Хот газар унахад чамин төдийгүй гэр бүлээрээ хөдөө газар явахад аюулгүй байдал бүрэн хангагдсан цоо шинэ загварын RAV4 автомашинтай илүү сайн танилцаж, ОХУ, Австрали зэрэг томоохон орнуудаас өрсөж “нөхөрлөх” боломж монголчуудад бүрдлээ. Тоёота брэндийн тав дахь үеийн энэхүү цоо шинэ загвар нь сүүлийн үеийн бүх машинд ашиглаж байгаа платформыг ашигласнаар шинэ тав тухыг бий болгож чадсан байна. Улмаар хэмжээний хувьд одоо байгаа хуучин хувилбараас бага зэргийн өргөн, харагдац нь илүү том болжээ. Салоны хувьд минималист хэв шинжтэй.
Нийт найман аюулгүйн дэрээр тоноглогдсон төдийгүй замын нөхцөлөөс хамаарч жолоодлогын автомат горимоос /цас, элс, шавар, хад, хайрга/ тухайн замд тохирсон жолоодлогыг идэвхжүүлж бартааг туулдаг болсон нь ёстой л монголчуудад зориулсан юм шиг санагдана. Хөдөлгүүрийн хүчийг урд болон хой тэнхлэгт 50:50 харьцаатай хуваарилсан нь эргэлт хийхэд баруун зүүн дугуйнд хүчийг автоматаар хуваарилж тэнцвэртэй эргэлтийг гүйцэтгэнэ.
Шинэчлэгдсэн 2.0 багтаамжтай бензин хөдөлгүүр нь 8 шатлал бүхий CVT хурдны хайрцагтай, хүчин чадал нь өмнөх загвараас 21 хувиар нэмэгдсэн байна. Хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдсэн ч шатахуун зарцуулалтыг 9 хувиар бууруулж чадсанаараа онцлог юм. Хамгийн гол нь 2019 оны эл загвар SUV автомашины ангилалд багтах хэдий ч засмал замд зориулагдсан, тав тухтай байдлыг илүү чухалчилжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах асуудалд дэлхий нийтээр мэдрэг хандах болсон тул эко авто машины эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. 2019 оны RAV4 нь Hybrid буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй болсон нь өмнөх загваруудаас шинэчлэгдсэн нь давуу тал юм. Чанартай, найдвартай гэдгээрээ монголчуудын танил болсон 80 гаруй жилийн түүхтэй Тоёота компани тав дахь үеийн загвар RAV 4 автомашины албан ёсны нээлтээ энэ сарын 13-нд “Зайсан хилл”-д хийсэн нь энэ юм.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ АНХААРСАН
"Тоёота Сэйлс Монголиа" компанийн захирал ТОШИРО КУРАХАШИ:
-Энэ удаагийн RAV 4 автомашин нь Hybrid буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй гэдгээрээ илүү давуу талтай. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалт нь энгийн бензин хөдөлгүүртэй машинаас бага гэсэн үг. Тиймээс бид 2019 оны RAV 4 загварыг байгальд ээлтэй гэж үзэж байгаа юм. Нөгөө талаасаа Улаанбаатарт өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгддэг. Үүнийг бууруулахад автомашин маань илүү байгальд ээлтэй байх ёстой гэж үзэж байгаа учраас манай компани цаашид эко автомашиныг нэвтрүүлэхэд илүү анхаарч ажиллана. Мөн автомашины түгжрэл зөвхөн Монголд биш дэлхий нийтийн асуудал болсон учраас хүлэмжийн хий бага ялгаруулдаг болгохоор зорьсон. Хамгийн чухал нь, зорчигчдын аюулгүй болон тав тухтай байдлыг илүү чухалчилсан учраас салоны технологийг шинэчилсэн. Энэ утгаараа байгальд ээлтэй, хэрэглэгчдэд тухай автомашин болсон болов уу гэж үзэж байна.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Маркетингийн ажилтан Л.ТЭМҮҮЖИН:
-Манай компани 2019 оны тавдугаар сард RAV 4 автомашины нээлтийг албан ёсоор хийж байна. Уг автомашины давуу тал нь бид бүхэн монголын зах зээлд албан ёсоор анх удаагаа Hybrid буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй авто машин худалдаалж буйгаар онцлог юм. Уг автомашин байгаль орчинд илүү эко гэдгээрээ давуу талтай. Километр тутамд 100 грамм нүүрс хүчлийн хий ялгаруулж байгаа юм. Нийт найман өнгөний сонголттой 173 морины хүчин чадалтай. Бид бүхэн 100 мянган км-ийн албан ёсны баталгаат хугацааг өгнө.
Тоёота компанийн зүгээс 2019 оны шинэ загвар болох тав дахь үеийн RAV 4 автомашиныг байгальд ээлтэй бас хэрэглэгчдэд илүү тав тухтай найдвартай гэсэн баталгааг өгч байсан. Энэхүү машиныг сонирхож буй иргэдийн зүгээс RAV 4 нь өмнөх загваруудаасаа доторх салон нь харахад зай багатай мэт боловч маш том зайтай, зөөлөн, тухтай, багаж нь илүү зайтай болсныг хэлж байв. Эмэгтэйчүүдийн хувьд улаан өнгийг илүү чухалчилж бас сонирхож байгаа харагдсан. Ингээд зарим үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
ХЭРЭГЛЭГЧИД ТАВ ТУХТАЙ ОРЧНЫГ ИЛҮҮД ҮЗЭВ
Иргэн С.ЧУЛУУНБАТ:
-“Тоёота” компанийнхан шинэ загварын RAV4 автомашины тухай танилцуулж, давуу талыг танилцуулсан. Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг уг машинд сууж үзлээ. Салон үнэхээр чөлөөтэй, жолоочийн болон зорчигчдын хэсэг суухад ая тухай байгаа нь их таалагдлаа. Миний хувьд одоогоор LAND 200 унаж байгаа ч RAV 4 автомашины хоббитой. Өмнөх загварыг унаж байсан юм Энэ машин ер нь эдэлгээ сайн чанартай, хөдөө явахад илүү тохиромжтой.
Иргэн Ж.УРАН:
Шинэ загварын RAV 4-тэй танилцлаа Харагдаж байгаагаасаа илүү том зайтай, тухтай мэдрэмж төрж байна. Би дунд оврын жийп машин сонирхдог. Их таалагдлаа. Салон нь цайвар өнгөтэй л бол гаднах өнгө бол хамаагүй л дээ.
Иргэн АРИУНБОЛД:
-Шинэ загварын маш сайхан машин ирсэн байна. Тав дахь үеийн RAV4 нь өмнөх загваруудаасаа их олон давуу талтай юм. Суухад тав тухтай мэдрэмж төрж байна. Их том зайтай бас зогсоолын автомат цахилгаан тормозны системтэй, өвлийн улиралд жолоочийн талын суудал халаах товчлууртай, хүчин чадал нь нэмэгдсэн ч бензин бага иддэг гээд олон давуу талтай юм. Эхнэр хүүхдэдээ авч өгөхөөр сонирхож байна л даа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ