Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан

Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсоныхоо дараа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулж Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажил гэсэн хоёр тендерийн нээлтийг өнгөрсөн сарын 29-нд хийж байсан.

Тэгвэл өнөөдөр Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид ашиглах лаг усгүйжүүлэх, 617.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Пампак бодис худалдан авах” тендер болон, Сонгинохайрхан дүүргийн I, XX хорооны байр, Иргэний танхимын засвар, гадна фасадын ажил, IV, 26 дугаар хорооны байр, Иргэний танхимын засварын ажил гэсэн гурван тендерийн нээлтийг олон нийтэд ил тод зохион байгууллаа.

УСУГ-ын тендерт гурван компани оролцохоор материалаа ирүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн IV, 26 дугаар хорооны байр, Иргэний танхимын засварын ажлын тендерт нэг компани материалаа ирүүлжээ. Харин тус дүүргийн I, XX хорооны байр, Иргэний танхимын засвар, гадна фасадын ажлын тендерт нэг ч иргэн, аж ахуй нэгж материалаа ирүүлээгүй байна. Үнэлгээний хороод 24 хоногийн дотор тухайн тендерийг гүйцэтгэх компанийг сонгоод 45 хоногийн дотор гэрээ байгуулж ажлаа эхлүүлэх хуулийн заалттай байдаг аж.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Тухайн ажлын цар хүрээ, ажлын тоо хэмжээ, төсөвт өртгөөс хамаараад тендерт иргэд, аж ахуйн нэгжүүд оролцохгүй байх тохиолдол байдаг. Өнөөдрийн нээсэн гурван тендерийн нэгд нь оролцогч огт байсангүй. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд явуулж буй бүх тендерийг шилэн, ил тод, нээлттэй болгох, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд бид тендерийн нээлтээ ч шилэн болгосноос гадна Улаанбаатарын хэмжээнд зарлагдаж буй бүх тендерийг тусгай зориулалтын тоноглогдсон өрөөнд явуулж байна. Бүх үйл явцыг нь аудио болон видео хэлбэрээр архивлан хадгалж байгаа. Тендерийн ил тод байдлыг хангаж, шилэн болгосноор Үнэлгээний хорооны гишүүдэд гаднаас нөлөөлөх нөлөөлөл, дарамт шахалт ирэх нь эрс багассан. Мөн Үнэлгээний хорооны гишүүдийн ухамсар дээшилж, ашиг сонирхлын зөрчилгүй, хуулийн хүрээнд ажиллах байдал нь мэдэгдэхүйц сайжирсан” хэмээн ярилаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 201 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 194 төсөл, арга хэмжээ зарлагдахаар байгаа аж. Үүнээс өнөөдрийн байдлаар 64 төсөл арга хэмжээний тендер зарлагдаад байна.

НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж