Иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг гэжээ

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд “Шүүхийн эерэг, сөрөг мэдээлэл” мониторингийн судалгааны талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс шүүхийн үйл ажиллагааны талаарх иргэдэд өгч байгаа мэдээллийн чиг хандлага, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор 2015 оны 1-р сарын 05-ны өдрөөс 2015 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөртутмын 8 сонин, 7-10 хоногтутмын 3 сонин, мэдээллийн 57 вэб сайтад нийтлэгдсэн мэдээлэлд мониторинг хийжээ. Судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар нийтлэгдсэн нийт 860 мэдээ, мэдээлэл байснаас 8 хувь нь эерэг, 83 хувь нь төвийг сахисан, 9 хувь нь сөрөг мэдээлэл байсан байна. Сөрөг мэдээллийг судалж үзэхэд шүүхийн шүүн таслах ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл нийт сөрөг мэдээллийн 58.1 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс болон бусад хөндлөнгийн судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилжээ. Тухайлбал 2014 онд шүүхэд итгэх иргэдийн итгэлийн үзүүлэлт 58,3 хувьтай байсан бол 2015 онд иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн судалгааны дүн гарсан талаар мөн энэ үеэр мэдээллээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж