Жаргалант тосгоны 100 мянган га талбайг ойжуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.12-нд нийтлэгдсэн

Жаргалант тосгоны 100 мянган га талбайг ойжуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны хогийн цэг байршдаг байсан талбайг ойжуулж эхэлжээ. Өнгөрсөн жилээс эхэлсэн энэ ажил 2027 он хүртэл арван жилийн хугацаатай хэрэгжиж, нийтдээ 100 мянган га талбайг ойжуулах юм.

2018 онд Улаанбаатар хот, БНСУ-ын Инчёон хотын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын Байгаль орчны газрууд хамтран “Мөрөөдлийн ой” төсөл хэрэгжүүлэх болсноор дээрх ажил эхэлсэн бөгөөд Мод тарих үндэсний өдрийн хүрээнд өчигдөр /2019.05.11/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын дарга Р.Дагва тэргүүтэй тус хурлын ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллахдаа “Мөрөөдлийн ой” төгөлд мод тарилаа.

"Мөрөөдлийн ой" төгөлд өнгөрсөн онд 10 мянган улиас суулгасан бол энэ жил 10 га газарт, 8000 мянган хуайс тарина. Жил бүр 10 га газрыг ойжуулах юм.

Улаанбаатар хотыг чиглэх салхи нь гол төлөв баруун хойноосоо тул уг чиглэлийн дээд хэсгийг ойжуулах нь тоосжилт бууруулах, хүчилтөрөгчийн хангамж нэмэгдүүлэх, ойг дагасан экосистем бүрэлдэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцолсон.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нэг га талбайг ойжуулахад 18 сая шоо метр талбайг цэвэршүүлж байдаг. Ногоон байгууламжийг байгуулснаар орчны бохирдлыг 75 хувь, дуу чимээг 25 хувь бууруулах боломжтой” гэж  хэллээ.

"Мөрөөдлийн ой" төгөлд суулгасан моддыг органик бордоогоор бордож буй нь өнөө жилийн ойжуулалтын нэг онцлог байлаа.

Төв цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг боловсруулж, хар шороон хөрс, байгалийн органик бордоо хийх болжээ.

Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй, эрдсээр баялаг. Ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лаг 700 мянган тоннд хүрсэн. Түүгээр хоёр төрлийн органик бүтээгдэхүүн хийх болсон нь “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн тодотгосон юм.

“Голден ферм” компани лагийг боловсруулж, дээрх хоёр төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бордоог гурван кг -аар савлан нийлүүлдэг аж.

Тус үйлдвэр 700 мянган мод тарихад хүрэлцэх хэмжээний бордоо үйлдвэрлэлээс нийлүүлэх боломжтой юм байна.

“Мод тарих үндэсний өдөр”-тэй болсноос хойш улс орон даяар жилдээ хоёр удаа буюу хавар, намартаа мод тарих том ажил өрнөдөг. Тарьсан модоо ургуулж, арчилж чадаж байна уу гэдэг нь хамгийн чухал асуудал болж хувирсан.

“Мөрөөдлийн ой” төглийг ойжуулах компанид ч энэ шаардлага тавигдаж байна. Гүйцэтгэгч Монгол компанийг БНСУ-ын Инчёон хотын Байгаль орчны газраас шалгаруулсан аж. Хэрвээ тус компани тарьсан моддоо ургуулж чадахгүй бол санхүүжилт авч чадахгүй. Нэг ёсны ажлынхаа үр дүнгээр санхүүжилтээ авах гэрээтэйгээр ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

ЗУСЛАНДАА АЙЛУУД ГАРААГҮЙ Ч ҮЙЛЧЛЭХ ТӨВ НЬ БЭЛЭН

Урин дулаан цаг ирэхэд Улаанбаатар хотын зуслангийн бүсэд жилдээ 50 мянган өрх зусдаг байна. Тодруулбал, зургадугаар сарын 1-ээс есдүгээр сарын 1-н хүртэл гурван сар нийслэлчүүд ногоон бүсэд амьдардаг .

Ногоон бүсэд амьдрах иргэд байгаль орчноо бохирдуулахгүй байхад анхаарах ёстой. Нүүрс түлэхгүй, худаг гаргах бол тавигдах шаардлагыг хангах, эко ариун цэврийн байгууламжийг ашигладаг болох, хогоо ангилж, ялгадаг болох зэрэг шаардлага тавигдаж эхэлж байна. Энэ талын мэдлэг, мэдээллээр хангах, төрийн зарим үйлчилгээг шуурхай хүргэх зорилго бүхий  “Зуслангийн мэдээллийн төв” нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид зусланд ажиллахаар болж, бэлтгэлээ хангасныг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүст танилцууллаа.

Мөн тус төв сул газрыг хамгаалалтдаа авч, хур хогийн цэг үүсгэхээс хамгаалах, усны хамгаалалтын бүсийг мөрдүүлж, иргэд дур мэдэн худаг гаргах зэрэг байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулахыг ч хянана.

Гэвч мэдээллийн төвийн ажилчдын байр жижиг, хангамж тааруу аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тухайн төвийн үйл ажиллагаатай танилцаад, төвийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаа хэлсэн юм. Энэ хүрээндээ Улаанбаатар хотод ганц байдаг уг төвийн байр, хангамжийг сайжруулах боломжийг судалж, арга хэмжээ авна гэлээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга ойрын хугацаанд ийм төв дахин байгуулахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Мөн ирэх сараас ашиглалтад оруулах "Зуслан" апплейкшны талаар танилцуулсан. Иргэд тухайн апплейкшнаас байгаль, орчны болон төрийн үйлчилгээ авах өөрт ойрхон салбарыг мэдэж болно. Мөн өргөдөл, гомдлоо түүгээр дамжуулах боломжтой бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд санал, гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэнэ. Хаяг байршлыг тогтооход ч апплейкшн тусална. Өмнө нь “Шар дэлгүүрийн араар ороод, мухар гудамжаар дамжаад, арынх нь зам руу ороход ногоон хаалгатай, хүрэн хашаатай Дамба гуайнх байгаа” зэргээр байршил заадаг байсан бол техникийн дэвшлийн дүнд хаягаар нь шууд хайсан айлаа олох нь ээ.

 19 АМЬТНЫГ ЭМЧИЛЖ, БАЙГАЛЬД ТАВЬЖЭЭ

Суурьшлын бүсийн тэлэх болсон, хур тунадасны горим өөрчлөгдсөн зэргээс ойн тэжээл багассан нь зэрлэг амьтад хоол тэжээл хайх зорилгоор суурьшлын бүс рүү орж, ихэнх тохиолдолд нохойд хазуулж бэртэх нь элбэгшжээ. Мөн авто зам руу орж, машинд мөргүүлэх зэргээр гэмтдэг байна.  Санаатай, санамсаргүй тохиолдлоор иргэд зэрлэг амьтдыг барьж авч тэжээдэг. Эцэстээ дийлэхээ байхаар дуудлага өгдөг аж. Баавгайн бамбарууш, чонын бэлтрэгийг голлон тэжээдэг.

Харин өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойтод "Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв"  байгуулан ажиллах болсон нь улсдаа ганц гэж хэлж болно.

Уг төвийг Монголын анчдын нийгэмлэг, байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд барьж, ашиглалтад оруулжээ. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш иргэдээс 30 гаруй дуудлага ирснээс 19 амьтныг эмчлэн, байгальд нь буцаан тавьсан байна.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Хандгайтад айлын хашаанд орж ирээд буцаж гарах боломжгүйгээр хашаанд тээглэсэн байсан бугыг гаргаж, байгальд тавьсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард нохойд бариулж гэмтсэн гөрөөсийг эмчилж, байгальд тавьжээ.

Ийм асуудал тус төвийг байгуулахаас өмнө  тулгарахад яаж ч чаддаггүй байсан бол өнгөрсөн жилээс дээрх төвд эмчилж, тэнхрүүлэн, буцаан байгальд тавьдаг болсон. Мөн амьтны эмч ажилладаг, энэ ажлыг н.Цэрэнноров хэмээх насаараа амьтан эмчилсэн буурай хийдэг байна. Амьтны эмч Нийслэлийн Байгаль орчны газарт харьялагдан ажиллаж байна гэж тус газрын дарга Э.Баттулга хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус төвийн үйл ажиллагааг сайжруулахад тодорхой дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөхөө энэ үеэр хэлсэн.

НИЙСЛЭЛТЭЙ ХАМГИЙН ОЙР ДАГШИН ГАЗАР НЬ СЭЛБЭ ГОЛЫН ЭХ

Улаанбаатар хоттой хамгийн ойр, бор гөрөөс, баавгай, чоно зэрэг амьтад нутагладаг газар нь Их Баяны ам орчим юм. Энэ төвийн үйл ажиллагаатай НИТХ-ын дарга мөн танилцлаа. Нийслэлийн Байгаль орчны газрынхан ан, амьтад болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалахаар Сэлбэ голын эх хэмээх Монголын анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газрыг 2018 онд байгуулсан юм байна.  Иргэдийг тухайн хэсгээр очиж, амрахад тохьтой байлгах үүднээс тохижуулж эхэлжээ.

Тэнд нярай хүүхэдтэй эхчүүд олноор очдог тул замыг нь сайжруулж, бие засах газар, амарч суухад тохиромжтой сүүдрэвч, автомашины 40 зогсоол зэргийг байгуулсан байна. Ирэх жилүүдэд тохижилтыг улам сайжруулах аж.

Араатан амьтан ихтэй тул хэрэв чоно зэрэг амьтадтай таарвал нуруугаа харуулж болохгүй, эгц нүд рүү нь харж, том биетэй зүйл харуулах ёстой гэхчлэнгээр амьтнаас хамгаалах зөвлөмжийг ч мөн тус газар байршуулсан байлаа.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж