглээний зээлтэй.
-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлдэг. Тэд амжилтад хүрсэн байдаг. Төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкаараа дамжуулж олгоно. Эрсдэлийг төр даана.
Холбоотой мэдээ