2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38232 хүүхэд элсэнэ. Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, 281.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дүгээр хэсгийн 1.4, “Хамран сургах тойрог тогтоох тухай” Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дугаар тушаалыг тус тус үндэслэн зохион байгуулна.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.
Элсэлтийн ажлыг зохион байгуулах нийслэлийн дэд ажлын хэсгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар, дүүргийн ажлын хэсгийг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн ажлын хэсгийг захирлын тушаалаар батална. Ажлын хэсэг нь дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна. Элсэлтийн үед ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана.
Нэгдүгээр ангид 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.
Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.
Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар,
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,
- Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.
Хүүхдээ аль сургуульд сургахаа эндээс үзээрэй
Мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга өчигдөр /2019.05.09/ ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай тушаал гаргажээ. Дараах хүснэгтээс хүүхдээ аль сургуульд сургах боломжтой үзнэ үү.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
Холбоотой мэдээ