Зургаан настнуудыг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл энэ сарын 13-нд эхэлнэ гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Тус бүртгэлд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдүүд хамрагдах юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд элсэх боломжгүй ажээ. Зургаан настнуудыг бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх, хуулбарын хамт
- Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
- Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзэх юм байна. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Бүртгэл энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд 38.232 сурагч нэгдүгээр ангид элсэн орно гэсэн мэдээлэл байгаа юм.
Холбоотой мэдээ