Монгол Улсын оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран Монгол-ОХУ-БНХАУ-БНСУлсуудын зохиогчийн эрхийн байгууллагуудын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Өнөдөөр/2019.05.13/ “Туушин” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн “Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт уулзалт гурван өдөр үргэлжлэх юм.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр болж буй энэхүү уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн хөгжлийн газрын захирал Гао Хан нар үг хэлжээ.
2013 оноос зохион байгуулагдаж эхэлсэн дөрвөн талт уулзалт энэ жил анх удаа Монгол Улсад болж байгаагаараа ихээхэн онцлог болж буй аж. Долоо дахь удаагийн уулзалтаар олон асуудлыг хөндөн ярилцаж, бусад орны туршлагаас суралцах том боломж бийгг зохион байгуулагчид хэлж байв.
Оюуны өмчийн газраас 2019 оныг мэдээлэл, сурталчилгааны жил болгон зарлажээ. Энэ хүрээнд олон талт ажлын нэг болгон дөрвөн орны зохиогчийн эрхийн байгууллагын уулзалтыг хийж, харилцан туршлага судлах боломжийг гаргаж байгаа аж. Уулзалтын үеэр талууд зохиогчийн эрх болон түүнд хамараах эрх, ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон бусад олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлогын арга хэмжээ, цаашдын хандлага зэрэг харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэгийг өрнүүлэхээр болжээ. Мөн цахим орчинд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар онцлон ярилцах юм байна.
Монгол Улсад уран бүтээлчдийн хувьд оюуны өмчийн эрхийг зөрчих асуудал их тулгардаг. Мөн БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах оронд дуучдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цацах, худалдах асуудал гарсаар байна. Энэ талаар БНХАУ-аас ирсэн төлөөлөгчтэй ярилцахаар болжээ. Мөн уулзалтын гол анхаарал татаж байгаа орон бол БНСУ. Тус улсын соёл, урлагийн салбар өндөр түвшинд хөгжиж, дэлхийн зах зээл дээр томоохон амжилтуудыг авчирч байгаа олон жишээ бий. Энэ мэтчилэн хөрш зэргэлдээ орнуудын туршлагаас судалж, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломж бүрдүүлэхэд энэхүү уулзалтын ач холбогдол оршино гэж Оюуны өмчийн газраас мэдээллээ.
“Зохиогчийн эрх эдийн засаг болон хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдэвт уулзалтын дараа зохиогчийн эрхийн асуудлаар үндэсний хэмжээнд семинар, сургалт зохион байгуулахаар болжээ.
Холбоотой мэдээ