Жил бүр болдог “Татвар төлөгчдийн өдрүүд” энэ долоо хоногт тохиож байна. Эдгээр өдрүүдийн хүрээнд татвар төлөгчдөд зөвлөгөө өгч, татварын хууль тогтоомжоо тайлбарлан таниулдаг. Татвар төлөгчдийн сургалтыг томоохон зах худалдааны төвүүд болон ажлын байранд нь очин хийдэг. Татварын ерөнхий газраас ажлын байран дахь сургалтыг 1800-1288 төвд хамгийн олон хандсан байгууллагад очиж хийж байгаа ажээ.
Энэхүү сургалтыг хариуцан явуулж байгаа татвар төлөгчдөд зөвлөгөө өгч, зөвлөн тусладаг “Татварын үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай бид танилцлаа.
Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаар руу иргэд татварын ерөнхий хууль, цахим тайлангийн систем, и-баримттай холбоотой олон асуудлаар ханддаг. Биднийг 13:00 цагийн үед очиход тус төвийн ажилтнууд дор бүрнээ утсаар ярьж, иргэдэд зөвлөгөө өгч байлаа. Иргэдийн дунд татвартай холбоотой олон асуулт цаг тутам тулгарч байдаг болохоор Татварын ерөнхий газраас дуудлага хүлээн авах сувгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Татварын улсын байцаагч Ч.Ням ажлынхаа талаар ингэж ярьлаа. "Манай байцаагч нар өдөрт дунджаар 100-120 дуудлага хүлээж авдаг. Иргэдийн ихэнх нь программ хангамжтай холбоотой санал, гомдол, асуулт тавьдаг. Тухай бүрт бид зөвлөгөө өгдөг. Мөн иргэдээс ирсэн санал, гомдлыг харьяалах татварын албанд хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж, нийтэд мэдээлдэг” гэсэн юм.
Ийн ярьж байтал Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч н.Батжаргал дуудлагаа түүнд шилжүүллээ. Өнөөдөр энд дагалдаж, сургалт авахаар ирсэн байцаагчид хүндхэн дуудлага ирсэн бололтой. Учрыг лавлавал, "2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй бухимдсан иргэн” тун ууртайгаар залгажээ. Улсын байцаагч Ч.Ням түүнийг анхааралтай сонсож дуусаад түүний мэдээллийг шалган нэр данс зөрсөн учраас буцаан олголт нь оролгүй хянагдаж буй төлөвт шилжсэн байгааг тайлбарлаж, зөвлөгөө өгөөд утсаа салгалаа.Үүний дараа, "Манай байцаагчид энэ мэт бухимдсан иргэдэд богино хэмжээний сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үе ч гардаг. Ер нь бол галын шугамын эхний эгнээнд ажилладаг” гэлээ.
Тус төв өнгөрөгч оны жилийн эцсийн байдлаар 1800-1288 дугаарт хандсан 390179 хандалтаас 192714 татвар төлөгчдөд утсаар, 4629 харилцагчид биечлэн зөвлөгөө өгчээ. Мөн tcc@mta.mn цахим шуудангаар ирсэн 61, автомат хариулагчид мэдээлэл үлдээсэн 1038, мэдээлэл сонссон 60609 нийт 231 мянган татвар төлөгчид анхан шатны тусламж үзүүлсэн байна. Эдгээр иргэдээс 56 мянга гаруй нь татварын ерөнхий хууль болон бусад хууль тогтоомж, цахим тайлангийн систем, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт зэрэг асуудлаар хандсан бол, 192 мянга нь НӨАТ-ын тухай хууль, и-баримтын талаар лавлагаа авсан байлаа.
Татварын ерөнхий газраас иргэдэд өргөн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгөхийн тулд программ хангамжаа сайжруулсаар байгаа гэнэ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвийн дарга Д.Ганболд ярихдаа "Бид утсаар зөвлөгөө өгөх төвүүдийн ачааллыг бууруулах зорилгоор 1800-1288 дугаарт НӨАТУС-ийн талаар өдөр бүр ирдэг нийт асуултын 50-60 хувийг эзэлж байгаа нийтлэг таван асуултыг автомат хариулагчид оруулж өгсөн. Иргэдээс ирдэг нийтлэг асуултууд бол "Нууц үг нэвтрэх кодоо мартсан", "И-баримтад шинээр бүртгүүлэх", "Сугалааны тохирлын баталгаажуулалтаа хэрхэн хийх", "Сугалааны баталгаажуулалт хийсэн хонжворын мөнгө дансанд орох хугацаа", "НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт" байдаг. Эдгээр асуултыг автомат хариулагчид өнгөрөгч оны зургадугаар сард шинээр оруулж өгсөн байгаа. Үүний ачаар автомат хариулагчаас 41116 татвар төлөгч мэдээлэл авч, ачааллыг тодорхой хувиар бууруулсан. Мөн үүнээс гадна mta.mn вебсайтад байгаа асуулт хариултын санг шинэчилж, хууль өөрчлөгдсөн, шинэчлэн найруулагдсан болсон зэрэг шалтгааны улмаас одоо хүчингүй болсон асуулт, хариултуудыг цэгцэлж, шинээр хууль эрх зүйн санд 195, системийн тусламжийн санд 23, журам заавар аргачлал маягтын санд 11 нийт 229 асуулт хариултыг санд оруулан баяжуулсан. Үүнээс ТЕГ-ын бодлогын нэгжээс татвар төлөгчдөөс ирүүлсэн хүсэлт, албан бичигт хариу хүргүүлсэн 303 албан бичигт судалгаа хийж, 79 асуулт, хариултыг бүртгэн санг баяжуулан ажилласан" гэв. Татварын алба одоогийн ашиглаж байгаа 20 гаруй програм, 32 алба хэлтэсийн мэдээллийн баазыг "Татварын удирдлагын нэгдсэн систем"-д нэгтгэж байна. Ингэснээр иргэн талдаа ч, татварын алба талдаа ч үйлчилгээ сайжирч, чирэгдэлгүй болно.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ