Өнөөдөр /2019.05.10/ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр Увс аймгийн Наранбулаг суманд 1960 оны энэ өдөр мэндэлжээ.
Гавьяат тамирчин О.Балжинням нь жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх юм. Тэрээр 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчнаар орж, бөхийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.
Анхны амжилт нь Үндэсний бөхөөр 1984 онд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин цол хүртсэн билээ. Мөн 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж, заан цол хүртэж, тухайн жилээ Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, гавьяат тамирчин болж байв.
Улсын наадамд 17 удаа шөвгөрч үлдсэн Хөдөлмөрийн баатар О.Балжинням өдгөө Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй билээ. Эрхэм аваргадаа уншигчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсч, “Токио-2020” олимпийн наадмаас олон шавь нараа медаль хүртүүлэхийг хүсье.
Холбоотой мэдээ