МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг зургадугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулсан тоглолт бүрээрээ балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг МУГЖ Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчидын хамт ирэх юм байна. Монголд болох энэхшүү олон улсын балетын наадмын талаар Монгол Улсын “Соёлын элч”, МУГЖ Д.Алтанхуяг балетын урлагийн хамгийн том “Пойнте” (Pointe) сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монгол улсад олон улсын балетын наадам болох талаар зарлан, дэлхий нийтийн балетын бүжигчдийг эх орондоо урьсан талаар онцолсон байна.
Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome Mongolia–2015” наадмын бэлтгэл эхэлсэн ба Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа шууд Япон улсад тоглох ажээ.
“Welcome to Mongolia 2015” наадамд Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна .
“Монголын балетын хөгжил сан”-гийн 2011 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг олон улсын шинжтэй тоглолтуудын Монголын балетын урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийн илрэл бол нэг үе унтаа, зогсонги байдалд орж байсан балетын урлаг сэргэж эхэлсэн ба үүнийг Монголын ДБЭТ-ыг зорих үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, тухайлбал өнгөрсөн жил МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар шинээр тавигдсан “Цөмөөхэй” балетыг 7 хоногийн турш үзэгчид дүүрэн үзсэн нь харуулж байна.
Балетын урлагийн хөгжлийн энэ явцыг улам нэмэгдүүлэхийн тулд зохион байгуулагч “Монголын балетын хөгжил сан” идэвхитэй ажиллаж байгаа ба “Монголд тавтай морил” олон улсын балетын наадам ч Монголын балетын үзэгчдэд өнөө үеийн балетын хөгжлийн шинэ төрх, хөгжлийг ойртуулж, мэдрүүлэх зорилготой юм байна.