Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг, соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр болов.
Уг олон улсын үзэсгэлэнд Монгол Улс, ОХУ-ын Буриад, Халимаг улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдөөс гадна Францын төлөөлөгч оролцож уран бичлэгийн бүтээлээсээ дэлгэн үзүүлсэн юм.
Өнөөдөр үдээс өмнө уран бүтээлчид Төрийн ордонд зочилж, Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлсний дараа тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Зуны эхэн сарын энэ сайхан нарлаг өдөр үсэрсэн цус, тасарсан махны хэсэг болсон монгол туургатны төлөөлөл хүндэт зочид, мөн Францаас ирсэн төлөөлөгч, бас гал голомтоо сахиж байгаа Монгол Улсын уран бүтээлчид үндэсний бичиг, соёлоо дээдэлсэн үзэсгэлэн гаргахаар хүрэлцэн ирсэнд баярлаж байна. Биднийг нэгтгэж байгаа зүйл бол хэл, бичиг үсэг, соёл, зан заншил юм. Үүнийг хадгалж авч яваа та нарт баярлалаа. Монгол Улсад хүрэлцэн ирсэнд их баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний түүхээ сэргээж үнэн, бүтэн болгох, үндэснийхээ хэл, соёлыг сэргээх тал дээр байнга анхаарч байгаа. Энэ тал дээр өнгөрсөн жилээс хойш бид хоёр зүйл хийсэн. Нэгд, Монголын эх түүхийн 7 боть номыг монгол бичиг, кирилл бичгээр хэвлүүлсэн. Хоёрт, Монгол хэлний цахим нэвтэрхий толь хийж байгаа. www.President.mn сайт руу ороход “Монгол хэлний их тайлбар толь” гэж байгаа. Мөн www.mongoltoli.mn, Монголтоль.мон гэсэн хаягуудаар нэвтэрч болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хамтраад дэлхийн хаанаас ч интернэтээр орж хандаж болох толь бүтээх ажлыг эхлүүлсэн. Энэ 2015 оны 12 дугаар сарын 25-нд нээлтээ хийх юм. Энэ толийг кирилл болон босоо монгол бичгээр бүтээж байна. Энэ тольд бүртгүүлээд нутгийн аялгууг оруулж болно. Жишээ нь, “уулзана, учирна” гэхийг Халимагт “харгалдана” гэж хэлнэ биз дээ. Үүнийг тольд оруулж өгч болно. Энэ толь бас аудио хэлбэртэй.
Та бүхэн уран сайхан бичихээс гадна дэлхийн хэмжээний Монгол хэлний нэвтэрхий их тайлбар толийг зохиоход интернэт ашиглаад хувь нэмрээ оруулах боломжтой. Аман зохиол, тусгай хэрэглээний үг, нэр томъёо, зүйр цэцэн үг зэргээс оруулж болно. Монгол олон отог, овог, аймгийн хэл, аялгуу нийлж байж монгол хэл бүтэн болно. Хэлээ бүтэн болгох толь зохиоход та бүхэн оролцох үүрэг авч байгаа шүү.
Гуравт, Монгол Улсын хүн ам 3 сая болсон. Монгол Улс 2015 оны 1 дүгээр сарын 28-нд 3 сая хүн амтай болсноо дэлхий дахинд зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ түүхэн үйл явдал зориулж “Хүүхдийн буян заяа, морины хийморь ивээх болтугай” гэсэн сэдэвтэй СГЗ Цэгмэдийн зохиомжоор дурсгалын мөнгөн зоос хийлгэсэн. Энэ гурван зүйлийг хэлье. Та бүхэнд холоос зорьж ирсэнд баярлаа” гэлээ.
Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг, соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтийг Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд хийв. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга зэрэг албаны хүмүүс, монгол уран бичиг сонирхогчид, хүүхэд, залуусын төлөөлөл оролцлоо.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн Монгол Улсад 7 дахь жилдээ, олон улсын үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Монгол бичиг бол монгол үндэстэн, монгол туургатны хэл, соёлын голомт юм. Монгол бичиг түүхийн төвөргөөн дунд хэлмэгдэж, хориглогдож, адлагдаж, бас сэргэн мандаж байсан. Ардчиллын ач буянаар монгол бичиг, үсэг маань сэргэн мандаж байна. Монгол бичгээр бичдэг хүмүүсийн тоо нэмэгдэх хэрээр хэрэглэдэг газар, байгууллагын тоо нэмэгдэж байна. Үзэсгэлэнд гаднаас оролцдог төлөөлөгчдийн тоо нэмэгдэж өргөжиж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж Монголын түүхийг үнэн, бүтэн болгох төсөл хэрэгжүүлж Монголын түүхийн 7 боть ном хэвлүүллээ. Түүнээс гадна цахим “Монгол хэлний их нэвтэрхий тайлбар толь”-ийн төсөл хэрэгжиж байна. Энэ тольд халх аялгуунаас гадна бусад монгол отог, овог, аймгийн хэл аялгууг багтаах юм. www.mongoltoli.mn, Монголтоль.мон гэсэн цахим хаягуудаар орж үг хэллэг оруулах боломжтой.
Мөн Монгол хэлний хуультай болсон. Өнөөдөр энэ үзэсгэлэнг үзэж байхад зөвхөн уран бичлэг гэхээс гадна уран зураг болж хөгжиж байгаа юм байна. Ингэж манай хэл, соёл сонгодог утгаараа биеллээ олж байгаад баяртай байна. Манай залуу зураачид монгол бичгээ урлаг болгож байгаад баяр хүргэе. Энэ ажлыг төр, засгаас гадна Хэнтий, Дорноговь аймаг их дэмжиж байгаа.
“Бичиг, соёл” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдож байгаа ажил нь зөвхөн Улаанбаатар хотод бус аймгуудад үргэлжилнэ. Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Монгол Улс хөгжин дэвжихийн хэрээр монгол бичгийн хэрэглээ, соёл бүх талаараа хөгжиж, тэлж, даяаршина гэдэгт итгэж байна. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Үзэсгэлэнгийн нээлт дээр , УИХ-ын гишүүн М.Батчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгч Оргил, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгч Баяр Сономович, Халимаг улсын төлөөлөгч Е.В.Бембеев нар баяр хүргэж үг хэллээ.
Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Хүндэт жуух бичгээр Бичиг, соёл, монгол уламжлалын холбооны гишүүн Тамир, Засгийн газрын “Үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэгч” шагналаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Пүрэвжав, шилдэг уран бүтээлийн шагналаар Мягмардорж, шилдэг уран бүтээлийн тусгай байрын шагналаар ӨМӨЗО-ны уран бүтээлч Цэцэнбилэг нарын зэрэг хүмүүсийг шагнаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга нар гардууллаа.
“Бичиг, соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид Монгол Улсад зочлох хугацаандаа Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн түүх, соёлын газруудтай танилцах юм.
Эх сурвалж: president.mn