Ч.Сайханбилэг: Ганбаатар аа, та баатар шиг явлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Ганбаатар аа, та баатар шиг явлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл өгч байна.  Тэрбээр  "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталснаар олон эерэг үр дүн гарч байгаа.  Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум доллар, далд уурхайн олборлолтоос Монгол Улс хүртэх ашиг 53 хувиас дээш хувь байхыг албажуулсан болно.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн дагуу төлөхөөр болсон. Зардлын хяналтыг сайжруулах үүднээс цөөнхийн зүгээс хянах ажиллагаанд оролцохоор болсон. Мөн 2009 оныхоо гэрээг хөндөхгүй гэсэн зарчим баримталж ажилласан.  2014 онд үүссэн татварын маргааныг манай тад ашигтайгаар шийдвэрлэсэн. Жил бүр таван сая долларыг орон нутагт зарцуулахаар болсон. Тавантолгой цахилгаан станцаас цахилгаан худалдан авахаар болсон. 2015 оны есдүгээр сар гэхэд зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийнэ.

Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирлууд төлөвлөгөөнд гарын үсэг зурсан” гэсэн юм.

Гишүүдийн зүгээс асуулт, хариулт үргэжилж байна. 

М.Энх-Амгалан: Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсон уу? Оюутолгойтой хийж байгаа анхны хөрөнгө оруулалтын хэтэрсэн зардал болох хоёр тэрбум долларын маргааныг яаж шийдвэрлэж байгаа вэ. Зургаан тэрбум доллар яг бүтээн байгуулалтад шаардагдах уу. Үүнийг яаж шийдсэн бэ? Эцэст нь яагаад Дубайд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зурсан юм бэ. Монголдоо зурж болоогүй юм уу?

Ч.Сайханбилэг: Хэлэлцээ явж байхад янз бүрийн мэдээлэл өгөх боломжгүй байлаа. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөөгүй. Аль, аль талдаа өөрчлөлт оруулах "Хүслийн жагсаалт" их байгаа. Гэвч, Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэрэггүй гэж үзсэн. Хоёр тэрбум долларын маргааны асуудлыг шийдэхгүй бол мөнхийн хэрүүлийн сэдэв болж магадгүй. Хоёр талаасаа нэлээд ажилласан. Менежментийн төлбөрийг 1.2 тэрбум доллараас тооцъё, бусдаас нь тооцохгүй гэж шийдсэн.  Юу шийдсэн бэ гэдгийг сая та бүхэнд мэдээллээ. Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө тэр чигтээ уурхайд зарцуулагдана. Хэлэлцээ яагаад Дубайд хийсэн бэ гэдгийг тайлбарлая. Өнгөрсөн хугацаанд  талууд Лондон, Улаанбаатарт хэлэлцээ хийсэн.  Хамгийн сүүлд хэлэлцээг Дубайд хийсэн. Дубайд төлөвлөгөө байгуулсан нь байршлын хувьд зөв гэж тооцсон.  Учир нь Дубай өөрөө олон улсын санхүүгийн төв. Дэлхийд эерэг мэдээ болж очно, олон улсад очих мессеж зөв, хурдан хүрнэ гэж тооцсон.

О.Баасанхүү: За, хүрээд ирсэнд баярлалаа. Далд уурхайн ТЭЗҮ батлаагүй байхад яагаад төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөө арбитрын шүүхэд очвол эрх зүйн баримт болох уу.  Ер нь Засгийн газрын төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ?  Та Монголын талд ажиллаад байна уу, өөр талд ажиллаад байна уу?  Хэлэлцээр юм уу, хэлцэл юм уу, гэрээ юм уу?

З.Энхболд: О.Баасанхүү та тараасан юм уншив уу. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зураагүй  гэдгээ хэлсэн шүү дээ. Гишүүд юуны тухай ярихаа мэдэх ёстой.

Ч.Сайханбилэг: Ч.Сайханбилэг гэдэг хувь хүнийг доромжилж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдыг доромжлоод яах вэ.  Оюутолгойг улс төрийн асуудал болгохоо больё. Эдийн засгийн харилцааны асуудал гэж харах хэрэгтэй. Компани хоорондын асуудлыг улстөржүүлэхээ зогсооё. Би Оюутолгойн гэрээг зурах гэж Дубай яваагүй. Миний айлчлал ҮАБЗ-өөр орсон. Үүний дагуу би айлчлал хийсэн. Арабын нэгдсэн Эмират улстай Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Хэд, хэдэн чиглэлээр хамтарч ажиллах  асуудлыг ярилцсан. Эхний ээлжид нэг сая толгой мал, цаашид таван сая толгой мал экспортлох, төмөр зам, дэд бүтцийн том, том төслүүд дээр ажиллая гэдгээ арабууд илэрхийлсэн. Айлчлал амжилттай болсон гэдгээ танд хэлэхийг хүсч байна. ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг Д.Ганболд, Б.Бямбасайхан захирал тайлбарлах байх.  Хамгийн гол нь "Оютуолгой"-н далд уурхайн ажил явна гэсэн мэдээллийн дараа эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг хэлье. Манай Засгийн газрын бондын хүү "Чингис бонд"-ын хүү рүү дөхөж очсон. Өнөөдөр  дөрвөн хувь руу ороод ирлээ. ХХБ-ны гаргасан бонд 9 гаруй хувиас долоон  хувь руу буурлаа. Долларын ханш 1920 төгрөг рүү орлоо. Бид үүнийг л хүсч байсан. Би Монгол Улсын талд ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар гарын үсэг зурдаг. 2009 онд гурван сайд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөнд “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал зурсан.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: ТЭЗҮ бол байнга өөрчлөгдөж байдаг баримт бичиг. Маргаантай асуудал олон байсан.  Эрдэс баялгийн нөөц ашигласны төлбөрийг "Рио-Тинто" өөр маягаар тооцож ирсэн. Зарим нэг зардлаа хасч тооцоод байсан учраас маргаан үүссэн. Татвартай холбоотой нэлээд олон  маргаан үүссэн. Тиймээс ТЭЗҮ-г манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Гүний уурхайн төлөвлөгөөг зурсны дагуу бүгдийг нөхөж, зарчмын өөрчлөлт оруулаад Эрдэс баялгийн зөвлөлд өгнө. Томоохон өөрчлөлт хийхгүй.

О.Содбилэг:  Анхны гэрээнд өөрчлөлт орсон юм уу. Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэртэй холбон ярьж байна. Энэ бол өөр асуудал. “Оюутолгой”-н асуудал дээр засаглалын хувьд тодорхойгүй харагддаг. Таныг “Рио-Тинто”-гийн захирлын гал тогооны өрөөнд тав хоног хэлэлцээ хийгээд санаагаа олж авсан. “Рио-Тинто”-гийн есөн настай охин нөлөөсөн гээд мэдээлээд байна. Монголд шууд өгөөж нь хэзээнээс мэдэгдэж эхлэх вэ?

Ч.Сайханбилэг: Хэлэлцээрийг “за, за” явуулчихъя гэж хэзээ ч асуудалд хандаагүй. Санхүүгийн модель дээр дэлхийд алдартай компани туслалцаа үзүүлж байгаа. Хоёр тал тусдаа хоёр өөр тоо ярьдаг байсан. Одоо хоёр тал яг ижилхэн тоо ярьж байгаа. Төслийн үр өгөөжийн 54 хувь нь Монголын талд ногдоно гэдгээ түрүүнд тайлбарласан. Хөрөнгө оруулалтын гэрээ өөрчлөгдөөгүй. Монголын тал өнөөдрийг хүртэл "Оюутолгой" дээр хяналт тавьж чаддаггүй байсан нь үнэн. Одоо монголчууд өөрсдөө хяналтаа тавиад явна.   “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ нь энэ асуудлыг хариуцах юм.   Засгийн газар, улстөрчид нь бүх асуудалд оролцоод явахаар ямар байдал үүсдгийг бид харсан. Хэлэлцээрийг айлын гал тогоонд хийдэггүй юм. Есөн настай хүүхэд оролцдоггүй юм.  Ийм уянгын халилтай юманд итгэж болохгүй. Оюутолгойг дайны тайлбар гэж харж болохгүй. Өнөөдрөөс эхлээд Монголын компани гэж ойлгох ёстой. Бид “Рио-Тинто”-д ч хэлсэн. Бид нэг завинд суусан хамтрагчид гэж. Манай улсад  жилд 1.2 тэрбум долларын хөрөнгө орж ирэх ёстой.

 С.Ганбаатар: Танд Сайханбилэгт гэж гоё нэр өгсөн ш тээ, уг нь. Төлөвлөгөөг гэрээ биш гэж үзэж буй бол арбитрын шүүх дээр хүлээж авах уу? Та бултахгүй хариулаарай. Хоёрдугаарт, дандаа гэрээний заалтууд орж ирж байна.  Хоёр тэрбум долларын зөрчил байна. Түүнийг яаж шийдвэрлэсэн юм.  Зургаан тэрбум долларын өр авснаа юу гэж тайлбарлах вэ. Биднийг барьцаанд тавьсан шүү дээ, та. Бидний газар, нутаг, лицензийг барьцаанд тавьсан байна. Ганболд оо, чи түрүүнд шал худлаа ярьж байна лээ шүү.

Ч.Сайханбилэг: Ганбаатар гишүүнээ та бас нэрээ бодоорой. Өнөөдрийг хүртэл та баатар шиг явсан. Та миний нэрнээс эхэлсэн учраас таны нэрнээс бас эхэлж байна. Энэ төлөвлөгөөг нуусан юм байхгүй. Zasag.mn дээр тавина. Талуудын гарын үсэг зурсан албан ёсны баримт бичиг мөн.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: Олон улсын арилжааны банкуудаас 4.2 тэрбум долларыг авч байгаа. “Рио-Тинто” өөрөө баталгаа гаргаж авч байгаа юм. “Оюутолгой” компани өрөө төлнө. Далд уурхайн бүтээн байгуулалтад мөнгөө бүрэн зарцуулна. Баталгааг нь гаргаж авсан байгаа. Долоон жилийн турш “Туркойз Хилл Ресурс” “компани энэ зээлийн хариуцлагыг хүлээх юм. Хэрэв мөнгө төлөхгүй бол “Рио-Тинто” компани хариуцна.

Ч.Болорчулуун: Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт ороогүй гэж байна.Нэмэлт санхүүжилт нэрээр дөрвөн тэрбум доллараар зардалыг нэмэгдүүлж байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээг эвдэж байна. ТЭЗҮ  бол уг нь Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдах ёстой. Менежментийн зардлыг зургаан хувь байсныг гурван хувь болголоо гээд байна. Хуучин гэрээгээр 2021 оноос цэвэр ашиг хүртэхээр байсан. Одоо бол 2035 оноос наашгүй боллоо.

Ч.Сайханбилэг: Засгийн газрын хуралдаанаар ороод зохих шийдвэрүүдийг гаргаж байсан. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг өгч болно.  2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг зарлаад том бүтээн байгуулалт үргэлжлээд явсан.  Гаргаж байгаа зардлыг нь тооцоход энэ  төслөөс жил бүр 7-8 тэрбум доллар Монгол үлдээд явж байгаа. Айлын талын хэлж байгаа нэг зүйл бол  бол итгэлцэл чухал гэдгийг бидэнд сануулсан. Хэн нэгэн татварын байцаагч ирээд гэнэт шалгадаг байж болохгүй гэж.  Тиймээс итгэлцэл бий болсон үед Монголоор мөнгөө дамжуулж болно гэдгийг хөрөнгө оруулагчид хэлсэн.

Асуулт хариулт үргэлжилж байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж