Олон улсын “Global Banking & Finance Review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас ХААН Банкнаас иргэд, харилцагчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, санхүүгийн найдвартай, тогтвортой байдал, иргэдэд хүргэх банкны үйлчилгээний салбар нэгжийн хүртээмж зэргийг үнэлэн 2015 оны Монгол улсын Шилдэг Иргэдийн Банкаар шалгарууллаа.
ХААН Банкны нийт харилцагчдын 98 хувийг иргэд харилцагчид эзэлдэг ба харилцагчдад хүргэх санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, уян хатан явуулах нь улс орны ирээдүйн хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байдаг. Тийм ч учраас ХААН Банк нь олон улсын төслийн нэгжүүд болон засгийн газраас хэрэгжүүлж буй олон талт төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж хамтран ажиллаж 2014 онд нийт 73.3 тэрбум төгрөгийн 20 төрлийн төслийн зээлийг 3,473 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.
Түүнчлэн ХААН Банк нь хамгийн өргөн төрөлжсөн бизнесийн багцтай ба банкны нийт зээлийн багцын 60 гаруй хувийг иргэд болон жижиг дунд бизнесүүдэд олгосон нь ХААН Банк иргэдийг амьжиргаа дээшлүүлэх мөн бизнес эрхлэхэд нь тогтвортой хувь нэмрээ оруулж, дэмжин ажилладагийн тод жишээ юм.
Мөн ХААН Банк нь Монголбанкнаас тавьдаг шалгуур, санхүүгийн үзүүлэлт, харьцааг бүрэн ханган ажиллаж, 2015 оны 3-р сарын 31-ний байдлаар банкны үндсэн чадамжийг илэрхийлдэг нийт активаа 4.9 их наяд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөө 4.0 их наяд, нийт зээлийн багцаа 3.0 их наяд, өөрийн хөрөнгөө 673.8 тэрбум төгрөгт хүргэсэн зэргээр гол гол үзүүлэлтээ тогтмол давуулан биелүүлж ажиллалаа.
Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлсэн банкны ажил хөдөлмөрийг “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллага өндрөөр үнэллээ.
ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, амжилтын төлөө хамтдаа тэмүүлдэг ажилтнууддаа баярлалаа.