Томилолт: Анчин баавайн нутгаар

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Томилолт: Анчин баавайн нутгаар

Томилолт: Анчин баавайн нутгаар

Баянхаанай ууламнай 
Бугайн урамдаанта нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг хэмээн эрдүү хоолойгоор дуулах буриад эр. Хөшиглөн ургасан ногоон модон дундаа ахай абагайн нютаг аа дуулан суух Дадалынхан жигтэйхэн ажилсаг ард түмэн гэдэг нь харваас илт. Жаргалтхаан, Өлзийт, Мөрөн сумд гандуу байсан бол Норовлин, Дадал, Биндэрт зуншлага сайхан болох шинжтэй, газар дэлхий хэдийнэ дэлэгнэжээ. Сумын төв нь их цэгцтэй, иргэдийнх нь амьжиргааны төвшин ч илүү бололтой.

Тус сумынхан талхаа барж, цөцгийгөө цохиж, торхоо цавчиж, ямартай ч амьжиргаагаа өлхөн залгуулдаг талаар Дадалын иргэн С.Пүрэвсүрэн ярилаа. Зуны улиралд Дадалд дотоод, гадаадын жуулчид ихтэй учраас талх, цөцгийн тосны борлуулалт эрс ихэсдэг аж. Тус суманд хүнсний 23 дэлгүүр, цайны газар 12, талхны цех зургаа байдаг ч хөл хөдөлгөөн ихтэй үед ачааллаа дийлдэггүйг Ерөнхий сайдын уулзалтад оролцохоор ирсэн иргэд ярьж байна. Таваас зургаан үнээтэй айл өдөртөө 40-50 мянган төгрөгийг өлхөн олчихдог. Харин өвөл зам бартаа ихтэй учраас жуулчид цөөрдөг, дагаад ашиг орлого ч буурдаг аж. Хөдөө орон нутагт ажиллах залуус улам цөөрч байгааг С.Пүрэвсүрэн хэлээд, энэ нь тогтмол ажлын байртай холбоотой болохыг хуучлав.

 ИХ ХААДЫН ЖИМЭЭР

Хэнтий аймаг бол тэр чигээрээ түүх. Хэрлэнгийн хөдөө арал, Дэлүүн болдог, Их хориг. Энэ бүхнийг мөнгө болгох боломж бий.

Засгийн газраас хэрэгжүүлж буй түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар нэрлэгдсэн Өндөрхаан-Батноров-Норовлин-Дадалыг холбосон 272 км авто зам баригдаж, их хаадын дурсгалд зориулсан цогцолборууд боссоноор жуулчдын урсгал нэмэгдэж, ашиг орлого өснө гэсэн хүлээлт орон нутгийн иргэдэд хэдийнэ бий болжээ.

Батноров, Норовлин, Дадалын иргэдтэй уулзахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх аялал жуулчлалыг дагаад ашиг орлого нэмэгдэх ч байгаль экологи талаасаа сөрөг үр дагавар гарч болзошгүй учраас эко жорлонгоос эхлээд бэлтгэлээ базаах ёстойг сум орон нутгийн удирдлагуудад сануулсан.

 Уул уурхайгаас шууд хараат Монгол Улсын хувьд мөнгө олдог сувгаа олшруулах зорилгоор солонгорсон эдийн засгийн тухай ихээхэн ярих болсон. Гэвч үнэндээ аялал жуулчлалын салбарын хувьд харах, үзэх юм ховор. Нурж унах дөхсөн хэдэн музейгээ эс тоочвол.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь солонгорсон эдийн засгийн нэг томоохон бодлого боловч жилдээ нэг сая жуулчин хүлээн авч, нэг сая ам.доллар олно гэсэн цээжний хонжооноос өөр өнгөрсөн хугацаанд дорвитой ажил хийгээгүй. Хоёр гэр, хоёр морьтойгоор аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй юм. Тиймээс Монгол Улс эхлээд аялал жуулчлалын томоохон бодлоготой болох ёстой. Бодлогын хүрээндээ тодорхой бүс нутгуудад бүтээн байгуулалт өрнүүлж, адаглаад л дэд бүтэц, нүхэн жорлонгийн асуудлаа шийдэхгүйгээр аялал жуулчлалаас алт авдарлах боломжгүй юм.

Тиймээс Ардын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалаас мөнгө “үйлдвэрлэх” үүднээс Түүхэн аялал жуулчлалын бүс төсөл хэрэгжүүлэхээ зарласан нь Хэнтийхэнд багагүй хүлээлт үүсгэжээ.

Төслийн хүрээнд сумдыг холбосон авто замын ажлыг эхлүүлж, 1206 онд Их хуралдай хуралдсан Биндэр сумын нутагт “Их хуралдай” орд өргөө цогцолбор барих бүтээн байгуулалт ид өрнөж байна. Төсвөөс гарч буй санхүүжилт нь хоёр тэрбум төгрөг. Өнгөрсөн  2018 оны наймдугаар сараас орд өргөө барих ажил эхэлсэн аж.

Мөн өнгөрсөн онд шаваа тавьсан “Хүлэг боорчи-андлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажил Батноров суманд хийгдэж байна. Эдгээр цогцолборууд босч, авто зам тавигдвал аялагчид хоёр өдрийн хугацаанд Их хааны түүхийн жимээр аялах боломжтой болох ажээ.

Түүхийн жимээр аялах жуулчдын маршрутын нэг болох Хэнтийн Баян-Адарга суманд, Онон голын дээгүүр 150 метр гүүр тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үедээ оролцсон юм. Онон голыг бирваазаар гаталдаг байсан бөгөөд нутгийн иргэдийн хувьд гүүртэй болох нь олон жилийн мөрөөдөл байжээ.  Энэ талаараа сум, аймаг, төвийн дарга нарт удаа дараа хүсэлт тавьж ирснээ ч нутгийн малчид хэлж байна.

Гүүр барих ажлыг “Ган гүүр” компани хариуцан гүйцэтгэх аж. Нийт өртөг нь 4.5 тэрбум төгрөг. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлснээр гадаад, дотоодын, ялангуяа Өвөрмонголын жуулчдыг татах боломжтойг тодотгов.  Тэрбээр “ Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх төслийн хүрээнд гүүрийг ирэх онд багтаан ашиглалтад оруулна. Гүүр баригдсанаар Баян-Адаргаас Дадал сумтай шууд холбогдох боломжтой болно. Онон голын хоёр талд олон жил болсон орон нутгийн иргэд, малчдын хувьд ч өдөр тутмын ахуй амьдралд нь нэмэр тустай” гэв.

Хэнтий аймагт 2019 онд улсын төсвөөс нийтдээ 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан бөгөөд үүнээс 60 тэрбум нь түүхэн аялал жуулчлалын бүс нутагт зарцуулагдах юм байна.

У.ХҮРЭЛСҮХ: ҮР ХҮҮХДЭДЭЭ ҮЗЭЖ ХАРАХ ЗҮЙЛ ҮЛДЭЭХ ЁСТОЙ

-Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн жил 14 аймагт ажилласан. Энэ жилийн орон нутагт хийх томилолт Хэнтийгээс эхэллээ. Дараа нь баруун аймгуудад ажиллана. Нийтдээ найман суманд ажиллалаа. Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гурван бүс нутагт төсөл хэрэгжүүлэхээр болсон. Нэг дэх нь, түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар Хэнтийд томоохон бүтээн байгуулалт эхлүүлээ. Хоёр дахь нь, байгалийн аялал жуулчлалын бүс нутгаар Хөвсгөл аймгийг хөгжүүлэхээр болсон. Гурав дахь нь, соёлын аяллын бүсээр Төв аймаг болон Улаанбаатарыг зарласан.

Хэнтийд ажиллахдаа сургууль, цэцэрлэг, эрчим хүч, эмнэлэг, зам гээд нийгмийн болон эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэлээ. Мөн тус аймагт түүхэн аялал жуулчлалын бүс төсөл хэрэгжүүлэх үүднээс дэд бүтцийн зарим ажлуудыг эхлүүллээ.  Дотоодын болон гадаадын жуулчдыг татаж, эдийн засгийн нэг гол салбар болгох зорилготой байна. Буурал түүхийн өв өлгий шингэсэн түүхэн аялал жуулчлалын бүс болгож байгаад иргэд маань дагаад бэлтгэлээ базааж байх шиг байна. Үр хүүхдэдээ үзэж харах, судлах өв үлдээмээр байна. Номын сан, байгалийн түүхийн музей, дуурь, драмын театраа шинээр барина. Гадаадын гэлтгүй дотоодын аялагчдад ч үзэж харах юм хэрэгтэй байна.

Засгийн газрын тэргүүн орон нутагт ажилласан ажлын тайлангаа ингэж дүгнэв. Хэрэвзээ Засгийн газрын өмнөө тавьсан энэхүү том зорилго ам биш, ажил хэрэг болж чадвал Монголын эдийн засаг ганцхан уул уурхайн хөрөнгө оруулагчдаас хамааралтай байхаа болино гэсэн үг. Ийм хүлээлт эрх баригчдад ч, иргэдэд ч байна.

Урдаhал дүлгөөн Балжамнай
Улаалзай мойhоной орон
Уургай сайгаа аягаланхай
Урьхан ижийм нютаг гэсээр Хэнтийн буриадууд талхаа барьж, цөцгийгөө цохиж, торхоо цавчсаар үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж