Төрийнхөн тансаглаж, хувийн хэвшлүүд чардайна

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

Төрийнхөн тансаглаж, хувийн хэвшлүүд чардайна

Төрийнхөн тансаглаж, хувийн хэвшлүүд чардайна

Орон сууц баригдсан ч төрийнхөнд, шинэ машин хуваарилсан ч Засгийн газрын сайдад, гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах болсон ч гишүүд, сайд, дарга нарын хүүхдүүд.

Тэрбум, тэрбумын хадгаламжтай, үнэт эдлэлтэй, орон сууцтай нь бас төрийн өндөр дээд албан тушаалтнууд, яам, агентлагийн дарга нар. Төрд ажиллаж байгаа хурган дарга ч хэд хэдэн орон сууцтай. Зарим нь бүр Засаг даргын Тамгын газраа хувийн өмч хэмээн андуурсан уу, казино байгуулсан тухай дуулиан дэгдсэн. Ийм байхад хөлтэй болгон нь төрд ажиллахыг хүсэж, авлига хээл хахууль юу байгаа бүхнийг өгөөд ажилд орохоор зүтгэхээс яалтай.

Төрд ажиллана гэдэг наад зах нь хүүхдээ гадаадын их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургахаас эхлээд олгодог тусгай зөвшөөрөл, эрх мэдэл бүхнийг дагаж, нийгмийн асуудлаа шийдээд авах боломжтойгоос гадна нэг нөлөөтэй дарга хормойдчихвол газрын дарга, цаашлаад албан тушаал ахисаар Төрийн ордонд алба хашдаг болно.

УИХ-ын гишүүн болсон ч орон нутгаас сонгогдсон гишүүнийг орон байртай болоход нь төр дэмжлэг үзүүлэх хуультай тул 50 сая төгрөгийн дэмжлэг авах жишээний. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ эрхийг эдэлж, 50 сая төгрөг авсан гэдгээ ярьсан. Өмнө нь ч орон нутгаас сонгогдсон гишүүд түүний нэгэн адил Улаанбаатар хотод байртай болсон. Хуулиа өөрчлөөгүй цагт хойшид ч эл дэмжлэг үргэлжилнэ.

Нэг үгээр хэлбэл, Монголын төрийн тогтолцоо нэг иймэрхүү схемээр албан хаагчдаа бойжуулдаг болсоор удаж байна.

Мэргэжилтэй, мэргэжилгүй, боловсролтой, боловсролгүй хамаагүй. Гагцхүү иргэнд бус даргад л сайн үйлчилж чаддаг байх ёстой. Түүний төлөө нохой мэт зүтгэхэд л болно. Тэр цагт хэрэг үйлдсэн ч цагаадна, хэрэгсэхгүй болно.

Хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэдэн байцаагчид холбогдох хэрэг шүүхээр орсон ч хэрэгсэхгүй болж олныг шуугиуллаа. Авлига авсан нь үйлдэл дээрээ нотлогдсон ч нэмэр болсонгүй. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлигын хэрэг нь хэрэгсэхгүй болов. УИХ-д хууль тогтоож суугаа УИХ-ын гишүүдийн “буян"-аар шүү дээ. Энэ бол төрийн албан хаагчид авлига ав, авсныг нь хууль тогтоогчид хууль батлаад цайруулаад байна гэсэнтэй утга нэг сонсогдоод буй.

Гэхдээ дээрх жишээ бол ердөө нэг агентлагийн байцаагчийн хувийн хэвшлийнхнийг зовоож авч байсан авлигын жишээ. Томчууд нь бол төгсөрсөн. Жижиг асуудал руу орохгүй, том юм зохицуулна. Зарим нэг юм нь задарч, ЖДҮХС-гийн хулгайч нэртэй болсон ч ер тоохгүй л яваа. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахтай зэрэгцэн ЖДҮХС-гийнх нь хулгайн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан заалтаар цагаадах боломжтой тул тэр болтол бүрэн эрхээсээ түдгэлзэж, дээлээ нөмрөхгүй байх нь л чухал.

Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгаснаас болж, томчуудын хэргүүд хэрэгсэхгүй болж байна гэдгийг Авлигатай тэмцэх газрынхан олон удаа хууль тогтоогчдод тавьсан ч Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн хугацаанд нэг нь ч хөндөөгүй. Өнөөх шударга ёсны төлөөх тэмцэгчид Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Ц.Нямдорж нар бүр үг унагахгүй байгаа шүү дээ. Хэний талд зогсоод байна вэ гэдгийг энэ жишээнээс харчихаж болох болов уу.

Төрийн үйлчилгээний салбарт ажиллагсад ч “халтуур”-тай.

Багш нарыг хар, нэгдүгээр анги төгсгөөд л 500, 600 мянган төгрөгийн бэлэг шавь нараасаа авч байна. Сурагчдын хэнийх нь эцэг, эх илүү хандаж, бэлэг сэлт сайн өгнө, түүний хүүхдэд илүү анхаарал хандуулж, ажиллана.

Цэцэрлэгийн багш нар ч дутахгүй. Сүүлдээ бүр мөнгө улаан нүд цагаан болж, анги засварын мөнгийг заасан хугацаанд өгсөнгүй гээд нусаа ч татаж чадахгүй жаахан хүүхдүүдээр сандал өргүүлж, зогсоож дэглэсэн байгаа юм. Энэ явдал Нийслэлийн нэгэн цэцэрлэгт болсон. 30 гаруй хүүхэд сандал өргөж зогссон. Тийм л ааг, омогтоо шатсан багш юм бол тэрийгээ эцэг, эхэд нь гаргана биз, тэр “муу” жаахан үрсийг сандал өргүүлж яах нь вэ дээ.

Цалинг нь нэмээд ч нэмэр алга. Өнөөх л ёс зүйгүй авираа гаргасаар…

Хэрвээ хувийн хэвшилд ажилладаг цэцэрлэгийн багш ийм алдаа гаргасан бол хэзээний ажлаасаа чөлөөлөгдсөн, гудамжинд лааз өшиглөж яваа.

Ер нь Монголын амьдрал хувийн хэвшлийнхний нуруун дээр тогтож ирсэн ч тэдэн рүү хандсан бодлогыг төрөөс хэрэгжүүлдэг нь тоотой. Хаана, буулгана, нураана, хураана гэдэг лүндэн л буулгадаг. Цаг наргүй зүтгэж, татварт орлого бүрдүүлээд ч нэмэргүй. Нэг л өдөр няслуулахад бэлэн ч төрд татвар төлөх ёстой гэсэн тангарагтаа үнэнч яваа арми.

Тэд татвар төлөхийн төлөө өдөр бүр зүтгэнэ. Харин төрд байгаа бэрдүүд нь татвараар хамгийн сайхан нийгмийг бүтээх ёстой ч өөрсдийнхөө амьдралыг сайжруулаад, дараагийн хүндээ ажлаа шилжүүлдэг. Зарим нь бүр ажлаа өгөхгүй гэж гүрийж, тамга тэмдгээ авч зугтаах нь ч бий. Дараа нь шүүхэд хандаж, мөнгө нэхэмжилнэ. Төрд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарвал тэтгэлэг бас авна. Тэр нь томоохон албан тушаалтнуудын хувьд гурван өрөө орон сууц авах хэмжээний байх нь бий.

Арай л дэндүү алаг үзсэн бодлого.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж