Монголын нэр нүүрийг дэлхийд хэдэн тамирчин маань л тахалдаг гээд хэлчихвэл нэг их хэтийдсэн болохгүй болов уу. Жүдо, чөлөөт бөх, буудлагын хэдэн тамирчин л Монголын төрийн дууллыг тив дэлхийд дуурсгаж, далбааг нь мандуулдаг. Нэг үгээр хэлбэл Монгол гэх улс энэ дэлхийн нэг бөөрөнд байдаг гэдгийг байнга сануулдаг хүмүүс нь тамирчид. Харин Монголд тамирчдаа гэх сэтгэл, хариуцлага алга.
Хамгийн сүүлийн жишээ. Морокко улсын Рабат хотод өнөөдөр эхлэх Дэлхийн шилдэг жүдочдын “World masters” тэмцээнд манай 14 тамирчин өрсөлдөхөөр очсон. Гэвч тэдэнд хоол, буудлын мөнгийг нь өгөөгүй явуулчихаж. Бэлтгэлийн төвийн шигшээ багийн алба, санхүүгийн албаны хариуцлагагүй, хайнга үйлдлээс болж, тамирчид маань хүний нутагт маш хүнд байдалд орсныг багш, дасгалжуулагч нар нь олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Эх орныхоо төлөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэж очсон жүдочдод мандат олгохгүй, тэмцээнд оруулахгүй гэж "зовоосон" нь тэдэнд таатай байгаагүй нь мэдээж. 2016 оны олимпийн эрх олгох ийм хариуцлагатай тэмцээнд оролцохын төлөө хичнээн их хөлс, хөдөлмөр гаргасныг хэмжиж боломгүй. Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг, Ц.Наранжаргал гэх нэрний өмнө дуудагдах Монгол гэх овог ямар үнэ цэнэтэйг зөвхөн тамирчид л мэднэ.
Харин тэдэнд хийж өгөх бичиг цаасны ажил, замын зардлын хэдэн төгрөг спортын холбоодод дааж давашгүй ял байдаг бололтой. Монголын чөлөөт бөхийн холбооныхон ч ялгаагүй. Эх орныхоо төлөө тэмцээнд оролцохоор явсан тамирчид нь хүний нутгийн онгоцны буудал дээр саатуулагдаж, хэдэн өдрөөр хоригдол мэтээр байсан нь энэ холбоо хэрхэн яаж ажилладагийг харуулсан бэлээхэн жишээ. Бичиг цаасханыг янзалчих сэтгэлгүй хүмүүс арыг нь дааж байхад тамирчдаас ялалт, амжилт шаардах нь зүй ёсны хэрэг мөн үү.
Монголын спортын холбоод тэр дундаа тив, дэлхийд нэр нүүрийг нь тахалдаг жүдо, чөлөөт бөхийнхөн яаж ажилладгаа өөрсдөө харуулсаар байна. Тамирчин хүний амжилтын үндэс нь бэлтгэл сургуулилт. Дээр нь сэтгэл зовоосон асуудалгүй байх ёстой. Харин түмэн зовлон, бэрхшээл дунд бэлтгэл сургуулилтаа хийж, тив дэлхийд Монгол гэх нэрийг дуурсгаж байгаа тамирчид маань хөөрхийлөлтэй. Гэвч тэд чадаж байгаа. Монголын нэрийг зөвхөн тамирчид маань л дуурсгаж байгаа.
В.ХЭРЛЭН
Эх сурвалж: www.shuud.mn