“Хавдрын эсрэг үндэсний аян” ес дэх жилийнхээ нээлтийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян” ес дэх жилийнхээ нээлтийг хийлээ

“Манай аав одоо 89 настай. Аав маань уушгины хорт хавдраар өвдөөд удаж байна. Дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж, эмчлүүлнэ. Эмчийнхээ хяналтад байнга байдаг. Өнөөдөр дүүргийн эмнэлэг маань хорт хавдрын үзлэгийг тав хоног үнэ төлбөргүй хийх юм байна. Мөн хавдрыг эрт илрүүлэх оношлогооны багаж, төхөөрөмжтэй болж байгаад тун баяртай байна” хэмээн Хан-Уул дүүргийн долдугаар хорооны иргэн Ч.Туяа өнөөдөр /2019.05.13/ тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр ес дэх жилийнхээ нээлтээ хийж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нээлтийн үеэр хэлсэн юм.

Хан-Уул дүүргийн хувьд 2018 оны байдлаар хорт хавдартай 993 хүн шинээр оношлогджээ. Үүнээс өнгөрсөн онуудад оношлогдсон 243 хүн хорт хавдраар нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Энэ талаар Хан-Уул дүүргийн Хавдар судлалын амбулаторийн их эмч Ц.Цэцэгмаа эмч ярихдаа “Өвчтөнүүдийн ихэнх нь элэг, умайн хүзүү, ходоод, хөхний хорт хавдраар зонхилон өвдөж байна. Харин эрт оношлогоонд хамрагдаж буй иргэдийн эзлэх хувь 30-40. Үлдсэн 60-70 хувьд иргэд хорт хавдрын хожуу үед оношлогдож байгаа” гэв.

Харин салбарын сайд Д.Сарангэрэлийн хувьд “Дэлхий дээр жилд 14 сая хүн хорт хавдартай гэж оношлогдож байна. Манай улсын хувьд  хорт хавдрын шинэ тохиолдол жилд 6000 бүртгэгдэж, 4000 хүн нас барж байна. Одоогийн байдлаар 16 мянган хүн хорт хавдартай амьдарч байна гэсэн судалгаа байна” гэдэг статистик мэдээг танилцууллаа.

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ЫГ НИЙТ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН

"Хаан банк” сангийн менежер М.Мандахмягмар

Уг аяны нээлтийн үеэр Хаан банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк Сангийн менежер М.Мандахмягмар мэдээлэл өгөхдөө “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг ес дэх жилдээ хэрэгжүүлэхээр нээлт хийж байна. Хаан банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв болон Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран уг аяныг тасралтгүй, амжилттай хэрэгжүүлж ирсэн. Бидний хувьд хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулаад зогсохгүй төрөөс анхаарлаа хандуулах түвшинд ач холбогдлыг нь олон нийтэд таниулж чадсан нь энэхүү аяны хамгийн том үр дүн хэмээн ойлгож байна. Хаан банкнаас өнгөрсөн найман жилийн хугацаанд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ аянд зарцуулсан байдаг. Манай банкны зүгээс энэ аянд зөвхөн санхүүжилт үзүүлээд зогсохгүй бүхий л зохион байгуулалтад идэвхтэй оролцдог. Түүнээс гадна Хаан банкны 2700 гаруй ажилтан эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэгдэж, хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг иргэдэд хүргэдэг” тухай ярилаа.

“АЯНЫХАА МЭДЭЭЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ АЖИЛЛАХ БОЛНО”

Монголын мэдээ сувгийн захирал Р.Гандиймаа

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа “Монгол Улсад 16 мянга гаруй хүн хорт хавдраар шаналж байгаа нь тун харамсалтай. Бид энэ аяны хүрээнд 50  мянга гаруй хүнийг хорт хавдраас урьдчилан сэргийлж, мэдлэг мэдээллээр хангаж чаджээ. Цаашид ч олон хүнийг хорт хавдрын эрт оношлогоонд хамруулж, хавдраас сэргийлэх үйлсэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олон нэгдэж  ажиллахаа амлаж байна. Манай телевиз нь санхүүжилтийнхээ дийлэнх хэсгийг улсын төсвөөс авдаг. Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүждэг телевизийн хувьд манай телевизийн хийх ёстой хамгийн чухал амин сүнс нь юм. Тийм учраас бид есөн жилийн турш энэ аянд нэгдэн, орон нутагт эмнэлгүүдэд ажилласан. Тухайн үед алтан гартай эмч нар цаг наргүй яаж ажиллаж байгааг хараад бахархахгүй байхын аргагүй байсан. Энэ жилийн хувьд бид “Есөн жил үргэлжлүүлсэн аянаа хэрхэн баялаг болгож, хүмүүсийн уураг тархинд шингэтэл мэдлэг болгох вэ” гэдэгт анхаарч ажиллана гэж ярилцлаа. Тиймээс энэ жил мэдээллийнхээ чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно” гэлээ.

“АЯНЫ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ХАМРУУЛАХЫГ ЗОРЬЖ АЖИЛЛАНА”

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн

АЯНЫ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ХАМРУУЛАХЫГ ЗОРЬЖ АЖИЛЛАНА

“Есөн жил гэдэг бол багагүй хугацаа. Аливаа нэгэн хөтөлбөр тууштай, тогтвортой хэрэгжинэ гэдэг бол өгөөж сайтай нь илрэл. Өнөөдрийн байдлаар бид 66 мянган км замыг туулж, нийт 21 аймаг, есөн дүүрэгт хүрч ажилласан байна. Бид сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэдийг уг аяндаа хамруулахыг зорьж байгаа. Учир нь хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлтийн авч үзэхэд орон нутгийн иргэдийн хамрагдах байдал  харьцангуй өндөр байдаг. Харин хотын завгүй амьдралтай иргэдийн хувьд эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь тааруу байна. Мэдээж хорт хавдрын эмчилгээний үр дүн ямар үе шаттай оношлогдож байгаагаас шууд хамааралтай. Хэдий чинээ эрт оношлуулна, төдий чинээ хорт хавдраа давж гарч чадна. Өнөөдөр гэхэд иргэн бүр элэгний хорт хавдрын үзлэг оношлогоонд сайн хамрагдаад байна. Анагаах ухааны технологийн ололтыг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлэхдээ 1.5 кг жинтэй аппаратаар, 10-15 минутад хорт хавдрын маркерыг илрүүлэх боломжтой болоод байна” гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн юм.

Энэ аяны хүрээнд өнгөрсөн найман жилийн хугацаанд нийт 72.440 км зам туулж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллажээ. Ингэхдээ 120 мянга гаруй иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 596 яаралтай мэс ажилбар хийсэн байна. Мөн 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулж, аяныг хамтран хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлжээ.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийн дараагийн зогсоол Дархан-Уул аймаг. Аяны хүрээнд багийнхан зургадугаар сарын 10-наас эхлэн тав хоногийн турш тус аймагт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллах гэнэ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж