Монголын морин спорт уяачдын холбооноос ирэх Ням гаригт/2019.05.10/ "Хүй долоон худаг"-т зохион байгуулагдах Төвийн бүсийн уралдаантай холбогдуулан өчигдөр мэдээлэл өглөө. Засгийн газрын тогтоолын дагуу есөн том уралдаан зохион байгуулагдах бөгөөд Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн уралдааныг их насны морьд 18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих аж. Уралдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш Өлзийт хороолол дахь 59 дүгээр сургууль дээр 10:00-18:00 цагийн хооронд хийх бөгөөд Морин спорт уяачдын холбоо болон Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн албан хаагчид хяналт тавьж ажиллахаар болжээ.
Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааныг Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб Цагдаагийн ерөнхий газартай хамтран өндөр харуул хамгаалалт дор зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Уралдааны үеэр цагдаагийн байгууллагын 700 гаруй албан хаагч ажиллахаар болжээ. Мөн морины бүртгэл явагдах үеэр сэрвээний өндрийг халхалж болохгүйг уяачдад анхааруулжээ. Дэвшилт технологи ашиглан, хүний оролцоо багатай, олон нийтэд ил тод байх зарчмаар сэрвээний өндрийг хэмжинэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Уяачид, үзэгчдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, зохион байгуулж буй арга хэмжээнд соёлтой оролцож, сонор сэрэмжтэй байхыг хүслээ.
Холбоотой мэдээ