“Хуралддаггүй ажлын хэсэг байх юм”

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

“Хуралддаггүй ажлын хэсэг байх юм”

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Тавантолгойн ажлын хэсэг байгуулагдаад бараг хагас сарын хугацаа өнгөрч байна. 

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хааяа нэг өөрийн хувийн бодлыг шургуулсан мэдээ, мэдээлэл, зураг зэргийг твиттер хуудсаараа  түгээснийг эс тооцвол өнгөрсөн хугацаанд УИХ-аас байгуулсан Тавантолгойн ажлын хэсгийнхэн чухам ямар асуудлаар хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан гэрээний төсөл дээр хэрхэн ажилласан тухай мэдээлэл тодорхойгүй байна.  

Ажлын хэсгийн ажил хэр урагштай байгаа талаар тус Ажлын хэсэгт багтсан, гишүүн Су.Батболдоос тодруулахад, “Тавантолгойнх гэж хуралддаггүй нэг сонин ажлын хэсэг байх юм. Өнгөрсөн хугацаанд хуралдаад гавьсан юм алга” гэв.


УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан гэрээг УИХ-аар хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудлыг шийдэх ёстой. Гэтэл уг ажлын хэсэгт орсон зарим хүмүүс гарах саналаа УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл байгуулагдсаных нь дараахан цацагдаж л байв.

Энэ бүхнээс харахад чуулганы нэгдсэн хуралдаанд “Тавантолгойг УИХ-д оруулах эсэхийг ганцхан Л.Эрдэнчимэг мэднэ” гэсэн Ө.Энхтүвшин гишүүний хэлсэн үг үнэний ортой байж магадгүй нь.

Ямартай ч УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн хуралдаагүй гэхээр "Ахлагч Л.Эрдэнэчимэг өөрийн байр сууриа ажлын хэсгийн дүгнэлт мэтээр тайлбарлаад байна уу" гэсэн хардлага ч төрж байгааг нуух юун.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж