
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр анхны албан ёсны айлчлалаа Унгараас эхэлж байгаа нь санаандгүй зүйл биш гэлээ. Тэрээр Монголтой адил нийгмийн нэг тогтолцоонд байсан БНУУ нь Европын холбоонд элсэхдээ түүний нөхцөл, шалгуур, стандартыг ханган улс орноо түргэн хурдацтай хөгжүүлж буй бэлэн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх зорилт тавьж байгаагаа тайлбарлалаа.
Хоёр орны хооронд улс төрийн дээд, өндөр түвшинд тогтсон яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохыг тэмдэглэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг Монгол Улсад айлчлах урилгын хамт уламжлав. Мөн Унгарын хөгжлийн түүхээс суралцах, уул уурхай, экологи, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санал гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.