Сонгинохайрхан дүүрэгт 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургууль баригдана. Тодруулбал, тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Москва хороолол орчимд цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалт эхэллээ. 2005 онд Москва хороолол баригдаж, эхний оршин суугчид орж байсан. Одоогоор энэ хороололд 7000 гаруй иргэн амьдарч буй юм. Энэ хорооллыг барихдаа сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглана гэсэн газрыг худалдаж, гурван шатны шүүхийн маргаан эцэслэж, хууль ёсны эзэмшигчдэд газар нь очсон ажээ.
Үүний дараа Сонгинохайрхан дүүргээс сонгогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Н.Учрал удаа дараа тус газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөлтийн дагуу сургууль, цэцэрлэг бариач гэсэн санаачилгын гарч, хууль ёсны эзэмшигч байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд 960 хүүхдийн сургуулийн барилга, 240 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажлыг эхлүүлсэн байна.
Сонгууль болгоноор иргэдийн шаарддаг хүсэлт ийнхүү биелж байна. Цаашдаа улсын комисс хүлээн авах хүртэл УИХ-ын гишүүн Н.Учрал хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд цэцэрлэг, сургууль баригдсанаар ойр орчмын долоон сургуулийн ачаалал буурч, хүүхдүүд гэрийнхээ орчимд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжоор бүрэн хангагдах ажээ.
Холбоотой мэдээ