Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад манай автомашины зогсоол хүрэлцэхгүй, тулгамдсан асуудал болдог аж.
Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын зураг төсөл бэлэн болсон хэрнээ он дамжин хүлээгдэж байгаа тул энэ асуудлыг нийслэлээс шийдэх боломж байгаа, эсэхийг тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуул Хотын захирагч С.Амарсайханд уламжлав.
Хотын захирагчийн зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлэгч иргэдийн авто машины зогсоолын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх энэ ажлыг яаралтай судлан шийдвэрлэхээ илэрхийллээ.
Мөн тэрбээр Үндэсний цэцэрлэг хүрээлэнд хэрэгжиж байгаа шинэ төсөл болох Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36 га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төслийг “Хан талст” ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа аж.
“Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруй хугацааг зарцуулсан.
“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр, жилийн 4 улирал мөнх ногооноороо байх халуун орны модлог ургамлыг ургуулсан шилэн байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэлээ.
Хотын Захирагчийн зүгээс байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ