"Авлигыг хянах дагнасан шүүх, прокурортой болох шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

"Авлигыг хянах дагнасан шүүх, прокурортой болох шаардлагатай"

 Нээлттэй нийгэм хүрээлэнд өнөөдөр /2019.05.10/ “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Монгол Улсын Авлигатай тэмцэх газар /АТГ/"-т хийсэн хөндлөнгийн үнэлгээг танилцууллаа. “Транспэрэнси Интернэшнл” байгууллага нь АТГ-ын шударга байдлыг тогтоох гол түншээ гэж үздэг бөгөөд олон орны АТГ авлигын эсрэг амжилттай тэмцсэн сайн жишиг тогтоожээ. Дэлхийн 129 оронд АТГ ажиллаж байгаагийн 29 нь Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна.

АВЛИГЫН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ДАГНАСАН ШҮҮХ, ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧТЭЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

 “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын тэргүүн Л.Төр-Од “Транспэрэнси-Интернэшнл Монгол” байгууллага нь анх 2003 онд олон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий идэвх санаачилгатай иргэдийн зүгээс авлигын асуудлыг зогсоох зорилготойгоор байгуулагдаж байсан. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хоёр зүйлийг тууштай дэмжиж ирсэн. Нэгдүгээрт, авлигатай тэмцэх дагнасан байгууллагыг бий болгож, авлигатай тэмцэх ажиллагааг шинэ түвшинд авчрах. Хоёрдугаарт, авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг дэмжин ажиллах. Анхны судалгааг 2015 онд УИХ-тай хамтарч хийж байлаа. 2017 онд АТГ-ын бүсийн хэмжээний судалгаанд оролцсон. Өнгөрсөн жил бие даасан байдлаар судалгааг хийх боломж олдсон.

Судалгааны дүнгээс ганцхан зүйлийг дүгнэлт болгон тодотгож хэлмээр байна. АТГ байгуулагдсанаасаа хойш авлигын хэрэг бүртгэл хийж, мөрдөн шалгасан прокурорт шилжүүлсэн хэргүүд шүүхээр шийдвэрлэгдсэн байдал нь тэнгэр, газар шиг хоорондоо зөрөөтэй байна.

Өөрөөр хэлбэл, авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байдал нь АТГ-ын мөрдөн шалгаж, прокурорт шилжүүлсэн тоотой харьцуулахад дэлхийн жишгээс харьцангуй доогуур хангалтгүй байна. Тийм учраас цаашдаа авлигын хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх, прокурор, өмгөөлөгчтэй болох шаардлагатай байна” гэв.

АТГ-д хөндлөнгийн үнэлгээг 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн хийж, энэ сарын эхээр хийж дуусгасан байна. Судалгаанд нийт зургаан шалгуурын 50 үзүүлэлтийг тусгажээ. Тухайлбал, АТГ-ын хараат бус байдал, санхүүжилт ба хүний нөөц, хариуцлага ба бие даасан байдал, хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ба нөлөөллийн ажил, хамтын ажиллагаа ба гадаад ажиллагаа зэрэг багтах юм. Дээрх зургаан шалгуурын дөрөв нь есөн үзүүлэлтэй. Харин үлдсэн хоёр шалгуур нь тус бүрдээ найм болон зургаан үзүүлэлтэй аж.

Үнэлгээний дүгнэлтийн талаар "Транспэрэнси Интернэшнл” байгууллагын хараат бус судлаач Д.Тэгшбаяр   танилцууллаа.

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ТОМИЛОХ АСУУДАЛ ИЛ ТОД БИШ УЧРААС ХЭДИЙД  Ч ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЭРСДЭЛТЭЙ

Тэрбээр "АТГ нь  2007 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ баталдаг. АТГ нь өнөөдрийн байдлаар 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зарчмын хувьд бүрэн эрхийн хугацааг зургаан жил гэж үзвэл өнөөдөр хоёр дахь дарга нь албан тушаалаа хүлээлгэж өгөх хугацаа нь болж байх ёстой. Гэтэл 12 жилийн хугацаанд тав дахь дарга, дэд даргатайгаа ажиллаж байна. Олон улсад АТГ-ын дарга, дэд даргыг хууль тогтоох байгууллагаас томилдог. 

АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувьтай гарсан эерэг үзүүлэлтэй байна. Бүс нутагт 63-аас дээш үзүүлэлтэй байвал сайнд тооцогддог. Олон улсын жишгээр АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн нөлөөлөл нь  40 хувиас дээш гарвал маш эрсдэлтэйд тооцогддог. Монгол Улсын хувьд АТГ-д нөлөөлөх хөндлөнгийн нөлөөлөл нь 59 хувьтай гарсан байна. Энэ нь авлигатай тууштай тэмцэхэд саад болж буй ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж буй юм. Мөн АТГ-ын дарга, дэд дарга томилох асуудал ил тод биш учраас хэдийд ч чөлөөлөгдөх эрсдэлтэй.

АТГ-ЫН ТӨСӨВ ЗАРИМ АЖИЛЛАГААНД  НЬ ХҮРЭЛЦДЭГГҮЙ 

 УИХ-аас АТГ-ын бүтэц орон тоог 170 хүнээр баталсан байдаг. Одоогийн байдлаар 168 албан хаагчтай. Орон нутагт салбаргүй. АТГ-ын төсвийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ жил бүр баталж, улсын төсөвт суулгадаг. Үнэлгээний дүнгээр АТГ-ын санхүүжилт бага түвшинд гарсан. Олон улсын жишгээр тогтоож өгсөн дүрэм бий. Тус дүрэмтэй харьцуулахад АТГ-ын улсын төсвөөс авч байгаа санхүүжилт хүний тоотой нь харьцуулахад маш бага.

АТГ-ын төсвийг хэдийд ч бууруулан батлах магадлалтай нь эрсдэл дагуулж байна. 2015 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. 2016 онд АТГ-ын төсвийг бууруулж баталсан байдаг. Олон улсын жишиг стандартаар ингэж бууруулж батлахыг хориглодог юм байна. Мөн төсөв нь байнга тогтвортой өссөн дүнтэй байхыг шаарддаг.

АТГ-ын төсвийн төсөвт эзлэх хувь хэмжээ зарим үйл ажиллагаанд хүрэлцэж, заримд нь хүрэлцдэггүй. Цалин хангамж хувийн хэвшлээс хараат байх хэмжээнд хүрдэггүй. Хамгийн өндөр гэгдэх уул уурхай, банк, санхүүгийн удирдах ажилтнуудын цалинтай харьцуулахад АТГ-ын ажилчдын цалин 21.5-28 хувиар бага. Ажилчдын мэргэших сургалт, шинэ технологи, IT, шинэ чиг хандлагыг цаг алдахгүй нэвтрүүлэх нөхцөл дунд байгаа нь төсөвтэй холбоотой.

 ОЛОН НИЙТИЙН ТӨСӨӨЛӨЛ ХЭТ СӨРӨГ БАЙГАА НЬ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУШАА БОЛЖ БАЙНА

Үнэлгээгээр АТГ-ын ажилчдын мэргэжлийн ур чадвар өндөр. Нөлөө бүхий этгээдийг мөрдөн шалгасан тоо олон улсын шаардлагад нийцэж байна. Харин хоёр үзүүлэлт бага гарсан. Энэ нь АТГ-ын прокурорт шилжүүлсэн хүсэлтийн 23.8 хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Олон улсын стандартад 50-иас доош хувьтай бол мууд тооцогддог. АТГ-ын үйл ажиллагаанд олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болжээ. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж нийтэд нь дүгнэлт хийх хандлагатай байгааг онцолж байсан юм.

    Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж