“Үхлийн хөндий”-н хөдөлдөг чулуунууд

Хуучирсан мэдээ: 2019.05.10-нд нийтлэгдсэн

“Үхлийн хөндий”-н хөдөлдөг чулуунууд

“Үхлийн хөндий”-н хөдөлдөг чулуунууд

Бид "ТАНИН МЭДЭХҮЙ" булангаараа энэ удаа Калифорнийн “Үхлийн хөндий”-н хөдөлдөг чулуунуудын тухай мэдээллийг хүргэж байна.

Тус хөндийн хатсан нуурын лаг шаварлаг хагарч, дардайсан хөрсөн дээр чулуунууд амь орон байрнаасаа хөдлөн явцгаадаг гэлцдэг. Үнэхээр том том бул чулууд яг л чирүүлсэн мэт мөр үлдээн байрнаасаа хөдөлсөн байдаг аж.

Ойр хавьд чулуунуудыг хөдөлгөх амьтад үгүй. Хичнээн хүчтэй салхи ч хэдэн арав, зуун килограм жинтэй чулууг тэгж хөдөлгөхгүй. Гэвч чулуунууд нэг л мэдэхэд хөдөлсөн байх бөгөөд ардаа зам мөрөө үлдээнэ. Гэхдээ тэдгээр чулуунуудын хөдөлж, нүүж байхыг хэн ч нүдээр үзээгүй байж. Зуу гаруй жил эрдэмтэн судлаачид, жуулчдын анхаарлыг татсан энэ үзэгдлийн учир хожуу тайлагджээ.

Хэргийн эзэд салхи, бороо, мөс байсан аж. Энэ газарт хур тунадас маш бага унадаг, жилд хэдхэн миллиметр бороо орох төдий. Хүйтний улиралд бороо орох үед хэдэн сантиметрийн гүнтэй ус бий болох бөгөөд шөнөдөө дээд хэсгээрээ хөлдөж хонодог. Өглөө нар мандах үед мөс хайлж хагарах бөгөөд том том хэсгүүд болон хуваагддаг байна. Салхилах үед мөсний том хэсгүүд хөдөлж, дунд нь байх чулуунуудыг түлхэж байрнаас нь хөдөлгөнө. Хөрс усанд дэвтэж, шавар болсон байх тул чулуунуудын хөдөлсөн мөр үлддэг байна.

Эрдэмтэд үүнийг олж тогтоохын тулд чулуунуудад GPS суурилуулж, тэднийг хянах камер байрлуулан, бүтэн гурван сарын турш ажиглаж, учрыг тайлжээ. Ямартаа ч харь гаригийнхан, дэлхийн соронзон орон, хүчтэй хуй салхи, нууцлаг амьтад чулуунуудыг чирч, түлхээгүй нь тодорхой болсон байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж