Ш.Чоймаа: Сэтгэхүйн зэвсгээ төгс эзэмшиж байж гадаад хэл сурах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Ш.Чоймаа: Сэтгэхүйн зэвсгээ төгс эзэмшиж байж гадаад хэл сурах ёстой

Ш.Чоймаа: Сэтгэхүйн зэвсгээ төгс эзэмшиж байж гадаад хэл сурах ёстой

Үнэт зүйлээ мэддэг, зөв монгол хүнийг хэрхэн бэлтгэх талаар Төрийн соёрхолт, ардын багш Ш.Чоймаатай ярилцлаа.


-Даяарчлагдаж буй энэ эринд тухайн үндэстэн өөрийн үнэт зүйлээ хадгалснаар урт хугацаанд тусгаар улс болон оршин тогтноно. Монголчуудын үнэт зүйл юу вэ?

-Монгол хүний үнэт зүйл гэдгийг өвгөдөөс уламжилсан зайлшгүй баримтлах ёстой зан заншил, бие, хэл, сэтгэлийг залж явахад зориулсан бичигдээгүй дүрэм болсон бүх чанарын нийлбэр гэж нэрлэж болно.

Хоёрт, Төв Азийн уудам нутагт нүүдэлчин монголчууд хэдэн мянган жил оршин тогтнохдоо бэлчээр, газар нутаг, таван хошуу мал, байгаль, ан амьтнаа шүтэж, байгалийн ивээлд аж төрж ирсэн. Монголчуудын нутаг ус, хөрс, шороо, ан амьтнаа хайрлаж, хамгаалж ирсэн энэ шүтэн барилдсан харилцааг Монголын үнэт зүйл гэж хэлж болно.

Гуравт, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, АНУ-ын нэрт монголч эрдэмтэн О.Латимор “Төв Азийн нүүдэлчид өөрийн бичиг үсэгтэй болох гэж олон зуун жил оролдсон. Тэр дундаас монголчуудын үйлс л бүтэмжтэй болсон” гэж хэлсэн байдаг. Нүүдэлчин монголчууд байгаль, таван хошуу малын ивээлээр аж төрж, амьдрах явцдаа үр хүүхдээ хүмүүжүүлэх, сургаж, боловсруулах, амьдралын ухааныг суулгах, өвөрмөц заншил бий болгосон. Түүний хамт мянган жилийн тэртээгээс өөрийн бичиг үсэгтэй болж, судар ном бүтээж, түүндээ оюун билгийнхээ охийг шингээж, хойч үедээ уламжлуулж ирсэн ард түмэн. Мөн аман зохиолын арвин баялаг сантай. Эртнээс бүхэлдээ хадгалагдаж ирсэн монгол сэтгэлгээ бол яах аргагүй үнэт зүйл.

-Хүүхдийг үнэт зүйлээ мэддэг, зөв монгол хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг, эхчүүд, цаашлаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юунд анхаарах ёстой вэ?                                                                   

-Монгол шиг олон мянган жилийн улбаатай, цагтаа дэлхийг төвхнүүлсэн түүхтэй, асар уудам нутагтай, байгалийн баялагтай ч гуравхан сая хүн амтай улсын хувьд даяарчлал хэмээх үйл явцаас юуг нь авч, юуг нь орхиж, өөрийн үнэт зүйлийг яаж авч үлдэх вэ гэдэг нь иргэн бүрийн, бодлого боловсруулагч нарын алсын хараатай бодлогоос шалтгаална. Бодлого дөрвөн жилийн хугацаанд хэрэгждэг, өмнөх бодлогыг үгүйсгэлийн үгүйсгэл болгоод байвал бид урагшлахгүй. Одоо сонгуулиас сонгуулийн хооронд бүх зүйл өөрчлөгдөж байна. Тусгаар тогтнолоо олон жил хадгалъя гэвэл алсын хараатай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг бодлогыг ямар ч Засгийн газар гарсан ягштал биелүүлдэг байх хэрэгтэй. Бидний ярьж байгаа зүйл болох Монголын хүүхдүүдийн ирээдүйн төлөө, зөв монгол хүн болгохын төлөө хийж байгаа ажил, зарцуулж байгаа хөрөнгө нь өнөөдөр, маргааш ашиг өгөхгүй. Гэвч 10, 20 жилийн дараа үр дүн нь харагдана. Үр дүнд нь эх орноо гэсэн сэтгэлтэй, түүнийхээ төлөө өөрийн мэдлэг, авьяас, хүч хөдөлмөрөө зориулдаг монгол иргэн төлөвшиж, бий болох юм. Гэтэл манайхан шууд мөнгө болж ирэх зүйлийг үнэлэх хандлагатай байгаа нь өнөөдөр болж байгаа мэт боловч ирээдүйд хөнөөлтэй.

Зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд нөлөөлөх хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, төр засгийн зөв бодлого хэрэгтэй. Хоёрт, эрх болон үүрэг, хариуцлага тэгш хэрэгжих эрх зүйн орчин хэрэгтэй. Гуравт, гэр бүлийн төлөвшил маш чухал. Хүүхэдтэй ярилцаж, өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Зөвхөн цэцэрлэг, сургуульд даатган орхиж болохгүй. Монголын түүхээс эхлээд, ёс заншил, буян, нүгэл, зөв бурууг эцэг эх нь ялгаж салгадаг байж зөв монгол хүүхдийг хүмүүжүүлнэ.

Дөрөвт, цэцэрлэг, сургууль нь зөв тогтолцоотой байх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш нар хүмүүжлийн ажлын цаг гаргаж өгөх хэрэгтэй. Математикийн хичээл дээр А цэгээс Б цэг хүртэл гэж заахын оронд Улаанбаатараас Эрдэнэт хүртэл гэх зэргээр танин мэдэхүйн зүйлсийг өгүүлбэртэй бодлогод нь оруулаад өгвөл зохимжтой. Нөгөө талаас бурхан шиг багш байсан ч 45 минутад 50-60 хүүхдэд хичээлийг чанартай заах нь боломжгүй шахам зүйл. Өөрөөр хэлбэл, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх хэрэгтэй, нөгөө талд нэг анги 35-аас олон хүүхэдгүй баймаар юм.

Монголчууд юмыг асар хурдан ойлгодог, дасан зохицдог, авхаалж самбаатай ч гадны ямар нэгэн зүйлд маш амархан дасдаг, уусдаг сул талтай. Телевизээр дандаа гадны нэвтрүүлэг гаргаж байна. Үүний оронд хүүхдүүдэд зориулан үндэсний цуврал бүтээлүүдийг гаргавал тун зүйтэй юм даа. Хүүхдүүд Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга”-аас илүү анааш, муур, нохойг таньдаг болж, түүнд хайртай болж байна.

Хүүхдийг арай том болсон үед нь эх орон, түүх соёлынх нь онцлогийн талаар ярих хэрэгтэй. Ингэснээр хүүхэд харийн зүйлийг чамирхаж хүлээж авалгүй, өөрийн үнэт зүйлээ мэддэг болно.

Зөв монгол хүүхдийг бэлтгэхэд орчин чухал. Эрт үед зөв монгол хүнийг гэр бүл нь, айл саахалт нь, нутаг ус нь бэлддэг байж. Айл саахалт, нутаг усных нь хүн, танихгүй хүн ч тухайн хүүхдийн болохгүй үйлдлийг ойлгуулж хэлдэг байсан. Буруу үйл хийж байгаа хүүхдийн хажуугаар тоолгүй өнгөрөлгүй, зөв шаардлага тавьдаг байх хэрэгтэй.

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдаас монгол хэл бичгийн шалгалт заавал авч байгаа. Энэ жилийн шалгалтад сурагчдын 16 хувь нь унасан байна. Энэ нь олон зүйлээс шалтгаалж байгаа байх. Дунд ангид нь л монгол бичиг ордог, төгсөх  ангид ордоггүй. Төгсөх үед нь гэнэт шалгалт авдаг, монгол бичгийн дуудлага, бичиг ялгаатай зэргээс хүүхдүүд төвөгшөөдөг байж болох юм. Монгол бичгийг хэрхэн төвөгшөөлгүй судлах вэ. Монгол бичгийн гайхамшгийг та юу гэж нэрлэх вэ?

-Монгол бичгийн цаг бага, дунд ангид л заадаг байсан үе бий. Монгол хэлний тухай хууль батлагдсанаас хойш энэ бүхэн арай өөр болсон. Өнгөрсөн онд VI, VII, XII ангийн монгол бичгийн сурах бичгийг ахалж зохиосон. Тэрний өмнөх жил IX ангийн хүүхдийн монгол бичгийн сурах бичгийг хийсэн. VIII, X, XI дүгээр ангийн сурах бичгийг өөр багш нар зохиосон. Ингээд VI-XII анги сурах бичигтэй болсон. Харин сургууль бүр хөтөлбөрийн дагуу тухайн хичээлийг орж байна уу, хэр чанартай зааж байна вэ гэдэг нь нэг асуудал. Зарим сургуульд долоо хоногт нэг удаа монгол бичгийн хичээл орж байна. Ингэж болохгүй. Долоо хоногт хамгийн багадаа хоёр удаа орох хэрэгтэй.

Хүүхдүүд монгол бичгийн дуудлага, бичлэг нь төвөгтэй гэсэн хэр нь англи хэлийг сураад л байгаа. Англи хэлэнд дуудлагатайгаа адил бичигддэг үг байхгүй шахам. Англи үгний ард дуудлагыг нь тэмдэглэсэн байдаг шүү дээ. Эртний бичигтэй ямар ч улсын бичгийн дуудлага, бичлэг нь зөндөө зөрүүтэй байдаг. Гэсэн ч тэд төвөгшөөлгүй суралцдаг. Тухайлбал, хятад гэхэд дүрс бичгээс уламжилсан одоо утгын бичиг болоод байгаа ханзаар бичиж байгаа. Гэтэл 10 мянган ханз тогтоосон хүн ном уншиж ойлгодог болдог гэдэг. Монгол залуучууд хятад хэл сайн л сурч байгаа хэр нь монгол бичгийг төвөгшөөж байгаа нь үндэснийхээ бичиг үсгийг эзэмшье гэсэн сэтгэл дутаж байгаа хэрэг. Өөрийн өв соёлоо хүндэтгэн дээдлэх, эзэмших, сурах, сурталчлах тал нь муу байгаагийн шинж. Нөгөө талаас одоохондоо монгол бичгийг албан ёсоор шаардаагүй байгаа болохоор залхуураад хойш нь тавьж байгаа байх.

Эртний буюу сонгодог бичгийн хэлний үг хэллэгийг социализмын үед феодалын үг гээд хэрэглэхийг цээрлэдэг байсан. Ингээд бичгээ солихдоо өмнөх үеийнхээ яруу тансаг үгийг кирил үгсээр буулгаагүй юм. Үүний улмаас бид монгол хэлнийхээ арвин баялаг өв санг мартжээ. Монгол бичиг нь үг зүйн зарчимд тулгуурласан зөв бичих дүрэмтэй, дүрэм нь хэдэн зуун жилийн туршид өөрчлөгдөөгүй, Төв Азиар тархсан олон монголчуудын олон аялгууг нэгтгэж байдаг. Монгол бичигт о, у болон д, т, бас ц, ч, мөн з, ж-г нэг үсгээр тэмдэглэг. Өвөр Монголд “цагаан” гэснийг “чагаан” гэж уншина. Ингэснээр монгол бичиг олон аялгуутны дундын өв болж байгаа юм.

Нөгөө талаас үгийн олон утгыг ялгаж байдаг. Шинэ бичгээр шар гэсэн үг өнгө, чимээ, үхэр малын алийг нь илэрхийлж байгааг мэдэх боломжгүй. Монгол бичиг эдгээрийг ялгаж өгдөг. Мөн өмнөх болон хойно нь байгаа үгтэй холбон ухаарч уншдаг. Ухаарч уншдаг үсэг нь тухайн үндэстнийг хүмүүжүүлж байдаг. Аливаа юм хялбар болох тусам танигдахгүй болдог. Аль ч улсын бичиг үсгийн зөв бичгийн дүрмийг авиа зүй, үг зүй, түүхэн уламжлалын зарчимд тулгуурлан зохиодог. Монгол бичгийн дүрэм үг зүйн зарчимд тулгуурлана. Энэ нь монгол сэтгэлгээтэй холбоотой.

Ярианы хэл маш хурдан хувьсдаг. Ярианы хэлтэй уялдуулж монгол бичгийн дүрмийг өөрчилж болохгүй, хэл эвдэрнэ.

“ХҮН БОЛЖ ТӨЛӨВШӨӨГҮЙ ХҮНД БОЛОВСРОЛ ОЛГОВОЛ БОСОО ОРООЛОНД АЛТАН ШҮД ХИЙГЭЭД БОЛГОСОНТОЙ АДИЛ”

-Таны олон жил ярьж байгаа нэгэн зүйлийг дахин яриулах шаардлага байна. Мэдлэг, боловсролтойгоос гадна хүмүүжилтэй хүн бэлтгэх нь чухал. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ мэдлэгтэй байхад л анхаарах болж. Бүр багаас нь гадаад хэл сургадаг болсон байна. Хүүхдийг хэдэн наснаас нь гадаад хэл заавал зохимжтой вэ?

-Хүмүүжил, боловсролыг арга, билиг гэж үзэж болох юм. Арга, билгийг философид олон янзаар тайлбарлах байх. Буддын гүн ухаанаар арга гэдэг нь бусдын тусын тулд бие, хэл сэтгэлээ зориулах бодь сэтгэл. Билиг нь хоосон чанарыг оносон, чанад хязгаар хүртэл үнэнийг ухаарсан чанар. Арга нь хүмүүжил, билиг нь боловсрол. Хүнд энэ хоёр хамтдаа байх ёстой.

Монгол ёсоор эхлээд хүн болж төлөвшөөд, түүн дээр боловсролыг нэмэх ёстой. Манай Чой.Лувсанжав багш “Хүн болж төлөвшөөгүй хүнд боловсрол олговол босоо ороолонд алтан шүд хийгээд болгосонтой адил” гэж хэлсэн юм. Энэ үнэхээр үнэн үг. Бие, хэл, сэтгэл нь төлөвшөөгүй хүнд орчин үеийн нарийн боловсролыг эзэмшүүлвэл тухайн хүн мэдлэгээ ашиглаад юуг ч мэхэлж, хулгайлж, сүйтгэж болно. Олсон боловсролоо өөртөө болон өрөөлд, цаашлаад хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлд зарцуулж чадах суурь нь хүмүүжлээр тавигдана.

Эх хэлний үгийн сан зохих төвшинд хүрч, монгол хэлээр бодож, ухаарч, сэтгэдэг чадвар бүрэлдээгүй байхад гадаад хэл заахаар эх хэлний сэтгэлгээ царцанги байдалд ордог. Цэцэрлэг, бага ангид нь гадаад хэл заах ёсгүй. Харин 12, 13 настайдаа хүүхэд гадаад хэл сурахыг хүсч эхэлдэг. Тэр үед нь залхаалгүйгээр гадаад хэл зааж болно. Энэ үеэс хойш хүүхэд хэдэн ч хэл сурах боломжтой болдог. Монголчууд хэл сурах авьяастай ард түмэн.

Хэл гэж юуг нэрлэх талаар гүн ухаантан, мэргэдийн олон тодорхойлолт байдаг. Тэнд хэл харилцааны хамгийн чухал хэрэглүүр, мөн сэтгэхүйн зэвсэг гэж бий. Хэл сэтгэхүйн зэвсэг гэдэг нь эх хэлэнд бууж байгаа юм. Харин харилцааны хамгийн чухал хэрэглүүр гэдэг нь хэлний мэдлэгээр дамжуулан мэдлэг олж авах. Тиймээс хамгийн эхэнд сэтгэхүйн зэвсгээ төгс эзэмших хэрэгтэй. Сэтгэхүйн зэвсгээ хурц байлгахын төлөө үе үеийн сэхээтнүүд тэмцэж байсан.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед сөрөг мэдээлэл хөврөх боллоо. Нийгэм яагаад хүндээ ээлгүй, аюултай болчихов. Энэ нийгмийг яаж өөрчлөх вэ?

-Нэгдүгээрт, телевизээр ийм сөрөг, тун таагүй мэдээллийг дамжуулж байгаа нь зарим хүнд ийм зүйл байдаг мэтээр тусах аюултай. Тиймээс телевизээр дамжуулах мэдээний алийг гаргах, үгүйг бодолцох л ёстой. Үүнд гадны аймшигтай кино нөлөөлж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Даяарчлалд муу зүйл хамгийн эхэнд нэвтэрдэг юм байна. Бас энэ байдал нь эрх яриад, үүрэг, хариуцлага гэдгийг орхигдуулсны гай. Үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлага хүлээдэг зарчим хаана ч байх ёстой зүйл.

Мөн одоо үед ээж, аав нар хүүхдэд хоол хийж өгчихөөд л утсаа маажаад суудаг болж. Ингээд хүүхэд зурагт үзэхээс өөр сонголтгүй болж байна. Тиймээс хүүхдийг унтах үед телевизүүд 30 минутаас нэг цаг хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг болвол тун өгөөжтэй зүйл болно доо. Ингэхдээ гадны нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног хуулах хэрэггүй. Өөрийн үндэсний ёс, уламжлал, ухаарал, уран үг хэллэг шингэсэн нэвтрүүлэг байх ёстой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж