1936.05.15 Улсын хэвлэлийн хороог өргөтгөж, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх төв болгожээ.
1956.05.16 БНМАУ-ын ерөнхий сайд Ю.Цэдэнбалаас Венийн энх тайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулав. АНУ, ЗСБНХУ, БНХАУ, Англи, Францын хооронд энх тайвны гэрээ байгуулах тухай Венийн их хурлын анхааруулсан бичгийн хариу болгон илгээсэн илгээлт юм.
1956.05.14 БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав.
1963.05.18 Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдав. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-нд Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.
1979.05.17 “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагдав.
1987.05.18 БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоов.
1990.05.15 Нэр бүхий хүмүүс Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслийг Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлжээ. Улсын банкны ерөнхий хорооны тэр хурлаас олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзэж, хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсөний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож, ‘Монгол хоршоо’ банк байгуулахаар шийдэж, дүрэм, журмаа боловсруулан Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар дахин хэлэлцүүлж, банк байгуулах зөвшөөрөл авсан байна. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах анхны гараа, шинэ банк байгуулах асуудлыг Төв банкнаас шийдвэрлэх анхны сургууль болж, шинэ зам гаргасан гэж үздэг.
1990.05.16 БНМАУ-ын Дээд шүүх МАХН, МүДН, ЧХН, МоАН, МСДН, МНН-ыг албан ёсоор бүртгэснээр Монголд олон намын систем хууль зүйн хувьд тогтон батжив.
1992.05.17 Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.
2000.05.15 Батлан хамгаалахын сайдын 149 тоот тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг батлав.
2013.05.15 “Чингис хаан” гэж нэрлэсэн Монгол Улсын анхны Boing 767 300ER онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэж, Улаанбаатарт газардав.
2013.05.16 Монголын газрын тосыг Өвөрмонголын нефтийн үйлдвэрт боловсруулж, MGL-93 автобензин гаргасныг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.
2013.05.18 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.
2014.05.13 Мөнгө угаасан гэх хэргээр шалгагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас баржээ. Эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт татаж унан, удалгүй амьсгал хураасан байна.
2014.05.15 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, түүнийг сайдын албан тушаалаас чөлөөллөө.
2014.05.19 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Шанхай хотноо уулзлаа.
2014.05.19 Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдэд хулгай орж, долоон ширхэг бурхан алдагдав.
2015.05.13 Монголын хөлбөмбөгийн холбоо “Арвайн үндэс” ХХК-тай 4 жилийн хугацаатай, 500 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болов.
2015.05.19 “Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэрийг эцсийн шатны шүүх хэвээр үлдээв.
Холбоотой мэдээ