NEWS агентлаг долоо хоногийн онцлох нийтлэл, сурвалжлагаа багцлан хүргэж байна
Ил цагаандаа гараад шүүхээ татан буулгачихаач, Ц.Нямдорж сайд аа
Уг нь УИХ Үндсэн хуулиараа Монгол төрийн эрх барих дээд байгууллага. Гэвч УИХ одоо гэмт хэрэгтнүүдийг сулладаг, хорьдог газар болж хувирвал гайхах зүйл алга.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 08-нд хуралдаж, Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны илтгэлийг хэлэлцэх үеэр Л.Болд гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах санал гаргаж, санал нь дэмжлэг аваагүй ч Хүний эрхийн дэд хороо болгон хаяглаж, тэднийг нэн даруй суллах даалгаврыг Засгийн газарт чиглэл болгов.
Энэ хэргээр улс төрийн замаа уртасгаж, 20 гаруй жил хуулийн байгууллагыг удирдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид бол том олз. Наанадаж жилийн дараа болох УИХ-ын сонгууль, цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх “зэвсэг”-ээ болгож хувиргахыг үгүйсгэхгүй. Гэвч улстөрчдийн хувийн өчүүхэн эрх ашгаа бодсон улс төрөөс нь болж, хууль тогтоох дээд байгууллага нь шүүх засаглал болон хувирч байгааг тоолгүй өнгөрч болохгүй нь. Хуулиараа хэн нэгнийг суллахыг шүүх шийдэх ёстой болохоос УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь хэргийг хэлэлцээд, Хүний эрхийн дэд хороо нь Засгийн газартаа чиглэл өгөөд, Засгийн газар нь хэрэгт холбогдогчдыг сулладаг эрх зүй байхгүй. Хэрвээ ийм хууль хэрэгжээд эхэлсэн юм бол хэдний өдөр УИХ-аас баталснаа зарлачих нь шударга болов уу.
Уг нь УИХ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн үнэн мөнийг олох зорилго тавьсан юм бол хилсээр хэрэг хүлээсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шийдвэрийг шүүхэд нь үлдээж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиа дагах ёстой болохоос зөрчих эрх байхгүй.
Гэвч парламентын гишүүдийг эх орноо ч худалдахаас сийхгүй болсныг Оюутолгойтой холбоотой ажлын хэсгийн дүгнэлт “Рио Тинто”-д очсоноос эхлээд ЖДҮХС-гаас авсан тэрбум, тэрбумынх нь хулгай, 2017 оны тавдугаар сард баталсан Эрүүгийн хуульд оруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөс харж болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулж, баталсан юм.
Тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга дээрх саналыг гаргаж, шударгын дүрд тоглоод удаж байгаа одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нар хамгийн их дэмжиж, бусдыгаа уриалан баталж байв.
Харамсалтай нь, УИХ-аас баталсан энэхүү хуулийн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын олон жил хөөцөлдөж, тогтоосон, үйлдэл дээр нь хэргийг барьсан авлига, хээл хахуулийн хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ял завшигчид нэмэгдэх болсон. Хамгийн сүүлийн жишээ нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа болон Г.Элдэв-Очир, С.Бүрэн төгс нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилийн хугацаагаар хасав.
Нөхөн сонгууль хэнийг “нөхөөс” болгох вэ?
Өнөөдөр улс төрийн хүчнүүдийн хамгийн эмзэг цэг нь Хэнтийн 42 дугаар тойрог болчихоод байна. Чухамдаа энэ тойрогт аль нам, хэн ялах нь ирэх 2020 оны сонгуулийн рейтингийг тогтоож өгөх учраас улс төрийн намуудын хувьд онцгой чухал болжээ. Ялангуяа эрх баригч намын дарга У.Хүрэлсүхийн хувьд. Зуун жилийн түүхтэй МАН-аар дэнчин тавьж, хүссэн эрх мэдэл, хүссэн суудлаа авсан У.Хүрэлсүх ирэх зургадугаар сард болох Хэнтийн нөхөн сонгуульд намаа ялуулж чадахгүй бол нэг нэр, хоёр хочтой үлдэнэ. Учир нь, 2012 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын ялагдал хүссэн ч, эс хүссэн ч У.Хүрэлсүхтэй холбогддог. Эсрэгээрээ 2016 оны МАН-ын ялалт мөн л хүссэн ч, эс хүссэн ч М.Энхболдод харъяалагдана. Ийм учраас У.Хүрэлсүхийн ялагдах эрхгүй сонгууль бол Хэнтийн 42 дугаар тойрог.
Парламентын түүхэнд урьд, хожид гарч байгаагүй шалтгаанаар төрхөмдөө буцсан Д.Гантулгын тойрогт явуулах нөхөн сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 24-нөөс 28-ны өдүүдэд тодорно. Хуурай дүүгээ ёс бус асуудлаар үдэж явуулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөхгүй юм гэх нь ээ өвдөг шороодчихгүй нэгнийг олж өрсөлдүүлэх ёстой. Хэрэв У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэвэл өвөөгийн нутаг гэж өөриймсдөг Хэнтийнхнээсээ айсан хийгээд, өөрийнх нь аман хүзүүдэж яваа улс төрийн рейтингээ уруудуулах том шалтгаан болно.
Угтаа бол нөхөн сонгуульд өрсөлдөх, өрсөлдөхгүй нь У.Хүрэлсүхийн улс төрийн карьерт аль ч утгаараа сөрөг үр дагавар дагуулж мэднэ. Тэгэхээр үлдсэн цөөхөн өдрүүдэд шийдвэрээ гаргаж, өөрөө өрсөлдөх үү, эсвэл өөр хэн нэгнийг сойх уу гэдэг хүнд сонголтын өмнө тэр ирсэн.
Хэдий нөхөн сонгууль ч гэлээ том сонгуулийн өмнөх жилийн сонгууль гэдгээрээ мөн онцлогтой. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар, МАН-ын дарга өөрөө нөхөн сонгуульд оролцох мэдээлэл буй ч одоогоор тодорхой бус. Гэхдээ үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрөөс Хэнтий аймагт ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэр тэрбээр нөхөн сонгуулийн тандалт хийх зорилго байгаа нь ойлгомжтой.
Бас нэг хувилбар нь МАН нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэлчихвэл У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингэд эерэгээр нөлөөлөхөөр байсан. Гэхдээ энэ хувилбарыг МАН сонгоогүй, оролцоно гэдгээ өнгөрөгч долоо хоногт намынхаа Бага хурлаар шийдвэрлэчихсэн.
Харин УИХ-д бүлэггүй болсон Ардчилсан намын хувьд парламентын нэг суудал амин чухал. АН нөхөн сонгуульд оролцож, намынхаа чансаагаа сорьж, хэрэв ялалт байгуулвал намын дарга болсноосоо хойш сонгуульд АН-ыг удирдан орж буй С.Эрдэнийн рейтингэд нэмэртэй. Хэрэв АН ялалт байгуулбал зөвлөл биш албан ёсны бүлэгтэй болох боломж бүрдэнэ. Ардчилсан намын хувьд хоёр нэр дэвшигч “сойх” бодолтой байгаа бөгөөд С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргалд санал тавьсан ч хүлээж аваагүй гэх бор шувуу жиргээд удаж байна. С.Эрдэнэ Р.Амаржаргалд ‘хайр зарлан’ намын дэд даргын суудал хүртэл амласан. Хоёр дахь хувилбар нь Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын нэр хүчтэй яригдаж байна.
МАХН-ын тухайд нөхөн сонгууль “Унжаад байхаар унаад өгөөч” гэдгийн л үлгэр болж байна. Намын дарга Н.Энхбаяр бүтэн жил Хэнтийг усалж, хүлээж буй. МАХН, ялангуяа Н.Энхбаярын хувьд энэ сонгууль алдаж болохгүй алтан боломж нь гэж хэлж болно. Хэрэв тэр ялвал Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай ямар их үгүйлэгдэж байгааг л харуулсан явдал болно.
Байр суурь:"Рио Тинто"-д материал өгсөн хүнд хариуцлага тооцох ёстой
УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх мэргэжлийн баг байгуулан ажиллаж, шалгалтын дүнг УИХ-д танилцуулахыг даалгасан билээ.
Ажлын хэсэг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг 45 хоногийн хугацаанд шалгаж санал, дүгнэлт гарган УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн ч шалгах эрх баригчдын улстөржилтөөс болж хойшилсоор өдийг хүрсэн. Тэгвэл удтал дуншсан ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан боловч гишүүдэд тараагдаагүй нууцын зэрэглэлтэй материал Рио Тинтогийнхонд хүрч, тэд мэдэгдэл гаргасан нь улстөрчдийн дунд маргаан дагуулав. Тиймээс ч дүгнэлтийг хэлэлцэхийг дахин хойшлуулав. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд даваа гаригт хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн. Нууцын зэрэглэлтэй материалд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг УИХ-ын гишүүдээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна” гэсэн юм.
“ОЮУТОЛГОЙ” ХХК-Д ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ЯМАР АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ БАЙВ?
“Оюутолгой” ХХК-ийн гэрээнд Монголын ард түмэн итгэж найдсан хэвээрээ байгаа. Тэд мянга мянган ажлын байр бий болгоно, төсвийн 30 хувийг бүрдүүлж, хэмжээний мөнгө хуримтлуулна гэх мэт олон зүйлийг ярьж байсан. Эдгээр амлалтууд нийгэмд хүлээлт үүсгэсэн. УИХ-ын ажлын хэсэг Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна гэсэн дүгнэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
"ОЮУТОЛГОЙ" ХХК-ИЙН БАЙР СУУРЬ:
Энэ бүхний эцэст Монголын тал цаашид санхүүгийн нарийн дүн шинжилгээ хийх чадавхыг бүрдүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна. Оюутолгой ХХК бол хувийн компани бөгөөд Засгийн газрын өмч, хэрэгсэл биш юм. Тийм учраас Засгийн газар түүнд хяналт тогтоох үндэслэл байхгүй бөгөөд ингэх нь сайн зүйл биш юм. Харин Засгийн газар хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн ТУЗ-д төлөөлөлттэй бөгөөд энэ механизмаар дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог гэдгийг тодотгосон байсан юм.
Аврал эрсэн уран зурагууд
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн “шилдэг” гэх тодотголтой суут бүтээлүүд хадгалагдаж буй. Уг галерейн ханыг 1921 оноос хойших тэртээ зуун жилийн түүхийг өгүүлэх Марзан Шаравын В.И.Лениний хөргөөс авахуулаад дүрслэх урлагийн жинхэнэ сор бүтээлүүд чимнэ.
Монголын уран зургийн галерей уран зураг, зураасан зураг, сийлбэр, уран баримал гэсэн үндсэн дөрвөн сан хөмрөгтэй. Дүрслэх урлагийн сан хөмрөгт нийт 4000 гаруй бүтээл хадгалагдаж байдаг аж.
Монголын Уран зургийн галерей жил болгон оны шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн. Гэвч уран бүтээлчид өөрсдийн тухайн цаг үеийнхээ шилдэг гэсэн бүтээлээ хадгалуулж буй энэ газарт нэгэнтээ итгэж, найдахаа больсон нь нууц биш болжээ. Учир нь, одоогоос 10 жилийн өмнө Монголын уран зургийн галерейд гал гарч, зураач Г.Төмөр-Очирын “Намрын уянга”, Г.Одонгийн “Морьтон баатрууд”, Н.Цүлтэмийн “Мартагдашгүй уулзалт”, Г.Дунбүрээгийн “Оторт”, О.Цэвэгжавын “Партизан цэргийн элсүүлэлт” зэрэг олон ахмад зураачдын бүтээл юу ч үгүй шатсан байдаг. Галд өртөж “эрэмдэг” болсон бүтээлүүд одоо ч хэвээрээ галерейн сан хөмрөгт аврал эрсээр байна.
Манай улсад анх техник нэвтэрч, монголчууд морин дэл дээрээс моторт хүлэг рүү шилжсэн түүхийг харуулсан “Монгол транс” зургийн эзэн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ гуай. Түүний энэ түүхэн уран зураг 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан гал түймрийн улмаас шатаж, устсан байна.
Тэрбээр “Миний 1974 онд бүтээсэн “Монгол транс”, 1977 онд зурсан “Фронтод”, “Ууган үйлдвэр” зэрэг долоо, найман бүтээл 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан гал түймрийн улмаас устаж, үгүй болсон. Үнэхээр харамсалтай. Тухайн цаг үеийнхээ аж байдал, түүхийг өгүүлж, олны хүртээл болсон шилдэг бүтээл одоо байхгүй болсон гэж бодохоор сэтгэл их эмзэглэдэг юм. Тэр үеэр олон сайхан зураачдын бүтээл шатаж, устсан даа” хэмээн ахмад зураач гунигтайхан өгүүлнэ.
Галерейд гарсан гал түймрийн үеэр 1921-1990 оны үед хамаарагдах 106 зураг бүрэн шатсан бөгөөд 78 зураг 50-80 хувьтай шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг их хэмжээний сэргээн засвар шаардагдахуйц байдлаар гэмтсэн. Өөрөөр хэлбэл, уг галерейн сан хөмрөгийн 50 хувь устаж үгүй болсон талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байжээ.
Энэ талаар Монголын Уран зургийн галерейн захирлаар 2009-2013 онд ажиллаж байсан зураач А.Чадраабал ярихдаа “Монголын Уран зургийн галерейн захирлаар дөнгөж ажиллаж эхлээд байхад 2009 оны тавдугаар сарын 19-нд галерейд гал гарсан. Тухайн үед манай галерейн сан хөмрөгийн ихэнх бүтээл галд өртсөн байдаг. Тэр үед галд шатсан зургуудыг хохирлоор нь бүрэн шатсан, түлэгдсэн, цэвэрлэгээ хийх гэж ангилсан. Би галерейн захирлаар ажиллаж байхдаа АНУ-ын гурван удаагийн төсөл, Голландаас нэг төсөл авч хэрэгжүүлж, галт өртсөн зарим зургийг сэргээн засварлан хүлээлгэж өгсөн. Харамсалтай нь 2013 онд галд өртсөн зургуудыг сэргээн засварлах төсөл шаардлага хангагдаагүй, мэргэжлийн хүмүүс уран зургийн цэвэрлэгээ хийгээгүйгээс хаагдсан байна лээ” гэв
Нийслэлийн хөрсийг "тоож" ургахгүй модод
Богд хан уулын хормойд, хатан Туул голын хөвөөнд орших Зайсан толгой эдүгээ баячуудын хороолол болсон бөгөөд хотынхон “нэг гүүр даваад нэлээн баян, хоёр гүүр даваад хосгүй баян” гэж тоглоом, шоглоомоор нэрлэх болоод удаж буй. Иргэд нь нийслэлдээ хоёр хэсэгт хуваагдан амьдрах болсон шалтгаан нь цэвэр агаар, ногоон бүстэй л холбоотой. Зайсанд хоёр өрөө байр хамгийн хямд нь л 128 саяын үнэтэй ба түүнээс дээш хоёр, гурван тэрбумаар яригдана. Хамгийн гол нь төв, захын хорооллоос илүү амьдрах орчин нь ой модтойгоо ойрхон, бас цэвэр агаартай учраас л тэр.
Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногдож байна. Энэ нь дэлхийн хотуудын жишгээр авч үзвэл 2-3 дахин доогуур үзүүлэлт юм. Манай улс үндэсний мод тарих өдрийг 2010 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж эхэлснээс хойш 2017 он хүртэлх хугацаанд улсын хэмжээнд хоёр сая 22 мянган мод тарьжээ.
Нэг га мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг гэж үзвэл 160 гаруй мянган янданд байгалийн томоохон шүүлтүүр болно гэсэн үг. Өвөл болмогц мод навчаа гөвж, шилмүүсгүй болсон ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж, дуу чимээг тэр хэрээр бууруулж чаддаг байна. Харин эдгээр мод ургаж, агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй
Нийслэлийнхэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амарч, салхилах ногоон байгууламж бүхий томоохон талбай байхгүй. Орон сууцуудын хүүхдийн тоглоомын талбайд ногоон байгууламж бүү хэл сууж тоглох зүлэг ч алга. Барилгын норм, дүрэмд орон сууцны барилгын 500 метрээс нэг километрийн радиуст хамгийн багадаа нэг га талбайд ногоон байгууламж байх ёстой хэмээн заасан ч энэ нь хэрэгждэггүйг хэн бүхэн мэднэ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2016-2017 онд Улаанбаатарын гудамжинд 4081 ширхэг нарс уулнаас авчирч тарьсан. Ургалт 99.6 хувьтай байна” хэмээн мэдээлж байв. Ойн салбарынхны үзэж буйгаар, уулнаас залуу мод авчирч суулгахаасаа өмнө хөрсийг нь урьдчилан бэлдэж, солихгүйгээр тарих нь булсантай ялгаагүй аж. Ялангуяа, нарс нь хөрс голомтгой, элсэрхэг газар ургадаг тул хэр баргийн хөрсөнд “тоож” ургадаггүй байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлд мод тарихад хөрс нь доройтож хайрга шиг болсон учраас мод амин чийгээрээ 2-3 жил амьдраад “зүрх нь зогсдог” ажээ. Уулнаас авчирсан модыг амьдруулъя гэвэл хөрсийг нь сольж, дор хаяж 2-3 жил арчилж тордсоноор аливааг эсэргүүцэх дархлаатай болдог байна. Тиймээс модыг хэрхэн зөв тарьж ургуулах талаар Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг суурин дахь МУИС-ийн Ой сургалт, судалгааны сууринаас сурвалжлага бэлтгэлээ
Байгалийн үзэсгэлэнт цогцолборт энэ газарт ойн салбарын мэргэжилтнүүд Ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө, Амгалан цогцолбор, 28, 105, 142 зэрэг 10 сургуулийн 50 орчим хүүхэд багш удирдлагуудад мод тарьж ургуулах арга технологийг танилцуулсан юм. Байгаль орчны мэдээлэл сургалтын төвөөс МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн ойн тэнхимтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Ойн тухай суралцахуй” анхны сургалтыг зохион байгуулсан нь энэ билээ. Энэ сургалт хүүхдүүдэд анги танхимд суухаас илүү цэвэр агаарт “хичээллэсэн” нь илүү сонирхолтой байсан. Гэхдээ тэднээс байгалийн ухааны хичээлээр “бяцхан шалгалт” авахад ихэнх нь бүдэрчихэв.
Ялалтын баяр яагаад бидэнд чухал вэ?
Хүн төрөлхтний түүхэнд XX зуунд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайны нэг том хэсэг нь Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайн билээ. Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.
Дайны жилүүдэд зөвлөлтийн 34.5 сая цэргийн алба хаагч дайчлагдан дайнд оролцсон ажээ. Дайнд 13.7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7.4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2.2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4.1 сая хүн өлсгөлөнгөөр нас баржээ.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ. Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан ОХУ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа зохион байгууллаа.
Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадын сонирхол татах зүйл нь Батлан хамгаалах сайдын хөлөглөх автомашин гэж тодотгож байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаагийн цэргийн парадыг командлахдаа үндэсний үйлдвэрлэлийн Aurus лимузинг хөлөглөв. Харин шинэ зэвсэг техникээ үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Ялалтын баярын бэлтгэлийн үеэр харагдаж байсан шинэ зэвсэг, техник нь тавдугаар сарын 07-нд болсон нэгдсэн бэлтгэлийн үеэр огт харагдаагүй болохыг хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байв. Харин судлаачдын үзэж буйгаар, шинэ зэвсэг, техникийг тийм ч амархан үйлдвэрлээд олон нийтэд дэлгээд үзүүлээд байдаггүй. Үүнд маш их цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв.
“Парад бол улирал бүр шинэ коллекцио танилцуулдаг загварын шоу биш. Бид 2015 онд Ялалтын баярын тэгш ойн баяраар шинэ зэвсэг, техникээ танилцуулсан. Ирэх жил Ялалтын баярын 75 жилийн ой тохионо. Энэ үеэр шинэ зэвсэг, техникээ танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа дурджээ.
Тэгвэл энэ жилийн парадад 13 мянга 600 цэрэг, тэр дундаа 400 нь механикжуулсан баг, 170 гаруй нь нисэх онгоцны багийхан дэлхий дахинд сүрт жавхлан үзүүлбэрийг үзүүлэв.
Махны үнэ тэнгэрт хадаж, дайвар бүтээгдэхүүн, яс эрэлттэй байна
Манай улсын 2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр мал сүрэг 66.5 сая толгойд хүрснийг салбар яамнаас мэдээлсэн. Гэтэл өнөөдөр ард түмэн нэг килограмм махыг 10 мянга давсан үнээр худалдан авч байна.
Төр төлөөлж байгаа түшээдийн хэлсэн "махаа багасга, түмпэн дүүрэн махнаасаа татгалз" гэдэг үг нь бодит амьдрал дээр аль хэдийнэ "хэрэгжээд" эхэлжээ. Улаанбаатарчуудын махны хэрэглээг хангадаг хамгийн том цэг Хүчит шонхор зах. Мах магнаг болсон энэ үед иргэд аль болох хямд үнэтэй дайвар бүтээгдэхүүн худалдан авах болсон талаар махны худалдаачид онцлов. Энд мах тансаг хэрэглээ болж, жижиглэн, шулсан ясаар хоол хийж байна. Энэ бол эмгэнэл гэлтэй. Нийт хүн амтайгаа харьцуулахад мал нь 22 дахин өссөн гэсэн статистик гараад байгаа билээ.
Энэ хүнийг Э.Дариймаа гэдэг. Тэрбээр хар багаасаа л “Хүчит шонхор” захыг бараадан амьдралаа залгуулж ирсэн нэгэн. “Хүчит шонхор” зах дээр махны шуудай 500 төгрөгөөр зарж, өдрийн хоолоо олдог түүнтэй цөөн хором ярилцахыг хүсэхэд зөвшөөрсөн юм.
-Сайн байна уу. Таныг хэн гэдэг вэ. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Дариймаа гэдэг. Би “Хүчит шонхор” зах дээр махны шуудай зардаг. Би захаас холгүй айлд амьдардаг юм. Одоо 30 настай.
-Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдан авалт муудсан гэдгийг худалдагч нар хэлж байна. Таны өдрийн орлогод энэ нөлөөлж байна уу?
-Шуудайгаа захаас 300 төгрөгөөр аваад, 500 төгрөгөөр худалддаг юм. Өдөрт 10 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Ер нь ажиглаад байхад сүүлийн хэдэн сар махны худалдан авалт эрс багассан. Энэ нь миний өдрийн орлогод ч гэсэн нөлөөлж байна. Хүмүүс цагаан сарын баярын үеэр л махны шуудай их сайн худалдан авдаг.
-Тэр мөнгөөрөө өдрийн хоол хүнсээ авч хүрэлцэж байна уу?
-Тэгээд л өдрийн хоол хүнсээ зохицуулаад авна. Мах их өндөр үнэтэй байгаа учраас авч дийлэхгүй ээ. Ихэвчлэн жижиглэн /дайвар бүтээгдэхүүн/, шулсан яс аваад хоолондоо шөл гаргаж иддэг. Өнөөдөр ч гэсэн хоолондоо хэрэглэх яс аваад л явж байна.
-Шулсан ясаа худалдаж авдаг уу?
-Шулсан ясыг заалнаас үнэгүй авдаг. Ерөнхийдөө хүмүүс намайг таньдаг болохоор хаягдал, илүү гарсан ясаа надад өгчихдөг юм. Намайг чинь хүмүүс бүр тоглоод “Хөөе шуудай” гэж дууддаг.