"Хэрэг удавч хуучрахгүй, хэрээ өтлөвч бууралтахгүй" гэдэг хэлц үг бий. Эрх баригч нам 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгаж баталсан нь өнөөдөр цагаан захтануудад ялаас мултрах боломж олгов. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг багасгах санал гаргасан нь байнгын хорооны хуралдааны протоколоос ил болсон. Дээрх саналыг эсэргүүцсэн гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж, хугацааг таван жил болгосон нь өнөөдөр нэлээд маргаан дагуулж байна. Уг хуулийн талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Эрүүгийн шинэ хууль батлагдахаас өмнө хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо цагдаагийн байгууллагаас, эсвэл хуулийн байгууллагаас шалгаж байгаа хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд тооцдоггүй байсан. Жишээгээр тайлбарлавал, 2000 онд хэрэг хийсэн хүн 2004 онд мөн хэрэг үйлдэж, дахин 2008 онд хэрэг үйлдээд баригдсан гэж бодъё. Энэ тохиолдолд 2000 онд хийсэн хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүйгээр бүгдийг нь нийлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг төгссөн хугацаагаар нь эхлэн тоолдог байсан. Хуулийн байгууллага хэргийг шалгахдаа зарим тохиолдолд аудитын дүгнэлт гаргуулах, эсвэл гадны хууль хяналтын байгууллагаас бичиг авчрах, тусгаарлан шалгах тохиолдол бий. Гэтэл Эрүүгийн шинэ хуулиар хуулийн байгууллагаар шалгаж байгаа хугацааг нь хөөн хэлэлцэх хугацаанд оруулчихсан. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдэгдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гээд өөрчилчихсөн. Маш олон хэргийн шүүх хурал хойшлогдож буцаагддаг. Шүүх хурал нь гурван удаа, таван удаа, 10 удаа ч хүртэл буцсан тохиолдол байдаг. Ингэж шүүх хурал хойшлогдох бүртээ хөөн хэлэлцэх хугацаанд тоологдож байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, давж заалдах гээд цааш үргэлжилнэ. Энэ хооронд хагас жилийн хугацаа өнгөрнө. Мөн л хөөн хэлэлцэх хугацаанд тоологдоно.
-Та чуулганы хуралдаан дээр эсэргүүцэж байсан ч Байнгын хорооны горимын санал шууд дэмжигдсэн?
-Би тухайн үед эсэргүүцсэн ч бүлэггүй хүн чинь яалтай билээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг хийх үед “Хөөн хэлэлцэх хугацааг бүрмөсөн байхгүй болгох нь, би эсэргүүцээд ганцаараа хэцүү байна. Бүлэгтэй байсан бол завсарлага авч, ард түмэндээ яаралтай мэдэгдэхсэн. Бүх албан тушаалтны хэргүүд цагаатгагдах нь” гэж хэлж байсан. Өнөөдөр шалгагдаж байгаа маш олон томоохон хэрэг бий. Хөгжлийн банкны хэрэг, түрээсийн орон сууцны хэрэг, Бондын хэргүүд, Монголбанкны хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ-ийн хэрэг, ЖДҮ-чдийн хэрэг, концессийн, төмөр замын хэрэг гээд томоохон хэргүүд шалгагдаж байгаа. Эхнээсээ прокуророос зарим хэргийг шүүх рүү шилжүүлсэн атал сая хурал хийнгүүтээ бүх хэргийг прокурор руу буцаачихсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр "Жаст"-ын Батхүүгийн хэргээс эхлээд томоохон хэргүүд цагаатгагдана. 49 ЖДҮ-чин өөрсдийнхөө хэргийг ч цайруулчихаж байгаа юм. С.Баярцогтын оффшорын хэрэг албан ёсоор хэрэгсэхгүй болж байна гэсэн үг. Дэлхий дээр манайх шиг ийм жишиг байдаггүй л дээ. Ихэнх гаднын орнуудад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг ч тухайн хэргийг шалгах үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тохиолдолд прокурор, мөрдөн байцаалтын шатанд хөөн хэлэлцэх дууслаа гээд хэргийг хаадаг. Хэргийг шалгах явцад хөөн хэлэлцэх хугацаа нь тоологддоггүй.
Манайд бол наагуураа ард түмэнд таалагдах гэж гоё жүжиг тоглож байгаа. Цаагуураа юу хийж, юуг ч өөрчилдөгийг шинэ Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт хийснээс шууд харагдана. “Хулгайч нар хувьсгал хийдэггүй юм” гэж би хэлж байсан нь энийг л хэлж байсан юм.
-Хөөн хэлэлцэх хугацааг гишүүд өөрчлөх тухайн үед Хууль зүйн байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Үүнийг янзалчихъя л даа. Одоо тэртэй тэргүй Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг дээр чинь бол хөнгөн гэмт хэрэг дээр нэг жилийн хугацаа өнгөрчихсөн бол яллагдагчаар татаж болохгүй гээд явж байгаа шүү дээ” гээд өөрчлөх санал гаргаж улмаар дэмжигдсэн нь протоколд үлдсэн.Ш.Раднаасэд гишүүн Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт зориулан, хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан гэх хардлага байна?
-Мэдэхгүй байна. Би хуульч хүн. Энэ утгаараа Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр орох ёстой гэж боддог. Харамсалтай нь намайг оруулдаггүй юм. Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах үед надад зөвхөн УИХ-ын чуулганы хуралдаан дээр л үг хэлэх боломж олдсон. Ажлын хэсгийн ахлагчаар наад хүүхэд чинь болохгүй гэж хэлж байсан.
Яагаад гэвэл ах нар бохир зүйлээ учир мэдэхгүй хүүхдүүдээр хийлгүүлчих гээд байдаг юм.
–Шинэ Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар гишүүнийг хэлж байна уу?
-Тийм ээ. Ажлын хэсэгт засах боломж байсан. Ажлын хэсгийг ахлагч нь тухайн үед яаж цээжээрээ хамгаалж байсныг хэвлэлийнхэн харсан л байлгүй. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэг үсэг, нэг өгүүлбэр буруу бичигдэхэд нийтээрээ тэр хууль үйлчилдэг. Үүнийг хуулийн том цоорхой гэж нэрлэдэг юм. Цоорхойгүй хууль гаргахын тулд мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсээр ажлын хэсгээ ахлуулах нь зөв. Жишээ нь, тухайн үед Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар өөрсдөө яагаад ажлын хэсгийг ахлаагүй вэ гэвэл нэг удаа сонгогдсон хүүхдүүдээр хуулийн цоорхойн бохир ажлаа хийлгүүлснийх.
-Одоо хуулийг өөрчлөх боломж бий юу?
-Хуулийг буцаан хэрэглэхгүй. Шинэ хууль батлаад түүгээрээ С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг шалгах ямар ч боломжгүй. Эрүүгийн хуультай дэлхийн улс орнууд хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчмыг дагадаг. Хуучин Эрүүгийн хуулийн 265 дугаарт билүү нэг заалт байсан. Албан тушаалын хэргийг Эрүүгийн хуульд оруулаагүйгээс болоод маш олон албан тушаалын хэргүүд цагаатгагдаж байсан. 2005 онд Ц.Нямдорж Хуульзүйн сайд байсан санагдаж байна. Яг тэр үеийнх шиг тохиолдлоор энэ удаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр олон хүн хэргээс мултарна. Шинэ Эрүүгийн хуулиар одоо С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох юм билээ. Оюутолгой төслөөр шалгагдаж байгаа хүмүүсийн хэргийг ч гэсэн хэрэгсэхгүй болгоно. Цагаан захтануудын авилга, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгосон. Ийм л бохир зүйл боллоо доо. Одоо эрүүдэн шүүсэн хэрэг ч гэсэн хэрэгсэхгүй болно. Яагаад гэвэл эрүүдэн шүүлт 2015 онд хийгдсэн нь бичлэгт гардаг биз дээ. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болголоо гэхэд МАНАН, мафийн бүлэглэлийн гар, хөл гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл хуулиа л дагаж мөрдсөн гэсэн үг. Шүүгчид ямар ч буруу байхгүй. Шүүгч хуулийн заалтаа л дагаж мөрдөнө. Хууль баталдаг хүмүүс тэд биш.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах үүргийг Засгийн газарт хүргүүлэх санал гарсан. Ер нь байнгын хорооноос ийм санал гаргах нь хэр зохистой вэ?
-Шүүх л шийдвэрлэнэ. Шинээр илэрсэн нөхцөл байдал мөн эсэхийг шүүх л шийдвэрлэнэ. Хууль зүйн байнгын хороонд эрүүдэн шүүлгэсэн маш олон хүн өргөдөл өгч, суллах шийдвэр гаргаж өгөөч гэж хандаж байгаа юм билээ. Ер нь бол шүүх, прокурорын ажилд улстөрчид орох хэрэггүй л дээ.
Холбоотой мэдээ