Ц.Цолмон сайд &#34Оюутан цэрэг&#34-үүдээ эргэлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон сайд &#34Оюутан цэрэг&#34-үүдээ эргэлээ

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнуудынхаа цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээлийн явцтай танилцлаа. Түүнтэй хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, "Оюутан цэрэг" хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав нарын албаныхан УБИС, МУИС-ийн хичээлийн байранд суралцаж буй оюутан цэргүүдтай уулзлаа. Оюутнууд цэргүүд салбарынхаа сайд болон хөтөлбөрийг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархаж буйгаа илэрхийлж байсан юм. МУИС-ийн оюутан "Эр хүн болж төрснийх цэргийн алба хаах ёстой юм байна гэдгээ хөтөлбөрт хамрагдсаны дараа ойлгосон. Хичээл нь сонирхолтой байна. Цаашдаа бэлтгэлд гарч, цэргийн амьдралаар амьдарна гэхээр бүр сайхан санагдаж байгаа. Энэ хөтөлбөр нь бидний цаг завыг хэмнэж төрийн албанд орж ажиллах үүд хаалгыг нээж байна" гэв. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн хувьд оюутнуудад хичээлдээ шамдан суралцахыг захиад Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслөөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хугацаа тодорхой болно. Цаашлаад улам боловсронгуй болгох талаас нь салбарын зүгээс ажиллаж байна" гэсэн юм. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар "Эр хүний нөхөрлөл цэргийн хуарангаас эхэлдэг юм. Зүсэм талхаа хувааж идэхээс л цэргийн нөхөрлөл эхэлнэ. Надад цэргийн алба хааж байсан цаг хугацаа хамгийн сайхан үеийн маань нэг" хэмээн оюутнуудыг цэргийн албандаа шамдан суралцахыг сануулж байв.

 

Энэ удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулиас 1134 оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр 8 бүлгээр хичээллэж байна. БХИС-ийн 23 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 10.00-15.00 цагийн хооронд оюутан цэргүүдэд “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу зааж байгаа ажээ. Цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нд хичээл хаагдана. Тодруулбал, энэ сарын 30-нд онолын сургалтын шалгалт аваад тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-д хамруулах юм байна. Цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээл зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.  Энэ хөтөлбөрт 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн байдаг юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж