Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 2019 оны 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо ажиллах хугацаандаа тус улсын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны дарга Ча Гю Гын, Инчон хотын Олон улсын нисэх буудлын Цагаачлалын албаны Хяналтын газрын дарга Го Сөг Гүөн нартай тус тус уулзав.
Уулзалтаар, Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүлийн гишүүдэд виз олголтыг нэмэгдүүлэх, мөн манай иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцааж буй асуудлыг анхааралдаа авч, уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байхыг хүслээ.
Солонгосын талаас монгол иргэдийн дунд БНСУ-д зорчих виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэх явдал буурахгүй байгааг онцолж, хууль хяналтын байгууллагатай нягт хамтран ажиллах, улмаар Солонгос Улсад зорчих болон оршин суух визийн хугацаагаа хэтрүүлэх зөрчлийг багасгахад анхаарч ажиллахыг монголын талд хүсэлт болгосны зэрэгцээ Солонгос Улсын хилээр нэвтрэх үедээ тус улсад зорчих аяллын зорилго, байрлах газар зэрэг мэдээллээ үнэн зөв мэдэгдэх шаардлагатайг онцлов.
Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Инчон хотын олон улсын нисэх буудлын Цагаачлалын албаны үйл ажиллагаа, хилээр нэвтрүүлж буй зорчигч хяналтын үйл ажиллагаатай энэ үеэр танилцсан болно.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ