Нийтийн тээврийнхэн мөнгө шамшигдуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн мөнгө шамшигдуулсан уу?

Цагдаагийн ерөнхий газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа зарим компаниудын эзэд хууль зөрчин, төрийн их хэмжээний мөнгийг шамшигдуулсан байж болзошгүй гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийтийн тээврийнхний холбогдоод буй хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.


-Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  нэрийг ашиглан нийтийн тээврийнхэн их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэргийг шалгаж эхэлсэн гэлээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгодог. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулахад тухайн автобус үйлчилгээнд гарахдаа бүртгүүлдэг МТ150 гэж GPS /байршил илрүүлэгч/ тоног төхөөрөмжийг нэг машинд олноор байршуулж, нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явж буй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тухайн төхөөрөмжийг станцуудад бүртгүүлэх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна. Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлэн, шалгаж байна.

-Ямар компаниуд улсад хичнээн төгрөгийн хохирол учруулав?

-Нийслэлд нийт 21 компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байна. Үүнээс гурван компани энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1.6 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа. Энэ дагуу тухайн гэмт хэрэгт холбогдуулан дөрвөн иргэнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн байцаалт явуулж байна.


“Тэнүүн огоо”, “Тулга огоо”,”Тэнүүн дэлгэр” гэсэн гурван компанийн захирлыг болон нийтийн тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээний ахлах мэргэжилтэнг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж