Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн /Нацү башё/ Токио хотод өчигдөр эхэллээ. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эрины анхны тэмцээн гэдгээрээ ихээхэн онцлог болж байна.
Өнгөрөгч Харү башёд түрүүлж, 42 дахь түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал анхаарлын төвд байсаар байна. Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргаад буй билээ. Ерөнхийлөгчийн зүгээс түүний материалыг шалгаж үзээд иргэншлээс хасах, эсвэл хасахгүй байх шийдвэр гаргах юм. Тиймээс Хакүхогийн барилдаанаас илүүтэй түүний иргэншлээ солих асуудал анхаарал татаж эхэлсэн. Уг асуудал эртнээс яригдсан ч энэ сард олонд ил болсон юм.
Хакүхо энэ сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжихөөр болсон. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай хүндхэн барилдаан хийж, ялалт байгуулсан ч баруун гарандаа бэртэл авсан юм. Түүний эмчийн хэлснээр, баруун гарын булчингийн 70 хувь тасарсан тул дахин гурван долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Тиймээс хүчний дасгал хийж болохгүй гэсэн эмчийн дүгнэлтээр Хакүхо өнжиж байна. Түүний хувьд Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээнд түрүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байсан ч бэртлийн улмаас өнжихөөр болсноо тэмцээн эхлэхээс гурван өдрийн өмнө мэдэгдсэн билээ.
Хакүхог эзгүй үед башёд түрүүлэх магадлалтай олон бөх бий. Аварга Какүрюү М.Анандад том боломж гарч ирлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны гурав, тавдугаар сарын тэмцээнд түрүүлж, тав дахь түрүүгээ авчээ. Мэдээж түүний гол өрсөлдөгч болох Гоэйдо, Такаясү, Такакеишо нарын арслан /озэки/ цолтнууд бий. Өнгөрөгч башёд их аварга Хакүхогийн араас ганц унаатай нэхэж явсан Монголын үлэмж биет хэмээх Ичиножёо А.Ичинноров цол ахиж сэкивакэ цолондоо эргэн ирсэн. Түүний хувьд хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэгдүгээр сарын түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргилын хамт бичигдэж байна.
Нацү башёгийн хамгийн их анхаарал татаж байгаа зочин бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп билээ. Тэрбээр Япон улсад хийх айлчлалаа Нацү башёгийн сүүлийн өдрүүдэд тааруулжээ. Трамп тавдугаар сарын 26-ны өдөр болох 15 дахь өдрийн барилдааныг үзэж, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын цом гардуулах юм. Энэ үйл явдал өнгөрөгч сард эцэслэн шийдэгдэж, Трамп Токио хотын Кокүгикан ордонд сүмо үзэж, түрүүлсэн бөхийн шагналыг гардуулах болсон.
Рэйва хэмээх шинэ эрины анхны тэмцээн ийнхүү олон олон содон үйл явдалтай эхэлж байна.
Өчигдөр эхэлсэн Нацү башёгийн эхний өдрийн барилдаанд аварга Какүрюү М.Ананд, арслан Гоэйдо, Такакейшо, сэкиваке Точиношин нарын том цолтнууд даваагаа авчээ. Харин манай бөхчүүдээс сэкивакэ А.Ичинноров, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар учраа бөхдөө дийлдсэн байна.
Холбоотой мэдээ