Ч.Сайханбилэг: Миний сэтгэл өндөр байгаа

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Миний сэтгэл өндөр байгаа

Баасан гаригт(V.22) болсон УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны мэдээллийг хүргэж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн талаар гишүүдийн асуултад хариуллаа.

Б.Бат-Эрдэнэ: Миний хэлэх гэсэн нэг санал бол  яаралтай Ажлын хэсэг гаргавал яасан юм бэ. Ерөнхий сайд өчигдөр нисэх буудал дээр мэдээлэл хийхийг харсан.  Таны наад суудал дээр  сууж байсан нэг  хүн бас л “би хар толгойгоороо хариуцна” гэж байсан юм. Одоо гадаадад гараад алга болсон.

Ч.Сайханбилэг: Миний хувьд далд уурхайн бүтээн байгуулалт явах болсонд маш их баяртай байгаа.Сэтгэл өндөр байна. Өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцоход  монголчуудын хүртэх өгөөж 54 хувь байгаа. Оюутолгойн төлөвлөгөө батлагдсанаар Монголд эерэг үр дүн нь эхнээсээ мэдэгдэж байна шүү дээ.  Австрали улс өнөөдөр Монгол Улсад өөрийн Элчин сайдын яамаа байгуулъя гэсэн хүсэлт илгээж байна. Арабын нэгдсэн Эмират улс бас  Элчин сайдаа байгуулъя гэсэн хүсэлт тавьсан байгаа. 

Д.Тэрбишдагва: Эхнээсээ таруухан гэрээ байсан даа. Тэр үед “Оюутолгой”-н гэрээг буруу, зөрүү  хийлээ гэж шүүмжилдэг байсан. Ерөнхий сайд та их эмзэглэж  байна. Өмнө нь хийсэн гэрээг сайжруулсан гэлээ.  Хамгийн багаар тооцоход 10 орчим сая доллар жилд орж ирнэ гэсэн байгаа. Үүнийг ойлгохгүй байна.  Хоёрт нь, Өмнөговьтой холбоотой асуудал байна. “Эрдэнэт” хот гээд сайхан хот байгуулсан. Өмнөговь дээр хот бүтээн байгуулалт босох уу?

Ч.Сайханбилэг: Би эмзэглээд байгаа юм байхгүй. Асуултад хариулаад явж байна. Өнөө маргаашдаа бол татварт төлөх 30 сая доллар орж ирнэ. Роялти татвартай холбоотой 10 сая доллар орж ирнэ. Энэ мэтээр мөнгө залгуулаад орж ирэх байх.

З.Энхболд: Таван сая доллараар хот барихгүй шүү дээ. Сумын төвийг ч тохижуулж чадахгүй?

Д.Ганболд: Хот барих асуудал Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар явах юм.  Ханбогд  маргааш гэхэд  өнөөдрийн “Эрдэнэт” шиг болчихгүй ойлгомжтой. Эрдэнэт хот өнөөдрийн хөгжил хүрэх гэж 35 жилийг зарцуулсан. Жил болгоны таван сая долларын туслалцаа дэмжлэгтэйгээр хот болох процесс өрнөнө. Тусгай төлөвлөгөө гаргаад явах байх. “Оюутолгой” компани дангаараа хот байгуулах асуудлыг шийдэхгүй гэж амаараа ярилцсан. Ойрын 25 жилийн дотор хот байгуулна гэж тооцвол илүү бодитой юм.

Д.Сарангэрэл: Монгол Улсын Засгийн газар ард түмнээ талцуулах хэрэггүй гэж  бодож байна. Ерөнхий сайд Сайханбилэг Монголын ард түмнийг төөрөгдөлд оруулж болохгүй. Гадаадад хийсэн ажлынхаа тайланг хүмүүсийг ойлготол мэдээлэл өгөөсэй гэж бодож байна. Сэтгэл хангалуун байгаа ажлаа  олон нийтэд маш ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй. Миний ойлгосноор  1.2 тэрбум доллар жилдээ орж ирэх юм байна, зөв үү?

З.Энхболд: Одоо телевизээр чуулганы хуралдаан шууд явж байгаа. Тайлбарлах ажил явагдаж байгаа гэж хэлж болно.

Ч.Сайханбилэг:  Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний талаар ил тод нээлттэй мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулна.

Ц.Даваасүрэн: Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.5  тэрбум доллар гэж байсан. Гэтэл яагаад дөрвөн тэрбумаас дээшээ болчихов оо. Зээлээр өр төлнө гээд байхад яагаад та баяртай байгаа юм бэ. Энэ чинь хөрөнгө оруулалт юм уу, зээл юм уу? Зардал дээр хөрөнгө оруулалтыг нэмээд гурван хувь авсан, зардлаас зургаан хувь авсан ялгаагүй шүү дээ. Таны хэлж байгаа шиг өгөөж хаана байна. Баярцогтын хэлж байгаа шиг 54 хувийг өгөөж харагдахгүй байна.  Зарим хүн толгойгоо тавьдаг. Өнөөдрийг хүртэл би хүний толгой аваагүй байна. Өгөөж гэдэг өөр. “Эрдэнэт” шиг 100 мянган хүнтэй хот байгуулахыг хэлдэг юм, Ганболд оо, Бямбасайхан аа.    Би чам шиг эх орноо худалдаагүй Ч.Сайханбилэг ээ. Чи уг нь ичих ёстой.

Ч.Сайханбилэг: Миний эмоцоор оролдох яах вэ. Эх орноороо оролдмооргүй байна. Долларын ханшаа тавьж тууя гээд байгаа юм уу. Хөрөнгө оруулалт  хасах руу орсон. Хөрөнгө оруулалтын өгөөжийг Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр тооцоод гаргадаг юм биш шүү дээ. “Оюутолгой”-н төсөл хэрэгжсэнээр Монгол хожно. Та хар.

Д.Ганхуяг: Цаашид аль, аль талаас нь гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн үг үү. Хөрөнгө оруулалтын гэрээнд санхүүжүүлэх асуудлаа даагаад бүтээн байгуулалтаа өөрөө хийнэ гэсэн байдаг. Хойшид бизнесийнхээ шугамаар явах юм байна гэж ойлгож болох уу. Ер нь улстөржихгүй байх нь чухал байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад менежментийн төлбөр төлнө гэдэг заалт ТЭЗҮ-д ч байхгүй. Далд уурхайн ТЭЗҮ гараагүй байгаа л даа. Бэлэн мөнгөний урсгалыг 53:47 гэж ярьдаг. Аль төрлийнхөө татвар дээр яригдаж байгаа юм бэ?

“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Менежментийн төлбөр гэдэг заалтыг хамгийн зөвөөр ойлгох юм бол далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах зургаан тэрбумаас авах төлбөр гэсэн үг. Хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр байгаа заалт. Хөрөнгө оруулалтын гэрээнд менежментийн төлбөрийг зааж өгөөгүй байдаг.

Л.Цог: Энийг харахад зээл авч байгаа юм байна. Уг нь авах ёсгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум доллар гэж заасан шүү дээ. Гэсэн мөртлөө гэрээнд өөрчлөлт ороогүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Хоёрдугаарт, зээл авахдаа лиценз, ордоо тавьсан уу. С.Баяр өөрөө энэ гэрээг муу хийвэл толгойгоо тавина гэж байсан. Д.Дэмбэрэл дарга энд  сууж байна. Д.Дэмбэрэл дарга ч бас 2009 онд “Энэ гэрээнээс зэс цухайвал баярлана” гэл үү нэг юм яриад байсан шүү дээ?

Ч.Сайханбилэг: Би бодлоготой холбоотой юмыг яръя, Бямбасайхан зээлийн талаар ярьчих. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл аль, аль талд байсан Хоёр талаас тавьсан хүслийн жагсаалт хэзээ ч бүтэхгүй учраас далд уурхайн төлөвлөгөөг баталсан юм.  Монгол Улс төслийн 54 хувийн үр өгөөжийг нь хүртэх ёстой гэсэн үүднээс төлөвлөгөөг байгуулсан.

“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Банкны зээлүүд Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу явж байгаа. Зээлийн барьцааны талаар яръя. Мэдээж хэрэг , Засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаагүй. 

Д.Батцогт: Гэрээний процесс яаж явагдсан юм.  Аль, аль заалтад буулт хийсэн юм гэдгийг хоёр захирлаас асуумаар байна. Юугаараа давуу, юугаараа алдсан юм бэ? Хулгайгаар явж очоод зурчлаа гээд байна. Энэ талаараа юм хэлээч. Заавал  Ерөнхий сайдыг байцуулан зурах хэрэгтэй юу. Зургаан тэрбумын өрөнд Оюутолгойгоо тавиад туучихлаа гээд байна. Ийм юм болсон юм уу, Д.Ганболд оо?

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд:   Бид ямар буулт хийв, тэд ямар буулт хийсэн бэ гэсэн мэдээллийг бэлтгээд гишүүдэд ирэх нэг дэх өдрөөс өгнө. Барьцааны хувьд гэвэл энгийн иргэн ч банкнаас зээл авахдаа ямар нэгэн барьцаа тавьдаг шүү дээ.  Ордоо тавиад тууна гэсэн асуудал байхгүй. Зээлийг “Оюутолгой” авна. Монгол Улс 34 хувийг эзэмшиж байгаа. Хэдийгээр баталгааг нь “Рио Тинто” хариуцаж байгаа ч Монгол Улс  бас хамаатай гэсэн үг. Аль болохоор богино хугацаанд Монголд өгөөж нь яаж орж ирэх вэ гэдгийг тооцсон байгаа.

Ц.Батцэрэг: Уянгын халил гаргаад бие, биенээ гоочилж байна. Би бол физик юм яримаар байна. Зардлын зөрүүг янз янзаар тайлбарлаж байна. Үүнд тайлбар хийгээч ээ. Төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дагуу ажлын таван хоногт Сангийн яам баталгаажуулна гэсэн байгаа. Энэ асуудлыг Засгийн газар гурван удаа хэлэлцсэн байна. Гэтэл та энд ганцаараа хариулаад байна. Уул уурхайн сайд хаана байна. Тэр энэ талаар юу гэж бодож байгааг асуумаар байна. Хууль зүйн сайд санал дүгнэлтээ өгсөн үү. Дубайд гарын үсэг зурах талаар Гадаад харилцааны сайд ямар байр суурьтай байсан бэ Ер нь бол том төслүүд урагшлаасай. Эдийн засаг идэвхжээсэй гэсэн  хүлээлт байгаа?

Ч.Сайханбилэг:  Монгол Улсын иргэний хувьд том төслүүд яваасай, эдийн засаг сэргээсэй гэж бодож байгаа. Хоёр тал суугаад хэлэлцээд зарим юмаа сайжруулсан, зарим здүйл дээр харилцан буулт хийсэн.  Процедурын хувьд зөрчигдсөн юм байхгүй. Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулсан. Энэ мэдээллийн талаар илэн далангүй ойлголт өгөх тал дээр анхаарна.

Ч.Улаан: УИХ дээр “Шударг ёс” эвсэл гэж бүлэг байдаг. Гэтэл Ардын нам, Ардчилсан намын бүлэгт танилцуулсан гэж байна. Яагаад манай бүлэгт яагаад танилцуулаагүй вэ.  Эхний шатны хөрөнгө оруулалт яригдаж байхад 1.8 тэрбум долларын зөрчил илэрсэн. Энэ мөнгөн дүн хаачсан бэ?. Энэ 1.8 тэрбум долларын зөрчлийг хүлээн зөвшөөрчихөөгүй биз дээ.

Ч.Сайханбилэг: Явцын талаар танилцуулга хийж байсан. Аль нэг намын бүлэг дээр тусгайлсан танилцуулга хийгээгүй.  Уг нь Засгийн газрын  төвшинд шийдэх асуудал биш. Компаниудын хоорондоо ярилцаад шийдэх асуудал юм шүү дээ. Манай талаас ч  харьцангуй буулт хийсэн. Үүнийг улстөржүүлээд яриад байж болно.  Гэхдээ бас нөгөө тал 10 гаруй асуудал дээр  буулт хийснийг бодолцох хэрэгтэй. Харилцан ойлголцож, зөвшилцөж шийдсэн. Манай тал илүү хариуцлага хүлээнэ гэж айх хэрэггүй. Гэрээнд заасан 34 хувийнхаа хэмжээнд хариуцлага хүлээнэ. Нөгөө тал ч мөн 66 хувийнхаа хэмжээнд хариуцлага хүлээнэ.

Д.Ганболд: Их том буултууд аль, аль талдаа хийсэн. Манай талын олон юмыг хөрөнгө оруулагч зөвшөөрсөн. Манай татварын байгууллагаас 130 сая долларын торгууль тавьсан. Үүнийг Монгол дотроо шийдье гэж хоёр тал шийдсэн. Тэгээд татварын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцээд 30 сая доллар дээр буурсан. “Оюутолгой”-н хувьд энэ 30 саяыг зөвшөөрөөгүй байсан шүү дээ. Магадгүй олон улсын арбитрын шүүхэд очсон бол хэн ялахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ харин энэ 30 сая доллар төлөхийг нь тэднээр зөвшөөрүүлсэн.  Эцэст хэлэхэд зардлын хэтрэлт аль ч компанийн хүсэх зүйл биш. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш юм. Ийм хэтрэлт гарахаас өөр аргагүй байсныг зохих бичиг баримт, олон зүйл дээр нотолж харуулсны учраас манай тал дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байгаагүй

 О.САР


Г.Уянга: Ногдол ашгийг хэзээ хүртэх вэ?

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжлэх шатанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Г.Уянга:-Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд гуай. Та монгол хүн биш, харин монгол хэл сайн сурсан байна. Төлөвлөгөөнд гарын үсэг зурдаггүй, гэрээнд гарын үсэг зурдаг юм. Оюутолгойн ТЭЗҮ-г 5.1 тэрбум төгрөгөөр баталсан, нэмж 6 тэрбум болголоо. Нийт дүнгээрээ 11.1 тэрбум боллоо. Арбитрын шүүхэд очих гарын үсгийг зурсан байна, та нар. Оюутолгой төсөл зогсоогүй, гагцхүү монгол хүн үр ашигаа хүртэх тухай л ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн ашиг хүртээгүй, цөөн хүмүүс ашиг хүртэж байгаа. Гэрээг нь зурсан зарим хүний толгой олдохгүй байна. Анх энэ гэрээг байгуулж байхад Монголын ард түмний хүртэх ашиг 75 хувь, “Рио Тинто” 25 хувийг хүртэх юм гэж байсан, та харин 53.9 хувийн ашиг хүртэнэ гэлээ. Ногдол ашгийг хэзээнээс хүртэх вэ. Энэ тухай тодорхой хариулт өгөөч. Өмнө нь бид Рио Тинтотой тулдаг байсан бол одоо 15 толгойтой тэмцэх нь?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:-Монгол хүн мөн үү,  биш үү гэж байна, би монгол хүн. Улсаа борцолсноос гадаадын хөрөнгө оруулалт хасах руу ортлоо буурсан. Хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авъя гэхэд өгдөггүй байсан, харин Оюутолгойн далд уурхай хөдлөх болсноор 2000 төгрөг рүү дөхөж байсан долларын ханш 1920 болж бууж ирж байна. Худалдаа хөгжлийн банк бонд босгосон хүү нь 7 хувь байсан, 4 хувь руу ороод ирсэн. Ийм үр дүн гаргахын төлөө явсан, цаашаа ч явна. Ногдол ашгийн хувьд тодорхой хугацаагаар хойшилно. Дан ганц Монголын талын хүртэх ногдол ашиг хойшилж байгаа юм биш, хөрөнгө оруулагч талынх ч бас адилхан хойшилж байгаа. Тийм учраас хоёр талаасаа зүтгэж, илүү үр дүнтэй хөрөнгө оруулалт хийж, далд уурхайгаа ажиллуулахын төлөө явна. Оюутолгой төсөл хэрэгжсэнээр 1.3 тэрбумын татвар төлөгдсөн байгаа. Харин хүртэх ашиг 75, 25 хувийн тухайд “Рио Тинто”, Оюутолгой компанийн PR хариуцсан хүмүүсээс асуусан нь дээр болов уу.

Ер нь Монголын талын хүртэх ашиг 54.9 хувь байна гэдэг нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5000 ам.доллар руу буусан ч доош хэлбэлзэж унахгүй байх ашигийн хэмжээ юм. Хэрвээ дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсч 7000 ам.долларт хүрвэл Монголын талын хүртэх ашиг 56.1 хувь болж өснө. Өнөөдөр бид татвараа аваад үр ашгаа хүртээд явж байгаа, үүнийг үгүйсгээгүй шүү. Өнөөдөр бид татвараа аваад үр ашгаа хүртээд явж байгаа.

Ийнхүү гишүүдийн сонирхсон асуултад Ерөнхий сайд хариулт өгч дууссанаар чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж