Израйлийн жүдочдыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Израйлийн жүдочдыг саатуулжээ

Энэ сарын 23-24-ны хооронд Мороккогийн Рабатад болох Жүдо бөхийн Мастерсийн тэмцээнд оролцохоор тус улсыг зорьсон Израйлийн жүдо бөхийн үндсэний шигшээ багийн тамирчдыг хил дээр саатуулжээ. Израйлийн талаас мэдээлж байгаагаар  Мороккогийн хил гаалийн ажилтнууд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн пасспорт баримт бичгийг шалгаж, 8 цаг саатуулсан байна.

Тамирчдын тэмцээнд оролцох замын зардал, аялалын аюулгүй байдлыг хариуцан ажилласан Олон улсын Жүдо бөхийн холбооны ажилтнууд Мороккогийн  хил гаалийн ажилтнуудтай хэлэлцэж, хил дээр саатуулагдсан Израйлийн тамирчдыг суллуулан тэмцээнд оролцох боломжийг нээсэн байна.

Энэ хэргийн талаар Израйлийн жүдо бөхийн холбооны тэргүүн Моше Понти: “Бид гадаад пасспорт,  тус улсад нэвтрэх визтэйгээ байсан. Хил нэвтрэх зөвшөөрлийг хүлээж, нилээд цаг хугацаа барлаа. Чухам ямар шалтгааны улмаас баг тамирчдыг хилээр нэвтрүүлэхийг цааргалж, саатуулсныг мэдэхгүй байна. Магадгүй бид нар Израйльчууд болохоор ингэсэн ч байж мэдэх юм. Гэхдээ бид 36 цагийн адармаатай аялалын дараа ямар ч байсан тэмцээндээ амжилттай оролцоно  гэдэгтээ итгэлтэй байна” гэж Израйлийн мэдээллийн NRG –д өгсөн  мэдээлэлдээ дурьдсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Израйлийн аюулгүй байдлыг хамгаалах Ерөнхий газар Мороккогийн тал тус улсын баг тамирчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх магадлалтай тул тэмцээнд оролцохгүй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгсөн, харин Израйлийн жүдо бөхийн холбоо дэлхийн шилдгүүд цуглан өрсөлдөх тэмцээнд оролцох шийдвэрийг гаргасан гэх  мэдээлэл мөн цацагдаж байна. Израйл улсаас эрэгтэй 3, эмэгтэй 4 тамирчин энэ удаагийн Мастерсийн тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж