Ц.Нямдорж: Цаазын ялыг сэргээх боломжгүй, хариугаа Ерөнхийлөгчид өгсөн

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

LiveЦ.Нямдорж: Цаазын ялыг сэргээх боломжгүй, хариугаа Ерөнхийлөгчид өгсөн

Ц.Нямдорж: Цаазын ялыг сэргээх боломжгүй, хариугаа Ерөнхийлөгчид өгсөн

 

 

17 : 18
2019-5-10

Чуулган: ЗГ-ын Үндсэн чиглэлийн биелэлтийг сонслоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан. Тухайлбал,

УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат:

-Малчдын дунд орлого нэмэгдүүлэх, мал мах, арьс ширний үнэ нэмэгдүүлэх, мах, сүү, нэхий дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох л зүйлийг тойргоос сонгогдсон гишүүдээс асуудаг. Үндсэн чиглэлд мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх ажил 100 хувийн биелэлттэй байна гэжээ. Сүүлийн үед шахааны вакцины бизнесийг таслан зогсоох шаардлагатай байна. Гэтэл бид өмнө нь дотооддоо вакцинаа үйлдвэрлэж, өөрсдөө малаа эрүүлжүүлдэг байсан. Хоёр хөрш 10 мянган км зам туулж мах авч байхад бид 10-хан км махаа экспортолж чадахгүй байна. Цаашид шахааны вакциныг зогсоож, малаа эрүүлжүүлж, мал аж ахуйн салбараа хөгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого барих вэ. Түүнээс гадна зээлийн хүү бууруулах боломж байгаа юу, энэ чиглэлээр ямар нэг бодлого баримталж байна уу.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Вакцины шахааг зогсоох ёстой гэдэгтэй санал нэгдэж байна. Энэ жил ОХУ-ын талтай хамтран малын гоц халдварт өвчний вакцинаар хангах тохиролцоонд хүрсэн. Бид гэрээ хэлцлээ хийсэн бөгөөд ОХУ-ын үйлдвэрээс авна. Мөн вакцины үйлчлэлд мониторинг хийх, боловсон хүчний чиглэлд хамтран ажиллана гээд хөтөлбөрөө эхлүүлээд байна. Баруун бүсийн малын вакцингүй байх, зүүн бүсийг вакцинтай эрүүлжүүлэх ажлаа хийж байгаа. Цаашид биокомбинатаа өргөжүүлж, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо зохион байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. Оны дундуур 80-85 сая толгой мал болох учраас 25 сая орчмыг эдийн засгийн экспортод оруулахаар бусад улс оронтой гэрээ хэлцэл хийж байна. Махны экспортыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, экспортлох шаардлагатай байгаа.  Өнгөрсөн онд гэхэд гадаадын 13 улсад 70 орчим мянган тонн махыг экспортолсон байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2016 онд зээлийн хүү 19,7 байсан бол 2019 оны эхний улиралд 16,7 хувь байна. Ингээд үзэхээр гурван жилийн хугацаанд гурван функтээр буурсан нь хангалтгүй байгаа юм. Зээлийн хүүг бууруулахын тулд төсвийн алдагдлаа бууруулах, Засгийн газар нь арилжааны банкнаас зээл авахаа зогсоох, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тогтвортой авч хэрэгжүүлэх ёстой. Бага хүүтэй мөнгө орж ирэх нөхцөлүүдийг нэмэгдүүлэх боломжийг татварын хуульд оруулсан, одоо байгаа арилжааны банкуудын зээлд гаргаж байгаа зээл өндөр хүүтэй байгаа. Бага хүүтэй, зээл олгодог гадны банк оруулж ирэх асуудлыг судалж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ мэт урт хугацаандаа эдийн засгийн суурь үзүүлэлтээ нэмэгдүүлээд явбал зээлийн хүү буурна гэж үзэж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг сонссоны дараа Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.  Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох, цалингийн хэмжээг тогтоох тогтоолыг оруулж ирж байгаа юм байна.

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

16 : 00
2019-5-10

Ц.Нямдорж: Цаазын ялыг сэргээх ямар ч боломжгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Сүүлийн таван жилийн хугацаанд хүн худалдаалах 49 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд нийтдээ 25500 хүн алга болсноос 471 хүн ор сураггүй алга болсон бөгөөд үүнээс 20 нь бага насны хүүхэд байна. Кибер, сошиалаар дамжуулан бусдын биеийг үнэлүүлэх, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргүүд гарах тохиолдол байдаг. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран эдгээр группуудыг хаасан байгаа. Цаашид сошиалаар дамжуулан гарч буй гэмт хэргийг бууруулах чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлж байлаа. 

Ийнхүү мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийллээ. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Зарим аймаг орон нутагт гадаадын ажиллах хүчний тоо нэмэгдсэн. Зам гүүр, уул уурхай, ашигт малтмал, газрын тос, мал мах, ноос ноолуурын чиглэлээр гадаадын ажиллах хүчин нэмэгдэж байна. Ялангуяа Хятад ажилчид нэмэгдэх болсон. Тухайлбал, Сүхбаатар аймагт хичээлээ тараад явж байсан охиныг машинтай хятадууд авч явах гэж оролдсон тохиолдол гарсныг нутгийн иргэд ярьдаг. Тиймээс сум, аймгийн ойролцоох газрыг камержуулсан уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Нэг үеэ бодвол сумын цагдаагийн ажилтаны ажиллах нөхцөл харьцангуй гайгүй болсон. 2003 оноос бүх сум байртай болсон. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, гал таслахгүй ажиллаж байна.  Ер нь цагдаагийн байгууллага авто парк, хүн хүчний дутагдал ихтэй байдаг. Гарч байгаа нийт хэргийн тал хувь нь хулгай, тал хувь нь Улаанбаатарт гардаг, хүч хэрэглэсэн хэрэг 30 хувь болон 20 хувь нь бусад хэрэг гэсэн бүтэцтэй байдаг. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага ажилладаг. Гол ажил нугалж байгаа газар бол цагдаагийн газар юм. Цаашид цагдаагийн албан хаагчдын амьдрах орон байрны асуудлыг шийдэх, 3600 орчим ажилтан орон сууцанд орсон. Иймэрхүү байдлаар ажиллах нөхцөл бололцоог нь сайжруулах ажил хийж байна. Камерын систем бий болох юм бол ажилд их дөхөмтэй болно. Санхүүгийн эх үүсвэр байвал цагдаад ажиллах бололцоо маш их байгаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Гэмт хэргийн нөхцөл байдал хүнд байгаа 200 гаруй гэмт хэргээс зургаан төрлийн гэмт хэрэг л нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх асуудал нэмэгдэж байна. 2017 онд 32200 гэмт хэрэг гарч, 37 мянган хүн хохирсон. Үүнээс 4,7 хувь хүүхэд. Ийм үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ? Хүүхэд эмэгтэйчүүдийн гэмт хэргийн мэдээ маш их гарч байна. Бага насны хүүхэд хүчирхийлсэн асуудалд ямар ялын бодлого барих вэ гэдэг дээр Засгийн газар ямар байр суурь барьж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Ерөнхийлөгчөөс бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноох санал ирсэн. Эрүүгийн хууль баталж байхад Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, сайд байсан. Тухайн үед цаазаар авах ялыг халах хэрэгтэй гэж ярьж байсан шүү, Ардчилсан намынхан. Цаазын ялыг сэргээх асуудлыг ажлын хэсэг гаргаж, судалж үзсэн. Бид цаазын ялыг сэргээх олон улсын конвенцид нэгдсэн учраас бид гарах боломжгүй. Хэрэв гарахаар бол энэ конвенцид байдаг бүх орноос зөвшөөрөл авах шаардлага гардаг учраас цаазын ялыг сэргээх боломжгүй. Ерөнхийлөгчид энэ хариуг нь нэг жилийн өмнө өгчихсөн. Ер нь бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг яах ёстой, ялын бодлогыг нь яах ёстой вэ гэдгийг судалж байгаа. Гэхдээ энэ бол нийгэм, эдийн засгийн нөхцөлтэйгөөр гарч байгаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрх, хамгааллын хуулиудыг өнгөрсөн жил баталсан. Статистик тоон үзүүлэлтийг харахад 2016 онд гэхэд гэр бүлийн хүчирхийлэл 11,4 хувиар өссөн нь эцэг, эхийн халамжаас гадуур үр хүүхдүүдийг үлдээж байна. Ихэнхдээ ойр дотны хүмүүсийнхээ хохирогч нь болсон байгаад байгаа юм. Тэгэхээр хуульд бол шаардлагатай заалтууд байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах нөхцөл байдал, таслан зогсоох асуулгын хариуг авлаа. Энэ төрлийг гэмт хэргүүд нийгмийг зовоосон, тулгамдсан асуудал болж байна. Энэ талаар олон нийтийг тайвшруулах, гэрэл гэгээтэй болгох хариулт авч чадсангүй гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын тоо баримт бодит байдалтай харьцуулахад бага байна гэж харж байна. Үүний цаана далд хэлбэрт шилжсэн байж болзошгүй гэж үзэж байгаа. Тиймээс бага хүн амтай, өргөн газар нутагтай, байгалийн баялаг дээр тулгуурлаж хөгжлийн бодлогоо тодорхойлж байгаа энэ үед Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдлын асуудал гэж үзэж байгаа. Тагнуулын байгууллага энэ чиглэлд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй гэж ойлголоо. Тагнуулын байгууллага улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулж, ҮАБЗ-д мэдээлж, бусад чиг үүргээр хангах ёстой.  Цаашид энэ чиглэлээр Тагнуулын байгууллага ажиллаж, мэдээлэл цуглуулж, Засгийн газарт мэдээлэл өгөх чиглэлийг УИХ-аас өгөх хэрэгтэй.

Хүүхдийн хүчирхийлэл, хүний эрхийн асуудлаар Нийтийн сонсгол удахгүй зохион байгуулна. Энэ хүрээнд маш том судалгаатай, тооцоотой мэдээллийг сонсох, цаашид авах арга хэмжээний талаар тодорхой шийдэл гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. 

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсч, гишүүд саналаа хэлсний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж эхэллээ.

13 : 05
2019-5-10

С.Бямбацогт: ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувь гэдэг чамлалттай тоо

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Гадаад харилцааны яамнаас хэд хэдэн Элчин сайд нарыг томилж чадахгүй, оруулж ирэхээрээ хэдэн арваар нь ярих гэж байна. Угтаа бол бид нэг долоо хоногт нэг Элчин сайдын асуудлыг хэлэлцэж баймаар байна. Энэ бол хоёр улсын дипломат харилцааны асуудал шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Үндсэн чиглэлийг бид долоо дахь жилдээ хэлэлцэж байна, миний хувьд. Зүгээр нэг ээлж өнгөрөөж, аргацааж л хэлэлцдэг. Цаашид Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцдэг тодорхой журам баталмаар байна. Үндсэн чиглэл болоод төсвийг үймүүлдэг хүмүүс нь энэ 76 гишүүн. Анх өргөн барьснаар нь бус үймүүлж, өөрчлөөд л баталдаг. Эдийн засаг өсөлттэй байгааг ойлгож байгаа, төсвийн алдагдал багассан, тэнцэл нэмэгдсэн, валютын нөөц нэмэгдсэн. Энэ хуримтлагдсан үзүүлэлтийг 3,2 сая иргэддээ хүртээмжтэй хүргэх вэ гэдгийг л бид зөв хийх ёстой. Эдийн засгийн өсөлт айл өрх бүрийн хаалгаар орохгүй байгааг яаж хүртээмжтэй болгох вэ гэдэг бодлогын бичиг баримтыг бид үндсэн чиглэл батлах, хэлэлцэх, хянаж чадах вэ гэдэг дээр УИХ манлайлах ёстой. УИХ-ын Дэгийн тухай хуульд Үндсэн чиглэл, төсөв зэргийг хэлэлцэх шаардлага бий болсон байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2018 онд том малын зүй бус хорогдол 3 дахин өссөн учраас тухайн онд махны нийлүүлэх хэрэглээ буурсан. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр хөрштэйгөө ярьж байж нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил зуншлага муу байснаас махны нийлүүлэлт муудсан болов уу. Махны экспорт нэмэгдсэн, зүй бус хорогдол, зуншлага муу байсан нь махны үнэ өсөх шалтгаан болсон болов уу гэж бодож байгаа юм. Тиймээс бид цаашид зөв зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Импортын бүтээгдэхүүнээ бид 100 импортоор авдаг учраас буух, өсөхөд нь нөлөөлөх боломжгүй. Юмыг байгаагаар нь хэлээд явах нь зүйтэй болов уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлаж гаргадаг.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030" урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг. Ингэж бодлогын баримт бичгүүд уялдаж явах ёстой. Иймээс уялдаа холбоо нь хэр байна вэ, төлөвлөгөө хэрхэн яаж биелж үр дүн гарч байна вэ. Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэлтэй, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсөвтэйгөө хэрхэн уялдсан байна гэдгийг дүгнэмээр байна. Гэтэл зорилгууд нь хоорондоо уялдсан эсэх, биелсэн эсэх, урт дунд богино хугацаандаа бодлогын баримт бичгүүд уялдаж, хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа уяж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн үү. Эдийн засгийн байнгын хороо үндсэн чиглэлийн биелэлтийг 68 хувьтай гэж дүгнэснээс үзвэл улс орны бодлого төлөвлөлт боломжийн, Засгийн газар ажлаа сайн хийж байгаа юм байна гэж УИХ, ЭЗБХ үзэж байгаа юм шиг байна. Гэтэл бидэнд нэг жилийн хугацаа үлдэж байхад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Байнгын хорооноос С.Бямбацогт гишүүний дүгнэж байгаатай ойролцоо дүгнэлт гаргасан. Үндсэн чиглэлд бодлогын гол асуудлыг тусгаж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулж батлахгүй бол төсөв мөнгөний дутагдлаас шалтгаалан ажлууд хэрэгжихгүй байгаа асуудал байна. Цаашдаа бид эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой уялдуулах асуудалд анхаарах нь маш чухал гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-С.Бямбацогт гишүүн хөгжлийн бодлогын талаар их зөв юм яриад байгаа юм. НҮБ-ын хурлаар хөгжлийн бодлогын асуудалд Монгол Улс ямар чиг шугамтай байна вэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ үүнд онцгой анхаарахгүй бол болохгүй болоод байна. Сонгуульд амласан зүйлсээ хөгжлийн бодлого гэж андууран Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод яваад байгаа нь туйлын буруу. Үндэсний хөгжлийн бодлогын яам гэж зайлшгүй байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай бодлого зангиддаг байх ёстой. УИХ-ын дарга, гишүүд анхаарч хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Үндсэн чиглэлд нийтдээ 136 арга хэмжээ туссан үүнээс 97 ажил буюу 92 хувь нь  "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-тай, 124 буюу 92 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Үндэсний аудитын газрын орлогч дарга н.Оюунбилэг: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байтал 2017 онд Сангийн яам болон бусад яамнаас 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн. Энэ бол уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа тод жишээ. Уялдаа холбооноос гадна агуулгын хувьд арга хэмжээ давхацдаг, хэрэгжих хугацаа хөрөнгө санхүүгээ тооцоо судалгаанд суурилдаггүй, хяналт шинжилгээ хийхгүй байгаа асуудлууд гарсан.

Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Үдээс хойших чуулган 15.00 цагт хуралдах бөгөөд УИХ-ын Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох, түүний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

12 : 28
2019-5-10

Д.Эрдэнэбат: Засгийн газрын үйл ажиллагаанд 32,3 хувийн дүн тавина

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг хувиар тооцох тодорхой аргачлал байдаг. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Засгийн газар өнгөрсөн жил хэр зэрэг ажилласан, төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг биелүүлсэн гэдэгт дүн тавих гэж байна. Сүүлийн үед зарим яам, тамгын газрынхан энэ УИХ-ыг үл хүндэтгэн, ирэхгүй байгаа зүйл байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганы хуралдаанд ч ажиглагдаж байна. Цаашид анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн салбарыг тодорхойлох хэд хэдэн тоон үзүүлэлт байна. Тухайлбал, жижиг зээлийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ 70 хувь гэж байна. ЖДҮХС-ийн асуудал өнгөрсөн жил хүрэх эзэндээ очоогүй, гишүүд холбогдсон асуудал үүссэн. Энэ 70 хувь гэсэн тоог хэн, хаанаас гаргаад ирэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-ЖДҮ-ийг дэмжих зээлийн хүртээмжийн биелэлт 70 хувьтай гарсан. Засгийн газраас 2018 онд гадаадын зах зээл дээрээс бонд авахгүй, арилжааны банкуудаас мөнгө зээлэхгүй, өмнө нь авсан өр зэлүүдийг буцааж төлөх ажил хийсэн. 6,5 их наядын өрийг буцааж төлсөн. Зөвхөн арилжааны банкинд 4 орчим их наяд бөгөөд энэ мөнгө жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл болж очсон. Энэ агуулгаараа 70 хувь гэж үзэж байгаа. Мэдээж ЖДҮХС-ийн зээл олголтод тодорхой алдаа дутагдал гаргаж, үүнийгээ засч залруулах, цаашид сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Үндсэн чиглэлийн биелэлт 60 гаруй хувь биш 32,3 хувьтай байгаа юм. Үндсэн чиглэлийн үр дүнд эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байх тухай л ярих болохоос түүнээс гоё тоо ярих бол биш. Иргэн өлсөхгүй, орон сууцтай, даарахгүй, ажилтай байх хэрэгтэй, энэ нөхцөлийг төр бий болгож өгөх ёстой. Яг бодит амьдрал дээр хүнсний барааны үнэ өссөн. Эрчим хүчний асуудал ирэх жил тэг зогсолт хийхгүй байх баталгаа алга. Ипотекийн зээлийн асуудал зорилтот түвшинд хүрээгүй. 4,8 их наяд төгрөгийг Үндсэн чиглэлийн биелэлтэд зарцуулсан ч ажлын байр нэмэгдээгүй байна. Яагаад эрчим хүчний асуудлаар улстөржиж, хэрэггүй төсөлд санхүүжилт хийдэг вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Эдийн засгийн буруу бодлого явуулахад улс орон хямардаг, ард иргэдийн амьдрал доройтдог гэдгийг 2012-2016 онд би маш сайн мэдэрсэн. Өнөөдөр ноолуур, мах өндөр үнэтэй, малчдын амьжиргаа дээшилж байна, төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн, орон нутагт ажлын байр нэмэгдэж байна. Гэхдээ улсын төсвийн орлого бүх аймаг, суманд нэмэгдэж буйгаас эдийн засгийн идэвхжил ямар байгаа нь харагдах байх. Мэдээж бүх зүйл нэг дор сайхан болно гэж байхгүй ч тодорхой хэмжээнд зорилгуудаа тавиад ажиллаж байгаа.

11 : 36
2019-5-10

Чуулган: Нотариатын танхимын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираахгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор зарим гишүүд саналаа илэрхийллээ.

Хуульд УИХ-ын гишүүн Л.Болдын, Нотариатын танхимын ерөнхийлөгч нь хоёр жилийн хугацаатай томилогдох бөгөөд улираан томилох гэсэн заалтыг нэмэлтээр оруулах байнгын хорооны санал гишүүдийн дунд багагүй маргаан дагуулсан юм. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Нотариатын холбоо нь өөрөө төрийн бус байгууллага. Тиймээс цаашид өмчлөхийг багасгаж, олон хүнд бололцоо олгох зарчмаар явах нь зөв юм. Ер нь бол албыг өгдөг, авдаг зарчим дутагдаад байгаа юм. Төрийн үйлчилгээг үзүүлж буй төрийн бус байгууллага учраас хамгийн зөв хувилбараар нь шийдээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Нотариатын танхим дөрвөн ерөнхийлөгч сольсон. Одоогийн хуулиар дөрвөн жилээр нэг удаа томилогдож, улиран томилогддог. Тиймээс төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын, төрийн гэрчлэх үйлчилгээг үзүүлж байгаа том чиг үүрэгтэй учраас улс төр оруулсан тогтворгүй байдал руу оруулахаас илүү одоогийн заалтаар нь хэвээр үлдээх хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийдэг. Жаахан тогтвортой удирдлагатай байхгүй бол үйлчилгээ нь тогтохгүй. Түүнээс хуулийн сайд таалагдсан хүнээ томилж, таалагдаагүй хүнээ хөөдөг хүн биш. Гол зарчим нь нэг удаа улираан сонгодог заалтыг нь дэмжээд явах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нотариатын байгууллага байгуулагдаад 22 жил болж,16 жилд нь нэг хүн удирдсан байгаа юм. Нэг байгууллагыг нэг хүн олон жил удирдахдаа шинэ зүйл хийгээгүй байгаа юм. Тиймээс залуучуудыг түлхүү гаргаснээр нотариатын байгууллагад шинэчлэл ирнэ. Тиймээс дөрвөн жилээр томилж, улираан томилохгүй байх ёстой гэж санал оруулсан.

Ингээд Нотариатын удирдлагыг хоёр жилээр сонгох саналаа Л.Болд гишүүн татсан учраас дөрвөн жилээр томилогдож, улиран сонгогддоггүй байх заалтыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Тиймээс Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй байх заалтыг дэмжсэн юм.

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна.

10 : 30
2019-5-10

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Тус хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэж байгаад ажлын цаг дууссан учраас хойшлуулсан юм. Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж